Сүүлийн өдрүүдэд олон жилийн өмнөөс дүр нь тодорсон хэмээн үе үе шуугисаар ирсэн Х Богдын гэгээн дүр ил болсон тухай мэдээлэл олны анхаарлыг татав. Өмнө нь "УИХ-ын дарга асан М.Энхболдын ач хүү Х Богдоор тодорч гэнэ" гэдгээс эхлээд олон мэдээлэл гарч байсан ч тэр дороо үгүйсгэгддэг байв. Харин энэ удаад УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннарын хүү Х Богдоор тодорхой тухай мэдээлэл гарлаа. Үүнийг хэн ч үгүйсгэсэнгүй. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд удахгүй албан ёсоор мэдээлэл өгөхөө мэдэгдсэн. Ямартай ч Х Богд Монголд төрсөн нь тодорхой болж байгаа бололтой.

IX Богд бие нь чилээрхүү болж жанч халахаасаа гурван жилийн өмнө буюу 2010 онд манай улсад урилгаар ирж Монгол Улсын иргэн болсон юм. Тэрээр дахин хувилахдаа Монголд төрнө гэж амласан гэдэг. Мөн Далай лам түүний “Хаана ахин төрөх вэ” гэсэн асуултад нь “Монгол төрөөрэй гэж захисан” гэдгээ хэлж байлаа. Богдыг жанч халснаас хойш гурван жилийн дотор дараагийн дүрийг нь тодруулдаг уламжлалтай. Үүний дагуу Далай лам 2016 онд Монголд айлчилсан. Далай лам буцахаасаа өмнө Их тэнгэрт сэтгүүлчидтэй уулзахдаа “X Богд Монголд мэндэлсэн. Гэхдээ одоо нялх байгаа учраас энэ талаар ярихад эрт байна. 2-3 жилийн дараа 4-5 нас хүрэх үед нь олонд зарлаж, сэнтийд нь зална” хэмээн хариулж байв.

Далай ламын энэхүү айлчлал Монгол Улс, БНХАУ-ын харилцаанд сөргөөр нөлөөлж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус улсын Ерөнхий сайдад захидал бичиж, энэхүү үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлж байлаа. Ерөнхий сайдын захидал бүрэн эхээрээ олон нийтэд ил болоогүй ч БНХАУ-д илгээсэн захидлын талаар тухайн үеийн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар дараах байр суурийг илэрхийлж байв.

Ц.Мөнх-Оргил: -Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг Монгол Улсад дахин айлчлуулахгүй гэсэн байр суурьтай байгаа. X Богдыг тодруулахад Далай лам оролцох уу, үгүй юү гэдэг асуулт бий. Засгийн газар энэ асуудалд оролцохгүй. Энэ бол шашны асуудал. Миний илэрхийлж буй байр суурь бол Засгийн газрын байр суурь.

Д.Хаянхярваа: -Монгол Улсын Ерөнхий сайдаас БНХАУ-ын Ерөнхий сайдад илгээсэн захидлыг хүргэж өгсөн. Захидлын гол агуулга нь хоёр орны харилцааг ойрын хугацаанд хэрхэн сайжруулж болох вэ гэдэг асуудлыг хөндөж гурван үндсэн зарчмыг томъёолсон. Тухайлбал, “Монгол Улс “Нэг Хятад” бодлогыг тууштай дэмждэг. Манай улсад шашин төрийн асуудал тусдаа. Далай лам нь шашны байгууллагын шугамаар Монгол Улсад ирсэн. Хэдийгээр Монголын төр засгаас уриагүй боловч бид цаашдаа Далай ламын манай улсад айлчлах асуудалд анхаарлаа хандуулж тодорхой арга хэмжээ авч ажиллана. Мөн Х Богдыг тодруулах болон сургаж бэлтгэхдээ гаднын ямар нэг шашны нөлөөлөл оруулахгүйгээр Монгол Улсын шашны хутагт хувилгаад өөрсдөө тодруулж эх нутагт нь сургана. Монголын тал Далай ламыг эх орондоо хүлээж авсан тал дээр харамсч байна” гэсэн утгыг захидалдаа илэрхийлсэн.

Мөн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Н.Оюундарь нар бага насны хүүхдийг шашны байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулахыг хориглосон агуулгатай хуулийн төсөл боловсруулж өргөн барьж байлаа. Бага насны хүүхдийг хутагт, хувилгаанаар тодруулан шашны байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулж ирээдүйн хувь заяаг нь шууд шийдэх нь буруу гэж тэд үзсэн юм. Хуулийн төслийн бас нэг агуулга нь шашны байгууллагын үйл ажиллагаанд төр хяналт тавих боломжийг бүрдүүлсэн явдал байлаа.