Ном унших нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, оюун ухааныг тэлдэг билээ. Өдөр тутмын завгүй амьдралын хэв маягт бид ном унших цаг гаргах нь төвөгтэй болсон.  Иймд өөртөө ном унших цаг гаргах дараах зөвлөмжийг хүргэж байна.

Төлөвлөгөө гарга Аль номыг ямар үед унших талаараа төлөвлөгөө гарга. Жишээ нь хэлний мэдлэгээ сайжруулах дасгал ажлын номоо өдрийн цайны цагаа ашиглаж харах, уран зохиолын номоо унтахын өмнө уншина гэх мэтчилэн цагаа төлөвлөх хэрэгтэй.

Уншихдаа зорилго тавих

Хэрвээ унших дадал зуршилгүй бол ном уншихдаа зорилго тавих нь үр дүнтэй. Тухайлбал, нэг удаа уншихдаа 50 хуудас унших, эсвэл нэг бүлэг уншиж дуусгах зорилго тавьж болно. Зорилгодоо хүрэх тусам зорилгоо томсгох хэрэгтэй. Хуудасныхаа тоог нэмэх, нэг бүлгээ хоёр бүлэг болгож болно. Мөн сард нэг, жилд 20 ном унших зорилго тавих нь илүү үр дүнтэй.

Дуртай номоо унш

Хэн нэгний санал болгосон номоос илүүтэй өөрийн хүсэл сонирхолд нийцсэн номын жагсаалт гарган унших хэрэгтэй. Номыг өөрийгөө баясгах, тайвшруулах, боловсруулах зорилгоор унших нь илүү үр дүнтэй байдаг. Зөвхөн дэлхий дахинд алдартай ном учраас, хүн бүр уншиж байгаа учир гэдэг зорилгоор ном унших нь үр дүнгүй. Харин үүний оронд өөрт таалагдсан номоо аваад амтархан уншаарай.

Хурдан унших дасгал

Богино хугацаанд илүү их зүйл уншихыг хүсвэл унших хурдаа нэмэх хэрэгтэй. Тухайлбал, үг үгээр нь биш мөр мөрөөр нь унших, өгүүлбэрээр нь унших олон арга байдаг. Мөн цаг тавиад тухайн хугацаанд унших бүлгээ бусад зүйлст анхаарлаа сатааруулахгүй уншиж сурах нь ашигтай.

Шинэ шийдлүүдийг ашиглах

Хэрвээ та дижитал ном уншдаг бол өөрийн бүх дижитал хэрэгслүүдэд номоо байрлуулах хэрэгтэй. Таблет, компьютер, и-ном, гар утсан дээрээ унших номоо суулга. Ингэснээр хаана ч, хэзээ ч унших боломж бүрдэнэ.

Адил сонирхолтой хүмүүстэй нэгдэх

Нийгмийн сүлжээнд ном унших дуртай бүлэг хүмүүстэй нэгдэх нь үр дүнтэй арга юм. Ингэснээр номынхоо тухай бусадтай ярилцаж,  бусдын үзэл бодлыг сонсож, илүү их ном унших сэдэл авч урамших болно.

Уншсан номоо тэмдэглэ

Жилийн турш уншсан номоо бүртгэдэг хэд хэдэн вебсайт байдаг. Үүний нэг нь GoodReads юм. Өөрийн уншсан, уншиж байгаа номуудаа бүртгэн оруулж, явцаа шалгах боломжтой. Үүнээс гадна уншсан номдоо сэтгэгдэл үлдээх, бусдын сэтгэгдэл, үзэл бодлыг унших, өөр сонирхолтой шинэ ном олох зэрэг олон давуу талтай.

Дижитал мацаг барих

Хэрвээ ном уншихад цаг гаргая гэж бодож байвал үр дүнгүй өнгөрүүлдэг бусад ажлуудаа хойш тавих хэрэгтэй. Тухайлбал, Фэйсбүүк, Твиттер, Инстаграмд өнгөрүүлэх цагаа хянаж, ном уншихад илүү их цаг гаргах боломжтой.