Хөдөлмөрийн насны иргэд нь цалингаасаа шимтгэл төлж, түүнийг нь ахмадуудад тэтгэвэр болгон өгдөг энэхүү тогтолцоог эв хамтын тогтолцоо гэж нэрлэдэг.
Одоогийн байдлаар ажил хийж нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 10 даатгуулагчид дөрвөн тэтгэвэр авагч ногдож байгаа гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, арван хүний төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг дөрвөн хүнд тэтгэвэр болгон өгдөг гэсэн үг. Эв хамтын хэмээх гоё нэртэй энэ тогтолцоо гологдоод удаж байна. Саяхан үүн дээр нэмээд цалингаас гаднах бүх орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авна гэсэн мэдээлэл гарсан нь гал дээр тос асгасан явдал болов. “Гар утас, байраа зарсан ч тухайн орлогоос нь шимтгэл авах заалт УИХ-д өргөн бариад буй Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд бий” гэсэн мэдээлэл олон нийтийг бухимдуулав. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас үүнийг үгүйсгэсэн юм. Хуулийн төсөлд дараах орлогуудаас л шимтгэл авахаар тусгажээ.
19 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүн:
19.1. Даатгуулагч, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнд дараах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хамааруулна:
19.1.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.5, 101 дүгээр зүйлийн 101.1, 111-117 дугаар зүйлд тус тус заасан цалин хөлс, олговор;
19.1.2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх, мөн хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс;
19.1.3. Ажил олгогчоос даатгуулагчид мөнгөн хэлбэрээр олгосон унаа, хоол, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, орон сууцны ашиглалтын төлбөр, бүсийн болон хээрийн нэмэгдэл, тэдгээртэй адилтгах бусад орлого, сар, улирал, жилийн ажлын үр дүнг харгалзан олгосон шагнал, урамшуулал;
19.1.4. Үндсэн ажлаас бусад хуулийн этгээд, хүнээс олгосон энэ зүйлийн 19.1.1, 19.1.2-т заасан цалин хөлс, олговор;
19.1.5. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасан цалин хөлс;
19.1.6. Бүх шатны сонгуулийн хороонд ажилласан ажилтанд олгосон урамшуулал;
19.1.7. Сайн дураар даатгуулагчийн өөрөө мэдүүлж, гэрээгээр тохирсон орлого.
Гар утас, байраа зарж олсон орлогоос шимтгэл авахгүй гэдэг нь сайн ч цалин түүнтэй адилтгах орлогоос авч байгаа одоогийн шимтгэл хэтэрхий өндөр байгаа. Ажилтан цалингаасаа сар бүр 12.5 хувийн шимтгэл төлж байгаа бол ажил олгогч олгосон цалингийнхаа 13.5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг нийгмийн даатгалд төлдөг. Ажил олгогч аж ахуйн нэгж хүнийг ажлын байраар хангаж цалинжуулсныхаа төлөө нэмээд нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэдэг шударга бус мэт. Хамгийн энгийнээр тайлбарлахад хүнд мөнгө өгснийхөө төлөө нэмээд улсдаа мөнгө төлдөг гэсэн үг. Ажил олгогч аж ахуйн нэгжүүд зөвхөн энэ мөнгийг төлөөд зогсохгүй бусад бүх татвараа төлж байгаа. Энэ шударга бус тогтолцоонд шахуулсан аж ахуйн нэгжүүд, ажилтантайгаа тохиролцож үндсэн цалингаа багаар тооцож, татвараас гадуурх урамшуулал цалингаа нэмж тооцдог. Шударга бусын эсрэг шударга бусаар тэмцэж нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтыг бууруулах арга хэрэглэж байгаа нь энэ. Нийгмийн даатгал төлснийхөө ач тусыг бүрэн хүртэж чаддаггүй ажилчдын хувьд ч энэ нь ашигтай. Төрд төлөх мөнгө нь багасаж, гар дээр ирэх мөнгө нь нэмэгдэнэ гэсэн үг. Яагаад энэ хувилбарыг сонгоод байна вэ гэхээр, хэзээ үр ашгийг нь хүртэхээ мэдэхгүй шимтгэл төлж байхаар ахиухан цалин авсан нь дээр гэж үзэж буй хэрэг. Учир нь, тэтгэвэр тогтоолгох шалгуур нэмэгдсээр л байгаагаас гадна тэтгэвэрт гарлаа ч 20-30 жил ажиллахдаа төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ бүгдийг нь тэтгэвэр болгон авч чаддаггүй. Өндөр настны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тогтоолгох хуулийн зохицуулалттай. Гэхдээ энэ насанд хүрсэн хүн болгон тэтгэвэр тогтоолгох боломжтой гэсэн үг бас биш. Тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй эрэгтэй 60, эмэгтэй 55 настай хүн хамгийн багадаа 20 жилийн хугацаанд нийгмийн даатгал төлсөн байхыг шаарддаг байлаа.

Гэвч энэ хугацааг 2018 оноос өөрчилж, жил тутамд гурван сарыг нэмсээр 2037 оноос 25 жил нийгмийн даатгал төлсөн байхыг шаардахаар болсон. Тухайлбал, энэ онд тэтгэвэрт гарах хүн хамгийн багадаа 21 жил, зургаан сар, 2024 онд тэтгэвэрт гарах бол 21 жил есөн сарын хугацаанд нийгмийн даатгалын төлсөн байх шаардлагатай.
Хамгаас чухал хамтын тэтгэвэр
Ийнхүү тэтгэвэрт гарахын тулд нийгмийн даатгал төлсөн хугацааны шаардлагыг хангахаас гадна одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар 2042 онд эрэгтэй, 2067 онд эмэгтэй хүний өндөр насны тэтгэвэрт гарах насыг тус бүр 65 хүргэхээр тусгасан. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй 65 хүрч, 25 жил нийгмийн даатгал төлсөн байх шаардлагыг хангаж байж тэтгэвэрт гарах хүмүүс бол одоо ид хөдөлмөрлөж буй залуучууд. Энэ хүмүүс нийгмийн даатгалын шимтгэлээ бүтнээр нь тэтгэвэр болгон авах боломж хомс.
Манай улсын хүн амын дундаж наслалт 71. Үүн дотроо эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67, эмэгтэйчүүдийнх 76. 60 насандаа тэтгэвэрт гардаг эрэгтэйчүүд дунджаар долоон жил тэтгэвэр авдаг гэсэн үг. Мөн Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар эрэгтэйчүүдийн цалин эмэгтэйчүүдийнхээс дунджаар 250 мянган төгрөгөөр илүү. Өөрөөр хэлбэл, эрчүүд нийгмийн даатгалын шимтгэл илүү төлдөг ч тэтгэвэрт гарах нас, дундаж наслалтаар нь тооцвол илүү төлсөн шигээ ахиу тэтгэвэр авч чаддаггүй байна. Энэ бүхнийг тооцоолон АН 2012-2016 онд засгийн эрхийг барьж байхдаа Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталж байлаа. Гэрлэлтээ батлуулж, сүүлийн 15 жил хамтдаа амьдарсан тэтгэвэр авагч эхнэр, нөхрийн аль нэг нь бурхан болсон тохиолдолд гэр бүлийн хүнд тэтгэврийнх нь 20-иос доошгүй хувийг олгож байх зохицуулалттай байсан юм. Гэвч 2016 оны сонгуулийн дараа Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон. Яагаад хүчингүй болгож байгааг тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн тайлбарлахдаа “Монголчууд сүсэг бишрэлтэй ард түмэн. Талийгаач болсон эхнэр, нөхрийнхөө нэрийн өмнөөс энэ тэтгэврийг авмааргүй байна гэсэн ахмадуудын санал Сангийн яаманд их ирж байгаа учраас хүчингүй болгохоор шийдвэрлэсэн” гэсэн юм. Ийнхүү ар гэрийнхэнд нь тэтгэвэр тэтгэмж нь өвлөгддөг олон улсад бий болсон тогтолцоо манайд нутагшаагүй.
Тэтгэвэр өвлөгддөггүй, өр өвлөгддөг
Хамтын тэтгэврийн тухай хууль хэрэгжиж эхлээгүй байхдаа хүчингүй болсноор тэтгэвэр өвлөгдөх нь талаар болсон. Харин өр бол өвлөгдөж үлдсэн хэвээр. Талийгаач аав ээжийнхээ тэтгэврийн зээлийг төлдөг хүн олон. Энэ байдаг л зүйл мэт болоод удаж байна. Үүнийг өөрчилж, талийгаачийн зээлийг төрөөс хаадаг болох хуулийн төслийг Ц.Туваан тэргүүтэй УИХ-ын гишүүд өргөн бариад буй. Тэтгэврийн зээлээс гадна эмчилгээний өр төлбөр нь хүүхдүүдэд нь үлдэж, бүр шүүхэд дуудагдсан тохиолдол ч байна. Хөхний хорт хавдраа нэгэн томоохон хувийн эмнэлэгт эмчлүүлэх хугацаандаа нас барсан тэтгэвэр авагч эмэгтэйн хүүхдүүд шүүхэд дуудагджээ. Учир нь, тус эмнэлэг ээжийнх нь эмчилгээний төлбөрийг хүүхдүүдээр нь төлүүлэхээр шүүхэд хандсан байна. Хувийн эмнэлэг эмчилгээний төлбөрөө нэхэх нь зүй ёсных юм шиг боловч манай улсын эрүүл мэнд, нийгмийн даатгалын тогтолцоо ямар хэмжээнд байгааг илэрхийлж байгаа юм.

Бурхан болсон ахмадуудынхаа өр зээлийг тэглэдэггүй юм гэхэд улсаасаа хамгийн сүүлд авдаг тэтгэмж буюу оршуулгын зардлыг нь нэмэх хэрэгтэй гэсэн шүүмжлэл их өрнөдөг байлаа. Улмаар сая төгрөг байсан оршуулгын зардлыг энэ оноос эхлэн хоёр сая төгрөг болгосон. Оршуулгын зардлыг хоёр дахин нэмэгдүүлж хоёр сая болгосон ч энэ бол оршуулгын зардлын хаана нь ч хүрэхгүй мөнгө. Оршуулгын дундаж зардал 20 сая төгрөг хүрдэг гэсэн судалгааны дүн бий. Бас нэг асуудал нь улсад гурван жил ажилласан ч бай, 30 жил ажилласан ч бай ялгаагүй хоёр сая төгрөг өгдөг. Энэ бол Монголын төр иргэдээ хэрхэн шударга бусаар үнэлж байгаагийн нэг хэлбэр.
Нийгмийн даатгалаа хуулийн дагуу шударгаар төлөөд ч үр шимийг нь буцааж хүртэх тогтолцоо нь ийм шударга бус байгаа учраас эв хамтын хэмээх гоё нэртэй энэхүү тогтолцоо гологдоод байгаа юм. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг манай дарга нар арвижуулах нэрээр арилжааны банкинд хүүтэй хадгалаад эрсдэлд оруулсан жишээ олон. Төрдөө итгээд төлсөн мөнгөөр нь дарга нар нь гараа угаачихдаг, хадгалж байлаа ч үр дүнг нь хэзээ хүртэх нь тодорхойгүй учраас залуучууд нийгмийн даатгал төлөхийн оронд өөрсдөө банкинд хүүтэй хадгалсан нь дээр гэх болсон. Нийгмийн сэтгэл зүй ийм байгаагаас гадна жилээс жил ирэх тусам тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэж байгаа. Одоо тэтгэврийн насны хүн нийт хүн амын 9.85 хувийг эзэлж байгаа бол 2030 онд 13.37, 2050 онд 19.42 хувьд хүрэх тооцоолол гарсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлсэн. 2025 оноос хүн ам зүйн цонх үе хаагдаж, дундаж наслалт нэмэгдсэнээр нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсөж 2030 онд 10 даатгуулагчид долоо, 2050 оноос есөн тэтгэвэр авагч ногдохоор байгаа юм. Товчхондоо, ажил хийж буй хүмүүс, ажил олгогчид нийгмийн даатгал төлөхөөс залхаж, татгалзаж байгаа бол нөгөө талд нь тэтгэвэр авах хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Энэ тохиолдолд төр иргэд, аж ахуйн нэгжээ татвараар яаж ч шахсан Нийгмийн даатгалын сангийнхаа алдагдлыг нөхөж барахгүй. Эв хамтын тогтолцоо эвгүйтэж эхэлсэн нь энэ. Тиймээс зайлшгүй тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийхийг амьдрал шаардаж байна. Н.Учрал гишүүний өргөн барьсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл, Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл үүнийг шийдвэрлэж чадах уу.