Урианхайн алдарт туульч Жилхэрийн удмын ес дэх үеийн туульч, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Балдандоржтой тууль хайлах ёс болон энэ аугаа өв соёлын үүх түүх, утга агуулгын талаар ярилцлаа. Тэрээр өөрийн аав Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдээс тууль хайлах уламжлалыг өвлөж авсан өв тээгч юм.
Монгол туулийн үүх түүх, үүсэл гарвалын талаар ярилцлагаа эхэлмээр байна. Мөн Туулийн баатрууд нь цөм тэнгэр язгууртай, баатарлаг, гавьяатнууд байдаг нь сонирхол татдаг юм. Та энэ талаар мөн дэлгэрүүлэхгүй юу?
Монгол тууль нэн эртний түүхтэй. Судлаачид Хүннү аймгийн задралын үеэс эхтэй ч гэж үздэг. Учир нь туульд, тэр тусмаа Урианхайн баатарлаг туулиудад газар нутгийн дайн, эд хогшлын төлөөх тэмцэл болон тухайн нутаг орныг амар, амгалан байлгах тухай агуулга цөм багтдаг. Тэгэхээр хүн сүргийнхээ дотор илүү баатарлаг байж, улсаа захирч, газар нутгаа тэлж, илүү олон мал сүрэг, алба иргэд цуглуулж чадсан гайхамшигтай удирдагч, баатруудыг мөнхлөхийн тулд тууль гэгчийг бий болгосон байж болзошгүй гэх таамаг бий. Монголын нууц товчоо ч тууль хэлбэрээр бичигдэж үлдсэн байдаг шүү дээ. Тэгэхээр өвөг, дээдсийн баатарлаг гавьяа, тулааныг тууль хэлбэрээр тэмдэглэж үлдээдэг байсан гэх гаргалгаа бий. Түүнчлэн монголчууд эрт дээр үеэс тэнгэр шүтээнтэй байж ирсэн. Тэр утгаараа туулийг тухайн баатар, сайрын сүлд, сүнсийг дуудаж, улс эх орноо амар амгалан, өвчин, зовлонгүй байлгах гэж хайлдаг уламжлалтай.
Баатар, сайрын сүлд, сүнсийг дуудаж, улс эх орноо амар амгалан, өвчин, зовлонгүй байлгах гэж тууль хайлдаг тухай та өгүүллээ. Гэтэл монгол туулийг ардын аман билгийн нэн эртний онцгой төрөл гэж үздэг шүү дээ. Тэгэхээр тууль шашин юм уу, урлагийн нэг төрөл зүйл үү?
Үүнийг тайлах их амархан. Баатрынхаа гавьяаг мөнхөлж,онгод тэнгэрийг нь дуудаж, туулиа хайлдаг нь зан үйл. Харин түүнийг уран сайхнаар дүрсэлж, дамжуулан хайлж байгаа нь урлаг гэж ойлгож болно. Туйлд аман зан үйлийн бүхий л төрлүүд багтдаг. Магтаал, ерөөл, зүйр цэцэн үг, үлгэр, сургамж гээд байхгүй юм үгүй. Энэ талаас нь харах нь юм бол яах аргагүй урлагийн нэг төрөл зүйл мөн. Тэгэхээр бидний өвөг дээдэс зан үйлээ ч үйлддэг байж. Түүнийгээ үзэж, сонсож, баясаж, жаргадаг ч байж. Өөрөөр хэлбэл, тууль гэдэг давхар, давхар маш олон агуулга шингээсэн үйл юм.
Та Жилхэрийн удмын ес дэх үеийн туульч байх аа. Энэ тухайгаа дэлгэрүүлбэл?
Миний өвөг дээдэс бол Занын Жилхэр гэдэг туульчаас эхэлдэг. 1800 оны эхээр төрөөд, 1910 хэдэн оны сүүлээр нас барсан хүн. Гэхдээ тэр хүмүүнээс өмнө ч манай ураг удмынхан тууль хайлдаг байсан байх магадлалтай. ОХУ-ын нэгэн эрдэмтэн Монголын баруун хязгаараар явж, хээрийн судалгаа, шинжилгээ хийх үеэрээ Баруун урианхай, баруун амбаны их туульч Заны Жилхгэр гэж хүнтэй уулзсан тухайгаа тэмдэглэсэн байдаг. Тус тэмдэглэлд Жилхгэр туульч “Надаас өмнө миний өвөг дээдэс, дээдсийн дээдэс ч туульчид байсан” хэмээн бичүүлж үлдээсэн байдаг. Бид Заны Жилхгэр гэж туульчаас хойш л тоолоод, одоо над дээр ес дэх үе нь явж байгаа гэж ойлгоод байгаа. Гэтэл есөөр тогтохгүй үе байхыг ч үгүйсгэхгүй. Харамсалтай нь түүнээс өмнөхийг тайлж мэдэхгүй юм. Ямартай ч Заны Жилхгэр гэж туйлчаас хойш эцгээс хүүд гэх зарчмаар өвлөгдсөөр одоо ес дэх үе дээрээ явж байна.
Таны аав Б.Авирмэд Монголын анхны Төрийн соёрхолт туульч шүү дээ. Тууль хайлах арга ухаанаа ааваасаа өвлөсөн тухайгаа ч та сая өгүүллээ. Аавынхаа тухай дурсвал?
Миний аав бол Монгол Улсын Төрийн соёрхолт туульч Баатарын Авирмэд. Анх удаа ардын авьяастнуудаас төрийн соёрхол хүртсэн хүн байгаа юм. Мэдээж ааваасаа үлгэрлэж, тууль хайлж сурсан. Бүр 5-6 настайгаасаа эхлээд л аавыгаа дагаж, тууль хайлахыг нь сонсож өссөн. Айлууд аавыг урьж тууль хайлуулна. Би дагаж яваад, өвдгийг нь дэрлээд л унтахдаа унтаж, сонсохдоо сонсож өссөн дөө. Тэгэхээр мэдээ орсон цагаасаа л тууль сонсож өссөн байж таарна. Энэ янзаараа 18, 19 нас хүртлээ аавыгаа дагасан. Ингэсээр аавынхаа хайлдаг бүх туулийг сурсан. Улмаар 25 настайгаасаа ганцаар тууль хайлж эхлээд, өдий хүрлээ.
Хүмүүс аавыг нь залаад, тууль хайлуулдаг байсан тухай өгүүллээ. Тэр үеийн сонсогчид, өнөөгийнхөөс мэдээж тэс эрс өөр байсан байх даа?
Дээхэн үеийн хүмүүс зан заншлаа мэддэг, өв соёлоо хайрладаг байж. Мөн одоогийнх шиг зав зай, завсан чөлөөгүй ажилладаг ч үе байсангүй. Үзэж, сонсох юм ч өнөөгийнх шиг элбэг байгаагүй. Тийм учир хүмүүс туулийг тун сайхан шимтэн, сонсдог байжээ. Аавыг тууль хайлахын өмнө алдарт туйлч Авирмэд гуай тууль хайлах гэж байна гэдэг зар нутаг, хошуугаар нэг түгнэ. Тэгэхээр хот айлынхан цөм цуглараад, туулиа хайлуулж, найрладаг байлаа. Харин одоо цагт нийгмийн хөгжлийн хурдаа дагаад, хүн зон чөлөө, сөхөөгүй л хөдөлмөрлөдөг болсон байна. Үүний уршгаар нэг шөнө тууль хайлж буй хүнийг сонсоод суухын оронд өөрийгөө хөгжүүлж, сурч мэдэхийг эрмэлздэг болжээ.
Нэг үе туулийн талаар сонирхдог, тууль сонсдог хүн нэн ховордсон шиг санагддаг байсан юм. Харин сүүлийн жилүүдэд хүмүүсийн ойлголт арай зүгширч, сонирхох, сонсох нь нэмэгдэж байх шиг анзаарагдсан?
Ер нь тууль сонсогчгүй болж, мартагдах устахын аюулд хүрч ирсэн соёл. Гэхдээ таны хэлсэнчлэн, сүүлийн жилүүдэд тууль сонсох хүн нь арай элбэгшиж, өвөг дээдсийн маань бүтээсэн оюуны аугаа өв гэдгийг ойлгох хүн арай олширсон.
Үүнд юу нөлөөлөв?
Богд хааны ордон музей, Соёлын яамтай хамтраад 2017 оноос “Хаан туульсын өргөө”-г байгуулан ажиллаж байна. Монгол туулийг түгээн дэлгэрүүлэх, ард олонд мэдлэг ойлголт олгох зорилгоор тэндээ жил бүхэн 3-5 тууль үнэ төлбөргүй хайлдаг юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 онд Монгол Баатарлаг туулийг дээдлэн дэлгэрүүлэх зорилгоор Монгол төрт ёсны арга хэмжээнд, өвлийн эхэн, дунд, адаг сард гурван удаа тууль хайлж байх зарлиг гаргасан. Тус зарлигийн хүрээнд төрийн туульчаар МУСГЗ Э.Баатаржав бид хоёрыг сонгоод, жил бүхэн гурван тууль хайлуулдаг болсон. Үүнийг өв соёл сэргэж буйн нэг илрэл гэж би харж байгаа.
Таны хувьд, Жирхэрийн удмын есөн үеийн туйлчаас гадна Монгол төрийн их туйлч байх нь. Тэгэхээр энэ өв соёлыг өвлүүлэн, таниулах чухал үүрэг яах аргагүй л нуруун дээр нь байдаг шиг санагдлаа?
Өөрийн мэддэг хэдэн туулийг аваад үхчихгүй шиг, Улсын сан хөмрөгт, соронзон хальсанд буулгаад үлдээчихье гэсэн зорилгоор сүүлийн 5-10 жил тууль хайлж байна. Харин ирэх жилээс шавь сургалт зохион байгуулах тал дээр анхаарч ажиллана. Залгамжаа бэлдэхгүй бол биднийг унаад өгөхөөр энэ өв соёл бидэнтэй хамт алга болчихно шүү дээ.

Залгамж бэлдэх гэснээс хүүхэд багачууд хэр сонирхдог вэ. Тууль сонирхох багачууд цөөхөн байдаг болов уу гэж бодогдлоо?
Уг нь шавь бэлтгэх гэж их л үздэг. Гэвч нийгмийн хурд, хөгжлөө дагаад хүүхдүүд тууль заалгаад суухын оронд өөр орон зай, өөр зүйлийг чухалчилдаг болжээ. Үүнд хүүхдүүдийг буруутгах аргагүй. Цаг үе нь ийм учир яах аргагүй шүү дээ. Одоогоор тууль сурах чин сэтгэл, гүн зүтгэлтэй хүүхдийг эрж хайж байна.
Жирхэрийн удмын 10 дахь үеийн туульчийг мэдээж бэлтгэж байгаа байх?
Би ганц хүүтэй. Хүү маань сургуулийн сурагч. Энэ жил оюутан болно. Миний хүү тууль хайлдаг ч тухтай сууж, хичээллэж амжихгүй л байна. Хариуцлагыг нь хэлж, их л захидаг юм. Өвгөдөөс уламжилж ирсэн энэ зүйлийг заавал түгээн дэлгэрүүлэх учиртай гэдгийг ойлгуулах гэж мэрийдэг.
Таны ярианаас нэг эмзэглэл төрлөө л дөө. Тууль гэх өв соёл устах, үгүй болох эрсдэл ойрхон байх шиг?
Гарцаагүй үнэн. Одоо Монголд тууль хайлж байгаа хүн гарын таван хуруунд л багтана. Заяатай юм заяагаараа болдог гэж үг бий. Тэгэхээр энэ цаг үе хүрээд энэ өв соёл тасрах заяа, зарлигтай бол түүгээрээ болохыг үгүйсгэхгүй. Дэлгэрээд, үргэлжлээд явах учиртай бол түүгээрээ явах л учиртай.
Тууль хайлж байгаа хүн цөөхөн байдаг гэлээ. Ер нь яг ямар хэмжүүрээр туйлч гэх эрхэм нэрээр цоллох боломжтой байдаг юм бэ. Дээл, хөгжим зэхээд, цээжилсэн шүлгээ хүүрнэсэн бүрийг туульч гэхгүй л байх л даа?
Тэгэлгүй яах вэ. Хамгийн багадаа таваас дээш тууль хайлдаг хүнийг туульч хүн гэж нэрлэж болохуйц. Нэг тууль 5-10 мянган мөр шүлэгтэй. Тэгэхээр багадаа 50 мянган мөр шүлэг цээлжилснээр туульч болох гээд байна аа даа. Үүнээс гадна тууль хайлна гэдэг тусдаа зан үйл гүйцэтгэдэг. Орон зайгаа мэдэрдэг байх хэрэгтэй гээд маш их нарийн учир, жаяг бий.
Та хэчнээн туулийг өвлөн, тээж яваа вэ?
Надад Монгол Улсын соёлын архивт бүтнээр нь хайлж бичүүлсэн 15 тууль бий. Хайлж, бичүүлээгүй 7-8 тууль бий.
Цагаан сарын баяртай холбоотой нэг асуулт асууя. Битүүний өдөр хайлдаг тусгай билэг ерөөлтэй тууль байдаг гэж сонссон. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
Ирэх жилдээ монгол түмэн минь сааршгүй савтай, бууршгүй буянтай, өвчин зовлонгүй байх болтугай гэх бэлгэдлээр хайлдаг цагаан туулиуд гэж бий. Тэр цагаан туулиудыг битүүний өдөр хайлдаг.
Аль нутгийн түмэн өв соёлоо илүү авч үлдэж, өвлүүлэн уламжлуулж чадаж байх шиг танд анзаарагддаг вэ?
Би Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, урианхай хүн. Миний анзаарснаар, өв соёлоо түлхүү авч хоцорсон ард түмэн Монголын баруун хязгаарынхан шиг санагддаг. Монголчууд 200 гаруй жил Манжийн дарлалд байлаа шүү дээ. Тухайн үед их гүрний бодлогоор өв соёлыг нь мартуулах, маш их ажил зохион байгуулж байсан талаар түүхэн сурвалжид өгүүлсэн байдаг. Гэхдээ баруун хязгаарт том гүрний бодлого арай бага хүрдэг байсан болов уу гэж би боддог. Тэр сүрлэг уул хад, сардигтай баруун хязгаарт бодлого, шийдвэрээ хүргэж, гүйцэлдүүлэх амаргүй байсан болов уу гэж санадаг юм. Гэхдээ энэ зөвхөн миний л бодол.
Ярилцлагаа энэ хүрээд өндөрлөе. Сүүлийн асуулт. Туулийг таньж мэдэх, цаашлаад таниулан сурталчлах зайлшгүй шалтгааныг нэрлээч гэвэл та юу өгүүлэх бол?
Монголчууд бид дэлхийн хаана ч байхгүй аугаа их өв, соёлтой ард түмэн. Энэ өвийг бидний дараагийн үе болох залуучууд маш сайн ойлгоосой, таниасай гэж хүсдэг. Мөн ямар хүн болж хүмүүжих, цаашид ямар хүн болж амьдрах нь Монголын аман зохиолын өв соёл дунд цөм бий шүү. Тиймээс судлаасай, суралцаасай гэж хэлэх байна. Ер нь монголчууд дэлхийд өв соёлоороо л гангарна.