Бодит түүх 1
Орон нутгийн харьяалалтай ч Улаанбаатарт амьдардаг учир ЭХЭМҮТ-д хүүгээ төрүүлсэн. Таньдаг хүнгүй, таван төгрөггүй надад мэнд амаржих амаргүй даваа байсан. Савны амсар найман хуруу нээгдээд, эмнэлэгт очиж байлаа. Төрөх дөхсөн эмэгтэй түргэний машинаар хүргэгдэж очсон учир эмч нар эхэндээ их л сандарсан. Гэхдээ “гар хүндрүүлээгүй” болохоор ширэв татаад гээд эхэлдэг юм билээ. Намайг эмнэлгийн өрөөнд оруулаад л “хашчихсан”. Хоёр, гурван цаг болоход нэг ч эмч, сувилагч үзлэг хийгээгүй. Сүүлдээ тэвчээр алдарч, төрөх өрөөний үүдэнд очоод таарсан бүхэнд учир байдлаа тайлбарлаад, уйлж гарсан. Азаар нэг сувилагч “Энэ хүүхэн шалан дээр төрөх нь” гэж орилж, амь аварч байлаа. Арай гэж мэнд амаржиж, үртэйгээ уулзасны дараа эх барьсан эмч “Ар гэрийнхэн чинь хаана байгаа вэ. Надтай эргэж холбогдоорой” гэх зэргээр элдэв үг “чулуудаж” байсан.
Бодит түүх 2
Төрөх эмнэлгийн эмч нар маш нарийн аргаар нэг болж ажиллаад, үйлчлүүлэгчээс мөнгө салгадаг. Нэг багт хянагч эмч, эх баригч эмч, асрагч, сувилагч гээд 4-5 хүн байдаг. Хянагч болон эх баригч эмийн ханш 300 мянган төгрөгөөс эхэлдэг. Харин сувилагч 100 мянга, асрагч 50 мянгыг авдаг юм билээ. Ер нь эмнэлгийн ажилчид бийлэгжүү нэгэнд маш эелдэг, элгэмсүү ханддаг бөгөөд асрагч, сувилагч ойр, ойрхон орж эргэнэ. Хөл гар, хүзүү толгойг нь барина. Живхийг нь өөрсдөө сольж өгөөд, жигтэйхэн халамжилна. Харин борог тураг нэгнийг боол, зарцтайгаа харилцаж байгаа аятай л зандарна. “Заваан, бүдүүлэг, ааштай, бааштай” гэх зэргээр элдэвлэж, зовооно. Хайхрамжгүй хандана. Эмч нарын энэ алаг үзлийн улмаас эмэгтэйчүүд цус алдах, хүндрэлтэй төрөх, ураг эрсдэлд орох тохиолдол маш элбэг байдаг. Мөн мөнгө өгөөгүй төрсөн эмэгтэйд төрсний дараах үйлчилгээ үзүүлэх тун дургүй. Би анхны хүүхдээ төрүүлэхдээ уургаа хөхүүлж чадахгүй байсан юм. Сувилагчаас тусламж гуйхад “Энийг ч хийж чадахгүй байж юу бодож хүүхэд төрүүлдэг юм” гэж зэмлэж байсан. Түүнчлэн хүүхдийн түнхний хөгжил, шарлалт зэргийг нь хянахгүй эмнэлгээс гаргасны улмаас төрсний дараа элдэв өвчин ээрэх ч эрсдэлтэй. Хүмүүс энэ байдлыг нь мэддэг учир эмч нарын ая талыг засаж, шалавхан л таван төгрөг атгуулахыг хичээдэг юм билээ.
Эдгэрсэн нь өгч, эмнэсэн нь авч дадав
Эдгэрсэн нь өгч сурсан, эмнэсэн нь авч дассан дээрх хандлага эрүүл мэндийн салбарт ховхрох аргагүй “бугласан” нь нууц биш. Өвчнийг нь илаарьшуулж, үхлээс гэтэлгэсэн нэгэнд өөрийн амиар өртэй хэмээн бодож буй түмний сэтгэлийг буруутгах аргагүй. Гэхдээ нэг нь авч, нөгөө нь өгч дадсан эл байдлын балгаар мөнгөгүй хүн эмнүүлэх эрхгүй тогтолцоог бид “бойжуулж” байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбар дахь авлигын гинжин хэлхээг улам бэхжүүлж буй юм.
Трансперенси Интернейшнл олон улсын байгууллага аль салбарт авлига, хүнд суртал хамгийн элбэг байгааг судалсан байдаг. Тус судалгаанд оролцсон иргэдийн 60 орчим хувь нь эрүүл мэндийн салбарт хээл, хахуулийн асуудал хамгийн түгээмэл байдаг гэж хариулсан байна. Түүнчлэн АТГ-ын “Авлигын ерөнхий төлөв байдлын тухай судалгаа” -нд оролцсон иргэдийн 50 орчим хувь нь эмнэлгийн үнэ төлбөргүй үйлчилгээ авахад авлигын асуудалтай тулгардаг гэдгээ илэрхийлжээ. Мөн ийм нөхцөлд орсон иргэдийн 60 гаруй хувь нь авлига өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бол эмчийн гар хүндрүүлсэн иргэдийн 30 гаруй хувь нь хээл хахуульгүйгээр асуудлаа шийдвэрлэх боломжгүй гэж урьдаас мэдсэн учир хахууль өгсөн гэж хариулсан байгаа юм. Энд дурдсан тоо баримтаас энэ салбарын “идээ, бээр” ямар хэмжээнд хүрснийг харж болохоор байна.
Эмнүүлэх эрх үгүй
Тогтмол эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд эмч, мэргэжилтний хүнд суртал, хээл хахуулийн асуудал бүр ч их чирэгдэл болдог. Эмчийн хяналтад байх зайлшгүй шаардлагатай иргэд эмнэлгийн оочер, дугаар авч, цаг бичүүлэхдээ хүртэл хэн нэгний гар царай, харж, таван төгрөг атгуулах шаардлага тулгардаг аж. Түүнчлэн өнгө үзэмж, өмссөн зүүснээрээ алагчлуулж, үгийн муугаар “утуулах” тохиолдол элбэг.
Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж
Би тулгуур эрхтний бэрхшээлтэй учир эмнэлгийн хяналтад байх шаардлагатай. Гэхдээ эмчилгээ хийлгэх бүү хэл үзлэгт орох төдийд л маш их дарамт, тохуурхал мэдэрдэг. Эмнэлгийн ажилчид “гар хараад” сурчихсан байдаг. Цаг авахаас эхлээд л гар хүндрүүлэх шаардлага гарна. Мөн эмч нар харилцааны асуудалтай. Мөнгө өгөөгүй бол “Биеэ чагнаад байх юм. Зүгээр л байна” гэх зэргээр тоомжиргүй хандана. Биеийн зовуурь асууж, шинжилгээ, үзлэг хангалттай хийгээгүй хэр нь дураараа элдэв эм бичнэ. “Эмийн мөнгөө хүчрэх үү” гэх утгатай үг хэлж, илт доромжилно. Энэ байдлаас нь болоод аль болох эмнэлэг явахаас халгадаг болсон.
АТГ “Нийгэм улс төрийн боловсрол” ТББ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, хандлагыг тодорхойлох судалгаа”-г 2020 онд зохион байгуулсан байна. Судалгаанд оролцогчдын 75.1 хувь нь эрүүл мэндийн салбар, 70.7 хувь нь боловсролын салбарт авлига хамгийн их байдаг гэж хариулсан байдаг.
Хэрэгждэггүй журам хэнийг “хуурах” зорилготой вэ?
Эмнэсэн, эмнүүлсэн хоёр бие биедээ бэлэг сэлт, бэлэн мөнгө өгч авалцахыг талархсан сэтгэлийн илэрхийлэл гэж ойлгох нь ёс зүй хийгээд эрх зүйн хүрээнд харш юм. Монгол улсын хууль тогтоомжид “Албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулах ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг авлига гэнэ” гэж тусгасан байдаг. Түүнчлэн Эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээнд “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига, хууль бус шан харамж, хандив, бэлэг, албан бус төлбөр авахгүй ба үйлчлүүлэгчтэй давхар харилцаанд орохгүй байх” гэж заасан бий. Гэвч дээр дурдсан хууль, дүрэм журмын аль нь ч бодит байдал дээр хэрэгжихгүй, хянадаг, хайхаардаг субект байхгүй байна. Түүнчлэн иргэд ч энэ тал дээр илүү хариуцлагатай байж, өгч, авч дадсан ужиг хандлагыг өөрчлөх хэрэгтэй юм.

Авлигын гэмт хэрэг, ёс зүйн зөрчил хоёр ялгаатай. Үйлчлүүлэгч сайн дураараа өгсөн бэлгийг эмнэлгийн ажилтан авбал эмчийн ёс зүйн дүрмээ зөрчсөн үйлдэл. Ийм ёс зүйн зөрчил их байгаа учраас эмнэлгийн байгууллагын авлигын эрсдэл их байгаа юм. Эмнэлгүүдийн үйлчилгээ нь төрөөс явуулж буй үйлчилгээ тул бэлэг өгдөг тогтчихсон ёсыг эвдэх хэрэгтэй.
“Онч шийдэл” төрийн бус байгууллага нь 2020 онд авлигын эрсдэлийн үнэлгээний судалгаа хийж, эмнэлгүүдийг авлигын “оношилгоо”-нд оруулсан байдаг. Тус судалгааны үр дүн ч мөн дээр дурдсан мэдээллүүдтэй ойролцоо гарсан бөгөөд эмнэлгийн алба хаагчид “гар харж” дадсан болох нь тогтоогдсон байдаг.
Авахгүй бол амьдрахгүй юу?
Эрүүл мэндийн салбарт хээл хахуулийн асуудал бугласан нь олон шалгаантай. Тэдгээрийн хамгийн чухал нь ажлын ачаалал их, авдаг хэд нь бага юм. Эрүүл мэндийн салбар 56 мянга гаруй ажилчинтай. Үүнээс 13,698 нь эмч бол нийт алба хаагчдын 34.7 хувь нь бусад ажилчин, 26.4 хувь нь сувилагч болон тусгай мэргэжилтэн бий. Эмч нарын дундаж цалин 800-900 мянган төгрөг байдаг бөгөөд нэмэгдэл болон илүү цаг нь ороод 1.3-1.5 сая орчим төгрөгийн цалин авч байна. Харин сувилагчийн цалин 700-800 мянга бол бусад ажилчдынх 500-600 мянга байдаг. Харин ажлын ачаалал асар их. Ийн авдаг цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаагийн улмаас энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн нийгмийн асуудал ч орхигдсон байдаг. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын ажилчдын 72.9 хувь нь ямар нэгэн байдлаар зээлтэй гэх судалгаа бий бөгөөд ажилчдын 42 хувь нь түрээсийн байранд, 35 хувь нь гэрт, 5.5 хувь нь айлын хажуу өрөөнд амьдардаг аж. Харин ердөө 17.5 хувь нь өөрийн орон сууцтай гэх судалгаа гарсан байна. Тэгэхээр ар гэр, ахуй амьдралаас шалтгаалж авлига авч байж болзошгүй гэх ойлголт ч салбарынхан дунд байдаг.
Энэ салбарын хээл хахуулийн шалтгааныг зөв оношилж, уг углуургаар нь залруулахгүй бол мөнгөгүй хүн улсын эмнэлэг, эмч мэргэжилтний бараа харж чадахгүй амь тавьж мэдэх нөхцөлд ойрхон байна.