УИХ 2020 оны дөрөвдүгээр сард ковидын хууль буюу Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан.

Анх батлахдаа 2020 оныг дуустал хэрэгжүүлж, шаардлагатай тохиолдолд зургаан сараар нэг удаа сунгаж болно гэсэн агуулгаар баталж байв. Гэтэл зургаан сараар нэг бус нэлээд хэдэн удаа сунгасаар 2022 он дуустал хэрэгжүүлэв. Энэ хуулиар төрийн албан хаагчдыг төрийн албаны шалгалтгүйгээр томилох эрхийг Засгийн газарт олгосон юм. Гэхдээ Засгийн газарт энэхүү онцгой бүрэн эрхийг олгосон үндэслэл нь цар тахалтай нүүр тулан тэмцэж буй эмнэлэг, онцгой, цагдаагийн А албанд хүн хүч дутагдсан тохиолдолд төрийн албаны шалгуургүйгээр шууд авч ажиллуулах явдал байв. Харамсалтай нь, эрх баригчид хуулийн энэ зохицуулалтыг эрх дураараа ашиглаж төрийн албанд томилохыг хүссэн хүн бүхнээ томилсон. Тэд энэ хуулийг ашиглаж хүүгээ, дүүгээ, найзаа төрийн албанд шургуулав. Хуулийн үйлчлэл зогссон ч тэд төрийн албандаа суусаар л байна. Уг нь хууль хэрэгжиж дууссан цагаас буюу энэ оны эхнээс ажлаасаа чөлөөлөгдөх байв.

Зуд болоход нохой зоолж, зовлон учрахад лам таргалдаг гэдэг шиг цар тахлаар далимдуулан төрийн албанд тухалсан хүмүүс одоо ч ийнхүү үргэлжлүүлэн ажилласаар л байна. Уг нь Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын 11-ний хуралдаанаараа цар тахлын хуулийн хүчинтэй хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараах албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдсэн

Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал

Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр

Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Л.Алтангэрэл

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун

Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул

Ойн газрын дарга Б.Оюунсанаа

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга И.Даваадорж

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга Г.Батдорж

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан

Соёл, урлагийн газрын дарга Н.Мөнхзул

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал

Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа

Ажлаас нь чөлөөллөө гэж мэдэгдсэн дээрх хүмүүс түр орлон гүйцэтгэгч нэрээр өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр байна. Тэд “Түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа төрийн албан хаагчийн шалгалт өгнө. Тэнцсэн тохиолдолд жинхлэнэ” гэсэн зарчмаар ажиллаж байгаа аж. Гэхдээ дээрх албан тушаалтнууд дотор төрийн албаны шалгалтаа өгөөд ч албан тушаалдаа тэнцэхгүй хүн олон.

Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол төрийн албаны хамгийн дээд албан тушаал. Төрийн албаны тухай хуульд төрийн нарийн бичгийн даргыг тэргүүн түшмэл хэмээн тодорхойлсон байдаг. Уг хуулийн 23.2.1-т “Тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байна” гэж заасан байдаг.

Эрхэлсэн түшмэл гэдэг нь яамны газрын дарга, хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаалыг хэлж байгаа юм. Тэгэхээр төрийн нарийн бичгийн даргаар томилогдох хүн төрийн албанд хамгийн багадаа 12 жил ажилласан, түүнийхээ зургаагаас доошгүй жилд яаманд газар, хэлтсийн даргаар ажилласан байх шаардлага гэсэн үг. Гэтэл одоо ажлаасаа чөлөөлөгдсөн нэртэй ч түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй дээрх албан тушаалтнуудын ихэнх нь энэ шаардлагыг хангахгүй. Тийм ч учраас түр орлон гүйцэтгэгч нэрээр ажиллуулсаар байна. Шаардлага хангаж байгаа нь аль хэдийнэ шалгалтаа өгөөд ажилдаа жинхэлчихсэн. Тухайлбал, Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн 2021 оны аравдугаар сард ковидын хуулийн дагуу томилогдсон ч өнгөрсөн хугацаанд төрийн албаны шалгалтаа өгч албан тушаалдаа жинхэлжээ.

Засгийн газар ийнхүү ковидын хуулийн дагуу төрийн албанд тооноор орсон хүмүүсийг үргэлжлүүлэн түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулж толгойг нь илэн хойморт суулгаснаас гадна төрийн жинхэнэ албан хаагч болоход нь туслах зорилгоор төрийн албаны босгыг нь намсгасан юм. УИХ өнгөрсөн онд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж “Улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарах албан тушаалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэсэн заалт нэмсэн. Үүнийхээ дагуу Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын 5-ны хуралдаанаараа улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журмыг баталсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн, сайдын зөвлөх, туслахаар ажилласан хугацааг нь төрийн албанд ажилласан хугацаанд нөхөн тооцно гэсэн үг. Энэ мэтээр төрийн албанд түр томилсон хүмүүсээ бүр томилох бүх арга замыг олоод байна. Ингэж явсаар дараагийн сонгуультай золгох нь. Нэг бүрэн эрхийн хугацаанд төрийн албанд тодорхой шалгуургүйгээр түр ажиллана гэдэг өмнө нь байгаагүй жишиг.

Ажлаас нь чөлөөлсөн дүр эсгэж нийтэд мэдээлсэн нь л хэдхэн төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга болохоос тэднээс гадна яамны газрын даргаас эхлээд төрд түр ирсэн олон хүн бүр үлдэхээр ажилласаар л байна.

Цар тахлын хуулийг мөрдөж эхэлсэн 2020 оны дөрөвдүгээр сарын 29- нөөс хойш 1036 хүн төрийн албанд энэ хуулийн дагуу томилогджээ.

Төрийн захиргааны удирдах албан тушаалд 264 хүн,

Төрийн тусгай албаны удирдах албан тушаалд 90 хүн,

Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд 682 хүн.