Цагаан сарын баярын ач холбогдол, өв уламжлалын талаар МУБИС-ийн Түүхийн тэнхмийн дэд профессор, түүхийн ухааны доктор На.Сүхбаатартай ярилцлаа.
Монголчууд Цагаан сарын баярыг хэдий үеэс тэмдэглэж эхэлсэн талаар яриагаа эхэлье. Түүхэн эх сурвалжид энэ тухай юу гэж өгүүлсэн байдаг вэ?
Цагаан сарын баярыг хэзээнээс тэмдэглэж ирсэн талаар эрдэмтэд судалж, өөрсдийн саналыг хэлсэн байдаг. Судлаачид түүхэн эх сурвалжаас шүүрдэж олсон мэдээ болон монголчуудын дунд үлдсэн хэв заншил, зан үйлд тулгуурлан Цагаан сарыг намар тэмдэглэж байсан гэж үздэг. Улмаар 1206 оноос буюу Их монгол улс байгуулагдсан бар жилээс эхлэн хаврын эхэн сард тэмдэглэдэг болсон гэх нэгдсэн саналд хүрсэн байдаг. Магадгүй үүнээс өмнө ч Цагаан сарын баяр хавар болдог байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ албан ёсны сурвалж бичгийн мэдээ сэлт байхгүй учир баттай гэж хэлэхэд бэрх. Марко Поло Хубилай хааны ордонд болж буй Цагаан сарын баярын талаар тэмдэглэн үлдээсэн нь бидэнд байгаа хамгийн баттай, түүхэн баримт юм. Уг тэмдэглэлд, монголчууд баярын өдрөө цагаан хувцас өмсөөд, цагаан идээ бэлтгэж, бие биедээ бэлэг сэлт өгч байгаа талаар өгүүлсэн байдаг. Мөн 1247-1248 онд монгол нутгаар зорчсон Жан Дэхүй “Давааны араар зорчсон тэмдэглэл”-дээ Цагаан сарын талаар бичиж үлдээсэн байдаг. Тухайн үед Монгол улс Алтан улсыг бүрэн эзэлж, газар нутаг, хүн ардыг нь ноёд язгууртнууд хуваан эзэмшиж байж. Хувилай ван өөрийн эзэмшлээс Жан Дэхүйг дуудан ирүүлсэн байдаг. Тэрээр вангийн ордонд намар ирээд, зун буцсан бөгөөд эл 10 сарын хугацаанд тэмдэглэл бичиж үлдээсэн байдаг. Түүний тэмдэглэлд “Битүүний өдөр хүмүүс хуран цугларч, гэр цацар барьж, шинийн нэгэнд өв тэгш хурим хийж байна. Хүн бүхэн цагаан өнгийн хувцас өмсөж. Энэ ёслол шинийн гурван хүртэл өрнөөд, шинийн 15-нд тал тал тийш нүүн одож байна” хэмээн бичжээ. Үүнээс 1240-өөд онд хаврын эхэн сард Цагаан сарыг тэмдэглэж байсан нь харагдаж байна.
Түүхийн урт хугацаанд гээгдэлгүй тэсэж үлдсэн үндэсний баяр шүү дээ. Ач холбогдлынх нь талаар дэлгэрүүлэхгүй юу?
Цагаан сарын баяр бол угсаа гарвалиараа бахархдаг, үүсэл түүхээ хүндэтгэдэг үндэсний хэмжээний том баяр. Энэ баярыг Монгол улсын төдийгүй, газар газрын монголчууд нэг агуулга, нэг бэлгэдлээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Цагаан сар бол авга, нагацын талаа таниж, удам судраа мэдэлцэх маш чухал ач холбогдолтой баяр. Үүнийг бид их сайн ухаж ойлгох хэрэгтэй. Ураг төрөл хүмүүс гэрлэж, цус ойртоод байгаа тухай сүүлийн жилүүдэд их яригдах болсон. Сар шинийн баяраар үр хүүхдүүдээ удам угсааны түүх, ураг төрлийн тухай ярьж, учир начрыг нь хэлж ойлгуулдаг байвал ийм асуудал үүсэхгүй. Ер нь Цагаан сарын зан үйл монгол түмний оршин тогтнолын чухал үндэс. Энэ баяр маш олон зан заншил, өв соёлыг зангидаж байдаг.Тиймээс бид өвгөдөөс өвлөгдсөн чигээр нь үргэлжлүүлэн авч явах хэрэгтэй. Үүнийг жижиг сажиг шүүмжлэлээс болоод устгаж, үгүйсгэж хэрхэвч болохгүй. Аливаа үндэстэн оршин тогтноход хамгийн түрүүнд газар нутаг хэрэгтэй. Хоёрдугаарт, үндэс угсаа, хүн ам байх нь зүй. Гуравдугаарт, соёл ордог. Цагаан сарын баяр бол эдгээрийн нэгдэл юм.
Цагаан сар, шинэ жил хоёр төстэй утгатай баярууд. Аль аль нь хуучин он улирч, шинэ цаг ирж байгааг илэрхийлдэг. Гэхдээ Цагаан сарын баяр үндэсний гэдгээрээ онцлогтой. Гэвч сүүлийн жилүүдэд хот суурингийн иргэд шинэ жилд илүү ач холбогдол өгөөд, сар шинийг цомхон тэмдэглэх хандлагатай болжээ. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
Монголчууд эртнээс бар сарын буюу Цагаан сарын шинийн нэгнээс тухайн жил эхэлдэг гэж үзэж ирсэн. Монголд ирсэн бүх цагийн жуулчид “Монголчууд төрсөн өдрөө нэгэн зэрэг тэмдэглэдэг” гэж бичиж үлдээсэн байдаг. Тэгэхээр энэ баярыг хахир өвлийг мэнд давж, нэг нас нэмсний баяр гэх утгаар эртнээс тэмдэглэж иржээ. Шинэ жилийн баярын тухайд, манай улсад нутагшаад 100 орчим жил л болж байгаа. Ер нь Азийн орнуудад ингэж ганц сарын зайтай хоёр шинэ жил тэмдэглэдэг улс манайхаас өөр байдаггүй байх. Төрийн бодлого замбараагүй байгаагийн л шинж. Ингэж ойрхон зайтай хоёр баяр тэмдэглэхээр хүмүүс шинэ жилийг хамгийн гол баяр шиг ойлгодог болчихлоо. Уг нь үүнийг төр бодлогоороо зангидах учиртай юм. Гэтэл манай төрийн түшээд ужиг урхаг ихтэй олон асуудлыг сул орхиод байна. Цагаан сар бол яах аргагүй төр ёсны төдийгүй ураг удмын ёслол хүндэтгэлийн баяр.

Сүүлийн гурван жил цар тахлын улмаас Цагаан сарыг ёс уламжлалаар нь тэмдэглэсэнгүй. Үүнээс өмнөх жилүүдэд монголчууд энэ баярыг нижгэр тэмдэглэдэг байв. Гэхдээ хэлбэр нь гоё, сайхан болсон ч агуулга алдагдаж байх шиг санагддаг байсан. Танд тийм бодол төрдөг байв уу?
Цар тахлын өмнөх жилүүдэд энэ баярыг хэт өргөн хүрээнд тэмдэглэж, хэлбэр агуулгыг нь гажааж байх шиг анзаарагддаг л байсан. Ажлынхан, ангийнхан гээд таньдаг мэддэг бүх айлаараа зочилж, найрлах нь Цагаан сарын гол агуулгаас хазайсан хэрэг. Багшийндаа, ахмад настныдаа очно гэсэн сул зорилготой хүмүүс ахмадуудыг хүнд байдалд оруулах нь бий. Уг нь багш нарын өдөр, ахмадын өдөр гээд хүндэтгэл үзүүлэх цаг улирал тусдаа шүү дээ. Цагаан сарын баяр бол ураг удмын баяр. Тиймдээ ч айл гэрт өрнөж буй зан үйл нь нарийн дэгтэй байх учиртай. Тухайлбал, Цагаан сараар дуулж, хуурдаж, найр үүсгэх цээртэй байдаг шүү дээ. Ухаандаа, ууж идэж, наргиж цэнгэдэггүй гэсэн санаа. Ураг удмынхан бие биеийнхээрээ зочилж, мэнд мэдээд зогсохгүй хэнийх ирэх жил хүүгээ гэрлүүлж, охиноо мордуулж байна, хэнийх бүл нэмж, хэнд тус, дэм хэрэгтэй байна гэдгийг нүдээрээ харж, таньж мэдэх учиртай. Тэгэхээр энэ их нарийн, нандин баяр ёслол төдийгүй цогц системийн шинжтэй байгаа биз. Гэвч бид энэ сайхан ёслолыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадахгүй байна. Энэ баярын гол утга учрыг зааглаж, хамгийн чухал агуулгыг нь ялгаж харах ёстой юм. Өв уламжлалын зангилаа болсон энэ том баярыг үндсэн утгаар нь цааш авч явахгүй бол ард түмний түүх, соёл ч өөрчлөгдөх эрсдэлтэй. Тиймээс цар тахлын дараа Цагаан сарыг сэргээхдээ хуучин хэв, загвар руу нь үндсэн утгаар нь оруулах нь зүй.
Цагаан сарыг бурхны шашны баяр гэж үздэг хүн цөөнгүй байдаг юм билээ?
Сүүлийн үед хүмүүс Цагаан сарыг шашны баяр мэт ойлгодог болсон. Улмаар шашны нөлөөгөөр Цагаан сарыг тэмдэглэхгүй гэх хандлагатай хүн ч олширлоо. Уг нь аж төрөх ёсноос үүдэлтэй, монгол үндэстний үндэсний баяр юм шүү дээ. Шашин, үзэл сурталтай хамааралгүй. Бурхны шашин монголчуудын дунд хөгжихдөө аж төрөх ёсны олон зан заншилтай “сүлэлдэж” сүүлдээ ялгаж салгахад бэрх болсон.
Сүүлийн гурван жил халдварын нөхцөл байдлын улмаас Цагаан сарыг ч, Наадмыг ч тэмдэглэсэнгүй. Энэ нь үндэсний баярын үнэ цэн гээгдэхэд хүргэж болзошгүй гэж зарим эрдэмтэд анхааруулах боллоо. Үнэхээр ингэж өнжих нь энэ баярын хэлбэр загварыг өөрчлөгдөж, утга агуулга хазайхад нөлөөлөх үү?
Ер нь Цагаан сар түүхийн хугацаанд их зовлон үзсэн ёслол. 1952 онд Х.Чойбалсан гуай битүүний шөнө бурхан болсноос хойш найм, есөн жил улс даяараа Цагаан сар тэмдэглээгүй. Улмаар нэгдлийн үед “малчдын баяр” гэх нэрээр сэргээж малчид л ёсолдог байв. Ингээд 1980-аад оны сүүл үеэс эхлэн бүх нийтээрээ тэмдэглэж эхэлсэн. Цагаан сар тэмдэглээгүй хэсэг хугацаанд энэ баяр язгуурлаг олон зүйлээ гээсэн. Сүүлийн гурван жил цахим Цагаан сар хийнэ гэх нэрийдлээр Цагаан сарыг тэмдэглэхгүй өнжлөө. Өвчин тахал талаас нь харвал үндэсний баярыг хийхгүй байх нь зөв л байх. Гэхдээ цаана нь юу болж, юу орхигдож байгааг ч мөн олж харах хэрэгтэй. Монгол нутагт монголчууд урт удаан хугацаанд оршин тогтнож, аж төрөхийн тулд өв уламжлалаа зайлшгүй сахин, хамгаалах ёстой. Хэрэв энэ байдлаараа удаан үргэлжилбэл Монголд хоёр янзын, нэг нэгнээ үгүйсгэсэн соёл бий болох эрсдэлтэй байна.
Ярилцлагаа энд хүргээд өндөрлөе. Сүүлийн асуулт. Цагаан сар, наадмаас гадна түүхийн хугацаанд гээгдсэн эсвэл гээгдэх эрсдэлд орсон үндэсний өөр ямар баяр бий юу?
Монголчуудад бэр гуйх, хурим хийх гэж сайхан уламжлал бий. Авга, нагац, худ ургийн хүмүүсийг оролцуулаад том ёслол хийдэг. Энэ нь гэр бүл болох гэж байгаа хоёр хүний амьдралд ах дүү, авга нагац цөм ач холбогдол өгч оролцож байгаа хэрэг. Гэр бүл салж сарнихгүй, өнөр олуулаа, энх амгалан амьдрахыг ерөөж үйлддэг. Гэтэл сүүлийн үед хүмүүс энэ ёс заншлаас залхаж, товчилдог болсон байна. Хоёр талын аав, ээж нь хүүхдүүдээ нийлүүлчихдэг боллоо. Энэ ёс төргүй үйлдэл гэр бүлийн бат бөх байдалд маш хор хохиролтой. Айл өрх үүснэ, хөгжинө гэдэг төрийн бодлогын нэг хэсэг. Гэтэл төр мөн л өөрийн жамаараа хөгжиг гээд орхидуулсан байх шиг санагддаг юм.
Ярилцсанд баярлалаа.