Одоогоос гурван жилийн өмнө сурвалжилга хийх зорилгоор “Ахмадын асрах төв” буюу олны нэрлэж заншсанаар Батсүмбэрийн асрамжийн газрыг зорьсон юм. Сумын төвийн ойролцоо буйдхан суурин төвхнөсөн байлаа. Ойр тойронд нь хэд гурван гэр, дэлгүүр үзэгдэх бөгөөд модон хашаагаар хүрээлүүлсэн хуучны шар байшин онцгойрч харагдана. Барилгын гадна гаанс нэрж, эрхи эргүүлэх хөгшид зам харуулдан зогсох нь зорьсон газраа хүрснийг гэрчилнэ. Нарлаж буй ахмадууд бие биеэсээ зай барьсан байх бөгөөд гаднын хүнээс бэргэж, бишүүрхэнэ. Халдаж, харилцахгүй хэр нь харц салгахгүй, араас дагах төдийгүй асуусанд хариулахгүй ч анхааралтай ажиглаж, үе, үе мушилзана. Он цагийн эргэлтэд амьдрах чадвар нь суларч, ач нэхэх хүнгүй торойж хоцорсон хөгшидтэй анх уулзсан минь энэ.
Бие биеэсээ бэргэж, биднээс ч халгаж байсан буурлуудын олонх нь үрээ хүлээж, элэг бэтгэрэхдээ тэнэгэрэх, зөнөгөрөх өвчинд дарлуулж, бор хоног, шар нарыг элээж буйг нийгмийн ажилтан, эмч, сувилагч нар онцолж байлаа. Нийт 200 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай “Ахмадын асрах төв”-д жилд дунджаар 160-180 орчим хүн байрладаг. Тэдний 70 орчим хувь нь сэтгэцийн өөрчлөлттэй. Хамгийн харамсалтай нь, асрах төвд энэ төрлийн эмгэгтэй хүмүүсийг хорьж, хашиж, хооллохоос өөр үйлчилгээ бараг л үзүүлдэггүй. Тэднийг өөрийгөө болон бусдыг гэмтээхээс бүүр түүр хамгаалахаас биш өвчний явцыг нь удаашруулж, бие бялдар, тархи сэтгэцийн үйл ажиллагааг нь сувилаж, сэргээн засах эмчилгээ хийдэггүй нь учир дутагдалтай санагдаж байв.
Зөвхөн ахмадын асрах төвд буй буурлуудад ч бус сэтгэцийн эмгэгтэй ихэнх иргэнд төр ч, түмэн ч яг дээрх шиг харгис, хахир хандаж байна. Хэлж ирдэггүй зовлонд ээрүүлж, бие эрүүл ч, сэтгэл, сэтгэцийн өвчинд нидрүүлж буй хүмүүсийг “галзуу” гэх ганц үгээр тодотгон, тодорхойлж, нийгмээс тусгаарласаар олон жилийн нүүр үзэв. Тэр бүү хэл, тэдгээр иргэдэд амьдрах орон зай, орчин нөхцөл ч олгосонгүй. Асарч дэмнээд, эрүүл, аюулгүй аж төрөх боломж бололцоогоор ч хангасангүй. Үүнийг гэрчлэх ганцхан жишээ нь асрах төв нэртэй дөрвөлжин байшин, дөрвөн хананы дунд “хоригдож” буй ахмадууд юм.
Сэтгэцийн эмгэг залуусыг “нөмрөв”
Монгол Улсын хэмжээнд сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй 20743 хүн бүртгэлтэй байна гэх статистик бий. Энэ нь хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн 15 хувийг эзэлж байгаа юм. Насны бүтцийн хувьд, 30-54 насны хүн амд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны өвчлөл ихсэх хандлагатай байгаа аж. Сэтгэцийн эмгэгээс урьдчилсан сэргийлж, өвчилсөн иргэдийн эрхийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарсан болохыг дээрх тоо бэлхнээ гэрчилнэ. Түүнчлэн энэ бол сэтгэцийн эмгэгтэй болох нь албан ёсоор тогтоогдсон, эмнэлгийн үйлчилгээ авсан иргэдийн тоо, мэдээлэл. Сэтгэцийн өөрчлөлттэй, эмнэлэгт хандаж, бүртгэл хийлгээгүй хэчнээн хүн байгааг тааж хэлэхэд бэрх. Ямартай ч, сэтгэцийн эмгэг гэх өвчин сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, залуу үеийг хүртэл “нөмөрч” эхэллээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сан болон Эрүүл мэндийн яам хамтран 2019 онд монгол хүүхдүүдийн дунд судалгаа явуулжээ. Тус судалгаагаар өсвөр үеийнхний 60.5 хувь нь сэтгэцийн эрүүл мэнд хэвийн, 30.5 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, 9 хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй гэсэн дүгнэлт гарсан байна. Ахмадын эсвэл удамшлын өвчин гэж эндүүрч явсан эл эмгэг өсвөр үеийнхнийг ч алгасаагүйг дээрх судалгаанаас харж болно. Тиймээс бодлогын хүрээнд анхаарч, өвдсөн иргэдийн эрхийг хангаж, учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах зайлшгүй шаардлагатай байна.
Монголчуудын 5-6 хүн тутмын нэг нь ямар нэг сэтгэцийн тулгамдсан асуудалтай, амиа хорлох тухай бодож байсан гэсэн судалгаа гарсан. Баруун хэсгийн бүсэд 100 мянган хүнд 28.1 хувьд ийм байдал ажиглагдсан. Хүн амын дунд 2019 онд хийсэн судалгааг 1984 оныхтой харьцуулахад стрессийн шалтгаант эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн байна. Мөн мансуурлын түвшин жил ирэх тусам өсөх хандлагатай байна. Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ 2015 онд 90 байсан бол 2019 оны 354 болтлоо ихэссэн. Мөн манай төвд хандсан хүүхэд, өсвөр насныханд хийсэн судалгаагаар 30.5 хувь нь сэтгэцийн асуудалтай, есөн хувь нь ямар нэг эмгэгтэй гэсэн дүгнэлт гарсан.
Сэтгэцийн эмгэгтэй иргэдийн элдэх эрхгүй эрх
Сэтгэцийн эмгэгтэй иргэдэд нийгэм нийтээрээ элэг буруу хандаж байна. Тэр бүү хэл эмнэж, илааршуулж, энэрч асрах үүрэгтэй эмнэлгийн байгууллагын алба хаагчид ч тэдний эрхийг зөрчиж, хүн ёсоор хандахгүй байгаа юм. Үүний улмаас иргэд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, халдашгүй чөлөөтэй байх, эмчлүүлэгчийн хувийн халдашгүй байдлын эрх зэрэг суурь эрхүүдээ эдэлж чадахгүй, хүн ёсноос ангид оршиж байна. Энэ талаар 2021 онд ХЭҮК судалгаа хийжээ. Улмаар сэтгэцийн эрүүл мэндийн талаарх төрийн бодлого, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа байдлыг дүгнэж шинжилсэн байна. Хяналт шалгалтаар, “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр үйлчлүүлж байгаа болон хэвтэн эмчлүүлж байгаа сэтгэцийн өвчтэй хүмүүсийн олон эрх зөрчигдөх эрсдэл байна” гэж дүгнэжээ. Түүнчлэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, эрүүл мэндийн ажилтнууд удаан хугацаагаар эмчлүүлж, асруулж байгаа сэтгэцийн хурц солиоролтой хүмүүсийг үл хайхрах, хүнлэг бус харьцах зөрчил тогтоогдсон байна. Мөн Ковид19 халдварын үед асрамжийн болон сэтгэц, эмгэг судлалын клиникт эмчлүүлж байгаа эмчлүүлэгчдийн агаарт гарах, чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх, мэдээлэл, эргэлт уулзалт авах боломжийг хязгаарлаж байсан нь хүний эрхийн ноцтой зөрчил юм.
Өвчтөнөөс харамласан төсөв
Манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн клиникийн эмнэлэг, Мааньтын хөдөлмөр эмчилгээ, асрамжийн газар, Толгойтын наркологийн эмнэлэг зэрэг байгууллагууд үзүүлж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эдгээр мэргэжлийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт боловсронгуй бус сумын болон өрхийн эмч, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн кабинетууд, холбогдох бусад байгууллагатай ажиллах хамтын ажиллагаа хангалтгүй байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хангалтгүй байгаа нь санхүүжилт бага байдагтай холбоотой. Улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн санхүүжилт нийт Эрүүл мэндийн төсвийн ердөө хоёр хувийг эзэлж байгаа юм. Үүний 64 хувийг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулдаг аж. ХЭҮК-оос энэ төрлийн эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаас гадна бусад салбарын оролцоог хангуулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Төрөлжсөн асрах төв шаардлагатай байна
Нийтлэлийн өмнө өгүүлсэнчлэн манай улсад сэтгэцийн эмгэгтэй иргэдийг асрах төрөлжсөн асрамжийн төв нэг ч алга. Уг нь Нийгмийн халамжийн тухай хуульд асрамжийн газруудыг төрөлжүүлэх тухай тусгасан байдаг ч ажил болж хэрэгжихгүй өнөө хүрлээ. Уг нь 2013 онд ХЭҮК “Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан асрамжийн газар байгуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэх” тухай чиглэлийг тухайн үеийн Засгийн газарт хүргүүлсэн байдаг. Тус зөвлөмжийн дагуу Засгийн газраас төрөлжсөн асрамжийн газрыг байгуулах тухай төлөвлөгөө боловсруулж, ЭМЯ, НХХЯ-ны хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулж байсан юм. Төлөвлөгөө ёсоор бол 2017 онд эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлж, 2018 онд зураг төсөв батлан барилгын ажлын явцыг 50 хувьд хүргэн, 2019 онд барилга байгууламжийг улсын комисс хүлээн авч үйл ажиллагааг эхлүүлэх учиртай байв. Гэвч ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө баталснаас өөр ахиц гаралгүй өнөөдрийн хүрсэн юм.
Төрөлжсөн асрамжийн төв байхгүйн улмаас сэтгэцийн болон бие физиологийн хувьд харилцан адилгүй хүмүүс хамтдаа аж төрөх нь багагүй хүндрэлтэй байдаг. Энэ талаар Батсүмбэрт буй “Ахмадын асрах төв”-ийн үйлчлүүлэгч Д.Насанбуян хуваалцсан юм. Тэрээр “Би 2006 онд энд ирсэн. Анх биднийг ирэхэд үнэхээр харж асрах хүнгүй, арга мухардсан хүмүүсийг л авдаг байсан юм. Бие, сэтгэхүй эрүүл гэдгээ нотлохын тулд 10 гаруй эмнэлэгт шинжилгээ өгч, шаггүй ажил болж ирсэн. Гэтэл одоо хэн дуртай нь л ирж байх шиг байна. Энд байгаа хүмүүсийн талаас илүү хувь нь дэн, дунтай. Залуу хүн ч ирчихсэн л харагддаг. Худлаа ярьж, хулгай хийдэг хүмүүс ч бий, архины хамааралтай нөхдүүд ч цөөнгүй. Эрүүл, өвчтэй, хөгшин, залуу хүмүүсийг хамт “хаших” нь үнэхээр зохимжгүй байна. Тусгаарлах хэрэгтэй. Хэлээд хэл ойлгохгүй, харилцах боломжгүй хүмүүстэй хамт байх амаргүй шүү дээ” гэлээ. Эрүүл мэндийн болон нас, физиологиос үл хамаарч иргэдийг хамт байлгах нь үйлчлүүлэгчид төдийгүй ажилчдад багагүй хүндрэл болдгийг тус асрах төвийн нийгмийн ажилтан А.Гантулга хэлж байлаа. Тэрээр “Манай төвд төр, нийгмийн зүтгэлтэн ч бий. Насаараа архины хамааралтай амьдарсан хүмүүс ч бий. Эднийг нэг дор байлгах амаргүй. Үүнээс болж зөрчил их үүсдэг. Уг нь тус, тусад нь байлгадаг бол их амар. Ахмадын асрах төвд ирэхдээ ухаан санаа нь эрүүл байсан хүн хэсэг хугацааны дараа хэвийн биш болох тохиолдол элбэг” гэв.