Улирал сөрөх үзэгдэл

Шинэ оны өмнөхөн “Гадаа +26 градус. Биед мэдрэгдэх температур нь +34 хэм” гэх зурвас дотнын найзаас ирэв. Долоо хүрэхгүй хоногийн өмнө Монголд байсныг нь санаад, “Хүйтэн байна. Дулаалаарай” гэж хөөрхий найздаа сануулах гэхдээ тэмдэгт алдаж дээ гэж санав. Гэтэл тэр минь Пукет арлаас надтай мэндчилжээ. Мөн сайхан аа. Энд харин идэр ес эхэлчихсэн, их жавар тачигнаж байв. Найзаасаа мэндчилгээ авахтай зэрэг цахим сүлжээний танилууд ч цөм дулаан оронд тухалж буй зураг, бичлэгээ нийтлээд эхлэв.

“Чи л ядуу болохоос зун хаа сайгүй болж байгаа” гэх яриа санаанд бууж, сэм атаархаж, сэтгэл үймснийг нуух юун. Сэтгэл үймэхээс гадна монголчууд жилийн аль улиралд гаднын улсыг хамгийн их зорьдог бол гэх бодол зурсхийв. Судлаад үзтэл хүйтний улиралд буюу 11-3 дугаар сарын хугацаанд хамгийн олон хүн аялах зорилгоор хилийн дээс алхдаг байж таарсан юм.

Тоо сөхвөл, өнгөрсөн онд манай улсын 728.6 мянган (давхардсан тоогоор) иргэн гадаадад зорчсон байна. Тэдгээрийн 429.4 мянга буюу 59 хувь нь аялал жуулчлалын зорилгоор зорчжээ. Энэ нь өмнөх оноос 3.6 дахин өссөн үзүүлэлт юм. Аялах зорилгоор гаднын улсыг зорьсон иргэдийн талаас илүү хувь нь хүйтний улиралд буюу аравдугаар сараас хойш хил гарсан байгаа юм. Ялангуяа, сурагчдын амралт эхэлснээс хойш гадаад руу явах иргэдийн тоо эрс нэмэгдсэн талаар албаныхан мэдээлж байв. Гадагш зорчсон иргэдийн найман хувь нь буюу 23.9 мянга нь хүүхэд байна. Эндээс монгол хүмүүсийн хамгийн их халгадаг улирал нь өвөл болохыг харж болохоор байна. Арга ч үгүй биз. Тэсгим хүйтнийг тэвчих нэг хэрэг. Утаа униар, ханиад томуу, халтиргаа гулгаа, түгжрэл, бөглөрөл гээд түмэн зовлонг өвөлтэй хамт илээхээс өөрцгүйд хүртдэг нь гашуун ч үнэн. Тиймээс бага ч болов хугацааг дулаан газар, тухтай орчинд, дурсамж бүтээн өнгөрөөхийг хүсэхээс ч аргагүй. Аяласан улсуудын хувьд Турк, Япон, Тайланд, ХБНГУ зэрэг улсууд жин дарж байна. Өмнө нь иргэд ихэвчлэн урд, хойд хөрш рүүгээ зорчдог байсан бол цар тахал, цаг үеийн байдлаас шалтгаалан энэ хандлага бага зэрэг өөрчлөгджээ.

“Өвлөөр мөнгө хийх” өнө холын мөрөөдөл

Ийн мянга мянган монгол хүн өвлөөс дайжиж, дулаан орныг зорьж байх зуур шийдвэр гаргагчид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, дотоодод валют даллах тухай элдэв хурал, зөвлөгөөн зохион байгуулж, гарц шийдэл хайсаар л байна. Гэвч энэ нь хэтийдсэн мөрөөдөл гэдгийг хэдхэн хайлт бэлхнээ нотолно. Google-ээс Travel Mongolia in Winter гээд хайхад ихэвчлэн гадаад жуулчдын манай улсад аялсан сэтгэгдэл, зураг, бичлэг л илэрч байв. Монголд аялах сэдэл өгөхүйц, Монголын авиа компанийн бэлтгэсэн мэдээлэл тун ховор байсан юм. Харин Монголд аялах тухай хайж үзэхэд, ихэвчлэн зуны зураг, бичлэг дурайж байх юм. Үүнээс гадна хэд хэдэн аялал жуулчлалын компанийн цахим хаяг руу хандахад, нүүр зурагнаасаа эхлээд, нийтэлсэн мэдээ, сэлт нь цөм “зун”-аараа байв. Тэгэхээр аяллын компаниуд ч Монголын өвлийг гаднын жуулчид сонирхож, сонжихгүй гэдэгтэй нэгэнт эвлэрсэн бололтой. Өнгөрсөн онд гадаадын 300 мянган хүн манай улсад иржээ. Энэ нь өмнө жилийнхээс 8 дахин өссөн тоо. Тэдний 90 гаруй хувь нь 30 хүртэлх хоног манай улсад саатсан байна. Ингэхдээ олонх нь хавар, зун, намрын улиралд иржээ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, байгаль, цаг уураараа мөнгө хийх мөрөөдөл хэр алс байгааг эндээс харж болохоор байна.

Манайд өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх төрийн бодлого байдаггүй. Би аялал жуулчлалын салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Энэ салбарыг хөгжүүлнэ гэсэн яриаг 20 жил сонсож байна. Яг бодитоор хийж, хэрэгжүүллээ гэсэн жишээ их бага. Уг нь өвлийн аялал жуулчлал Монголд хөгжих боломж байна. Гол нь төр, хувийн хэвшлийн нэгдсэн зохион байгуулалт, менежмент, мэдээлэл, сурталчилгаа алга. Манайх өвлийн аялал хөгжүүлж буй гаднын орны практикийг судалдаггүй. Ямарваа нэгэн зүйлийг хөгжүүлэхэд судалгаа зайлшгүй шаардлагатай. Гэтэл манайд судалгаа хийдэг төв байхгүй.

Өвлөөс халгадаг биш өвөлд хайртай байх боломж

Тэгвэл гадаад, дотоодын аяллын зардал хэр зөрүүтэй байдаг талаар дэлгэрүүлье. Дэлхийн банкнаас Монгол Улсын аялал жуулчлалын салбарын талаарх шинэ судалгааг өнгөрсөн жил хийжээ. Тус судалгааны тайланд монголчууд харьд аялахдаа гадаадын жуулчид Монголд зарцуулж буй мөнгөнөөс дунджаар хоёр дахин их мөнгө зарцуулдаг талаар өгүүлсэн байна. Мөн Монголбанкнаас гаргасан энэ төрлийн судалгаанд гаднын нэг жуулчнаас олж байгаа орлого нэг монгол хүний гадаадад аялахдаа гаргасан зардлаас даруй 200 орчим ам.доллараар бага байдаг нь тогтоогдсон байна. Ийн монголчууд ДНБ-ий 1.5 хувьтай тэнцэх хэмжээний гадаад валютыг аялал жуулчлалын шугамаар гадаадад зарцуулсаар байгаа юм.

Аялагчдын хувьд нийт зардлын дунджаар 31 хувийг барааны худалдаанд, 20 хувийг орон байр, зочид буудлын үйлчилгээнд, 19 хувийг хоол унданд зарцуулдаг нь тогтоогдсон байдаг. Түүнчлэн монголчууд дунджаар 12 орчим хоног олон улсад аялдаг бөгөөд ойролцоогоор 2000 ам.доллар зарцуулдаг аж. Гэхдээ энд өгүүлсэн судалгаа нь цар тахлын өмнөх үеийнх учир одоогийн тоо, мэдээллээс зөрж болзошгүй. Урт хугацааны хөл хорио, хил гаалийн гацааны дараа нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаарх судалгаа одоогоор хийгдээгүй байна. Ямартай ч өнөө хэр нь монголчууд Монголд аялж буй гадаад жуулчдаас хоёр дахин их мөнгө зарцуулж, аялж, амарч буй.

Хэрэв аялал жуулчлалын үйлчилгээ сайтай, тохилог дулаан, тохитой сайхныг базааж чадвал монголчууд Монголдоо аялж, өвлөөс халгаж, зугтаах бус өвлийн сайхныг мэдэрч, таашаах боломжтой юм.

Түүнчлэн гаднын жуулчдыг Монгол руу татаж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай хэт холын мөрөөдлөө ойрчилж, монголчуудыгаа эх оронд нь аялуулах тал дээр анхаарч чадвал асар их валютын урсгалыг тогтоож, торгоох зах зээл нээлттэй байна.

Гадаадад зорчсон Монгол Улсын иргэд (давхардсан тоогоор)

  • 2019: 2415113
  • 2020: 571867
  • 2021: 282227
  • 2022: 728638