Брэнд санаагаа хөгжүүлэхэд өнгө ямар ач холбогдолтой болохыг ойлгохын тулд өнгөний үзүүлдэг сэтгэлзүйн нөлөөллийг судлах хэрэгтэй аж. Өнгө бидний бодол санаа, сэтгэл хөдлөлд маш хүчтэй нөлөөлдөг бөгөөд тухайн сэтгэл хөдлөл биднийг юу сонирхдог, ямар төрлийн хэрэглэгч вэ гэдгийг тодорхойлоход голлох үүрэгтэй аж. Шинээр бизнес эрхлэх гэж буй, аль эсвэл хуучин бизнесээ дахин шинэчлэх гэж байгаа хэнбугай ч өнгө бол хаан буюу худалдан авагчийн сэтгэлзүйд нөлөөлөх хамгийн хүчирхэг зэвсэг гэдгийг үргэлж санаарай.
Үеэ өнгөрөөсөн таних тэмдэг
Италийн загварын ордон Valentino 2022 оны намрын хувцас загварын шоугаа өнгөрсөн долоодугаар сард Парис хотноо толилуулав. Энэ шоуг ердөө ганцхан үгээр тодорхойлж болохоор байлаа. ЯГААН өнгө. Шоуны тайз, хана, загвар өмсөгчдийн нүүр будалт, түүхт Le Carreau сүмийн тулгуур багана, тэр ч байтугай шоунд уригдсан алдартнуудын төлөөлөл дуучин, жүжигчин Зэндая хүртэл өвч ягаанаар гоёсон байв. Тэд бүгд өнгө өнгийн будгаар дүүргэсэн усан санд орсон мэт халуухан харагдана. “Valentino”-гийн бүтээлч захирал Пьерпаоло Пиччолигийн овор ихтэй хослол, сүлжмэл даавуу, урт хормойг зөвхөн ганц өнгө л мэдрүүлж байв. Пиччоли болон түүний багийнхны “Pantone” өнгө-загварын компанитай хамтран хөгжүүлсэн “Valentino Pink PP” загварын цуглуулга нийгмийн сүлжээг доргиож, энэ намрын цоо шинэ чиг хандлага, өнгө төрхийг илтгэнэ. Брэндийг үүсгэн байгуулагч Валентино Гаравани улаан өнгийг шүтэгч байсан нь саяхныг хүртэл компанийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хадгалагдаж ирсэн ч ягаан өнгөөр солигдсон нь том “мөрий” байлаа. Энэ нь дэлхийн томоохон брэндүүд хэн болох, юуны төлөө зорьж буйгаа харуулахын тулд өнгөнд илүү их ач холбогдол өгөх болсны нэг жишээ юм.
Удаан хугацаанд таних тэмдэг буюу логогоо хадгалж байгаа брэндүүдийн нэг бол Supreme. Энэ үгийг хараад л цүнх, цамц, подволк, тэр байтугай скейтборд дээр хүртэл харагддаг гэрэлтсэн улаан өнгө санаанд тань бууна гэдэгт эргэлзэхгүй байна. Гоо сайхны бүтээгдэхүүний Glossier брэндийн гэрэлтсэн, улаа бутарсан ягаан өнгө хэдийнэ чамин сонголт болсон гэдэг нь ч үнэн. Италийн загварын ордон Bottega Veneta 2021 оны хавар цар тахлын үед хэрэглэгчдийн сонирхлыг тоть шувууны гялтганасан ногоон өнгөөр өдөөж, “Bottega-Ногоон” гэх нэршлийг үүсгэсэн билээ. Энэ загварын улиралд Bottega Veneta шинэ логотой аппликейшнээ танилцуулсан нь тун энгийн буюу ердөө ногоон өнгийн дөрвөлжин. Брэндийн төлөөлөгч өнгөрсөн олон арван жилийн туршид уг загварын ордонд дээрх ногоон өнгийг ашигласаар ирсэн гэдгийг онцолжээ. Өнгөрсөн цаг хугацааг нэхэн санавал Bottega Veneta 1990-ээд онд дэлгүүрийнхээ нүүрэн талыг, 1985 онд бүтээгдэхүүнийг тоосонд дарагдахаас хамгаалсан уутан дээр ч энэ ногоон өнгийг ашиглаж иржээ.

Энэ мэтчилэн хувцас загварын компаниудын баталж буйгаар өнгө нь брэндээ богино хугацаанд таниулах, нийгмийн сүлжээнд алдарших замаа дөтлөх гол арга болоод буй.
“Вандермэн Томпсон” нэртэй зөвлөх агентлагийн трэндүүдийг урьдчилан тааварлах хэлтсийн эрхлэгч Эмили Сафиан Демерс өнгийг загварын ирээдүйг тодорхойлсон амин хэрэглэгдэхүүн гэдэгтэй санал нэгдлээ. Түүний хэлснээр өнгө логоноос ч илүү их зүйлийг бүтээж чадна. Нэн ялангуяа дижитал орчинд өнгө хамгийн түрүүнд танигддаг. Өнгө давамгайлах үед метаверс, дижитал орчинд бүтээгчид бодит байдлыг хязгаарлаж чадахгүй гэдэгтэй одоо хэн ч маргахгүй.

Зарим өнгөнүүд хэдийнэ үйлчлүүлэгчдийн оюун санаанд үнэт өв бүхий загварын брэндүүдийг санагдуулдаг болсон. Тухайлбал Hermès брэндийн жүржийн өнгөтэй хайрцаг 1940-өөд онд Парист анх мэндэлсэн. Нацистууд Европыг эзлэх үед ханган нийлүүлэлт хомсдсоноос Hermès бүтээгдэхүүний хайрцгаа жүржийн өнгөтэй үйлдвэрлэхээс өөр аргагүй байв. Харин өнөөдөр дотор нь 3500 ам.долларын үнэтэй улбар шар өнгийн ноолууран хөнжил, 1300 долларын цаг хадгалдаг үнэ цэнтэй өв болжээ. Үнэт эдлэлийн “Tiffany” брэндийн туузны усан цэнхэр өнгө тэртээ 1845 онд гаргасан анхны каталогийн нүүрийг чимж байлаа. 1998 он хүртэл Tiffany-цэнхэр өнгө тийм ч алдартай бус байсан ч өнөөдөр тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийг илэрхийлэх гол дохио болсон байна.

Өнгөөр тоглох маркетинг
Маркетингийн мэргэжилтнүүд өрсөлдөөн ихтэй зах зээлд өнгийг чухалчлах боллоо. Шинээр байгуулагдсан компаниуд хөгжүүлэлтээ хийх гэж хугацаа алдалгүй, сонгосон өнгөнүүдээ аль болох олон нийтэд түргэн таниулах хэрэгтэй гэж “Pantone” компанийн өнгөний хүрээлэнгийн дэд Ерөнхийлөгч Лаури Прессмэн зөвлөж байна. Дижитал медиа компаниуд ч мөн өнгөний сонголтыг боломж болгон ашиглаж брэндийг богино хугацаанд олон хүнд таниулахад өнгийг ашиглаж байна.
Өнгийг гарамгай ашиглаж чадаж байгаа шинэхэн хувцас загварын брэндүүдийн нэг бол Brady. Уг брэндийг америк хөлбөмбөгийн багийн хамгаалагч Том Брэди өнгөрсөн нэгдүгээр сард үүсгэн байгуулсан билээ. Тус брэнд “Pantone” хүрээлэнтэй хамтран Brady-цэнхэр өнгийг бүтээж хөлбөмбөгчдийн хувцасны шинэ цуглуулгаа гаргав. Хөгжүүлэлтийн баг гүн хөх далай тэнгисийг санагдуулам өнгийг бүтээсэн нь брэндийн бүхий л зүйлийн илэрхийлэл болсон тухай маркетингийн багийн ахлах менежер Жэйми Гирдлер ярьжээ. Түүний хэлснээр гүн хөх өнгө айдасгүй чин зоригтой, уян хатан, итгэлтэй байдал зэрэг компанийн баримталдаг суурь зарчмыг бүрэн илэрхийлж чадаж байгаа аж.

Хувцас загварын брэндүүдээс гадна Citibank, Barclay’s, Bank of America зэрэг дэлхийн томоохон банкуудыг харвал логонд нь цэнхэр өнгө түлхүү ашиглагдсан байдаг. Энэ нь ч учиртай. Зүгээр л нэг өнгө сонгоё гээд сонгочихоогүй. Ямар нэг брэндийг бүтээнэ гэдэг яг л байшин барих, тавилгаа тохижуулахтай адил. Хайр гэсэн үг шууд л улаан өнгөөр төсөөлөгдөх нь нийтлэг. Аливаа өнгийг хараад төрсөн сэтгэгдэл, сэтгэл хөдлөл биднийг шийдвэр гаргахад хүчтэй нөлөөлдөг. Брэндүүд бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд үйлчлүүлэгчидтэйгээ сэтгэл зүрхээрээ холбогдож, өөрсдийн бүтээгдэхүүнээ бүрэн ойлгуулж үнэлүүлэх хэрэгтэй. Гэвч компанийн лого, дэлгүүрийн нүүр царай энэ бүгдийг бүрэн илэрхийлж чадахгүй. Харин өнгөнд үйлчлүүлэгчийн сэтгэл зүрхэнд шууд хүрч сэтгэгдэл төрүүлэх төсөөлшгүй их хүч бий. Яг л хайрыг илэрхийлэх улаан, тэнгэрийг төсөөлөх цэнхэр өнгө тус бүр өөр мэдрэмж төрүүлдэгтэй адил юм. Сэтгэл хөдлөлөөс гадна соёлын холбоо хамаарлыг мартаж болохгүй. Хамгийн тодорхой жишээ гэвэл америкууд өдөр бүр ногоон өнгийн мөнгөн дэвсгэрт долларыг гар дамжуулан ашигладаг тул тэдэнд ногоон өнгө шууд л мөнгө санхүүг санагдуулах нь гарцаагүй.
Тухайн брэндийг илэрхийлэх өнгө нь бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд нэг бүрчлэн санал болгохоос ч илүү борлуулалт, сурталчилгаанд нөлөөлөх чадвартай гэдгийг мэдрэлийн эмч Антонио Дамасио хэллээ. Өнгийг компанийнхаа цахим хуудас, танилцуулга, дэлгүүрийн үүд, доторх засал чимэглэл, ажилтнуудын дүрэмт хувцас, зар сурталчилгаанд ашиглах боломжтой. Энэ бүгдэд сонгосон нэг өнгөө ашиглах нь брэндийг бүхэлд нь илүү хүчирхэг болгож харагдуулдаг. Гэхдээ бүх зүйлийн илэрхийлэл болсон өнгөө сонгохдоо болгоомжтой хандаж, тухайн өнгө таны брэнд, үзэл санааг бүрэн тодорхойлж чадаж байгаа эсэхийг нухацтай бодож үзэх нь чухал. Ингэхийн тулд тухайн өнгө ямар сэтгэл хөдлөл илэрхийлдгийг мэдэж авах шаардлагатайг дурдах нь илүүц биз. Цөөн үгээр хэлэхэд улаан өнгө хүсэл мөрөөдөл, уур бухимдлын хүчтэй илэрхийлэл бол улбар шар өнгө эрч хүч, нөхөрсөг, хөгжилтэй байдлыг, шар өнгө шинэ залуу хүчирхэг, аз жаргалтай байдлыг, ногоон өнгө тогтвортой, байгалийн холбоо харилцааг илэрхийлдэг. Ямар ч үед гурваас дээш өнгө холихгүй байхыг, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгчдийнхөө сонголтыг судлахыг, ямар өнгө юу бэлгэддэг вэ гэдгийг сонирхож үзэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.