Хүний эрхийн Үндэсний Комисс “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийг Европын Холбооны санхүүжилтээр 2020 оноос хойш хэрэгжүүлж байна. Тус төсөлд Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймгуудын 12 сумын зорилтот бүлэг болох 1200 гаруй туслах малчин хамрагдаад буй аж.  Комиссоос туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилтийн талаарх судалгааг 2020-2021 онд хийсэн бөгөөд, судалгаанд зургаан аймгийн 18 сумын 1244 малчин хамрагдсан байна.

Тус судалгаа нь Монгол Улсад туслах малчны нийгэм, эдийн засгийн байдал, иргэний ба улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын болон хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн асуудлыг хөндсөн түүвэр гэдгээрээ онцлогтой.

Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилтийн талаарх судалгаанд хамрагдсан туслах малчин өрхүүдийн жилийн дундаж орлого орон нутгийн өрхийн жилийн дундаж орлоготой харьцуулахад 65.4 хувиар бага байна. Туслах малчин гурван өрх тутмын хоёр нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай байгаа юм. Түүнчлэн албан бус аман тохиролцооны үндсэн дээр ажилладаг бөгөөд ямар нэг тайлан бүртгэл, хяналтын тогтолцоо байдаггүй аж. Тиймээс өнгөрсөн гуравдугаар сард туслах малчинтай байгуулах хөдөлмөрийн гэрээний загварыг баталсан байна. Улмаар туслах малчин зөвшөөрсөн тохиолдолд цалин хөлсний 30-иас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгохоор тусгасан байна. Түүнчлэн мөнгөн бус хэлбэрээр олгох цалин хөлсөнд тамхи, согтууруулах ундаа, мансууруулах төрлийн эм зэргийг олгохыг хоригложээ.

Туслах малчдын 94.6 хувь нь долоо хоногийн өдөр бүр амралтгүй ажилладаг бөгөөд эрэгтэйчүүд өдөрт 10.28 цаг, эмэгтэйчүүд 9.65 цаг ажилладаг аж. Мөн судалгаанд хамрагдсан туслах малчдын хүүхдүүдийн 27.4 хувь нь ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхэлдэг, үүнийхээ төлөө цалин хөлс авдаггүй. Мөн туслах малчид хүчирхийлэлд өртөх тохиолдол түгээмэл байдаг аж. Судалгаанд хамрагдсан малчдын 8.6 хувь буюу нийт 101 малчин ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн байна. Тэдний 13.4 хувь нь сэтгэл санааны, 4.6 хувь нь бие махбодын хүчирхийлэлд өртсөн бөгөөд хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн 18.3 хувь нь ажил олгогч малчин, 27.2 хувь нь тэдгээрийн гэр бүлийн гишүүд байна. Зүй бус үйлдлийн улмаас хохирсон туслах малчдын 80 хувь нь ямар нэгэн тусламж аваагүй, холбогдох байгууллагад мэдэгдээгүй байна.

Төслийн  судалгааны талаар судалгааны багийн гишүүд болон малчид, орон нутгийн удирдлагууд дараах байр суурийг илэрхийллээ.

Улсын хэмжээнд 20,000 гаруй иргэн туслах малчнаар ажиллаж байна. Туслах малчны хөдөлмөрийн харилцаа нь ердийн хөдөлмөрийн харилцаанаас өөр. Хөдөлмөрлөх эрхийн зөрчил түгээмэл байдаг бөгөөд цалин хөлсний хэмжээ тодорхойгүй, шударга бус байна. Мөн туслах малчид ажлын байрны осол, гэмтэлд өртсөн тохиолдол хохирол барагдуулах боломж хомс. Түүнчлэн туслах малчдын талаарх нийгмийн үнэлэмж доогуур түвшинд байна. Мэдээллээс алс байдаг бөгөөд төрийн аливаа үйлчилгээг авах боломж хязгаарлагдмал байдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгайлсан заалт оруулах асуудлыг судалгаанд үндэслэж тавьсан. Ийм өөрчлөлт орсноор цалин хөлсний асуудлыг тодорхой болсон. Түүнчлэн туслах малчингаа дарамт хүчирхийллээс ангид байлгахыг ажил олгогчид үүрэгдсэн байгаа.

Манай аймагт 600 орчим туслах малчин бий. Туслах малчдыг чадавхжуулах төслийн хүрээнд малчдаас асуулга, судалгаа авсан. Судалгаагаар туслах малчны гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт зэргийг анхаарах зайлшгүй шаардлагатай нь харагдаж байсан. Түүнчлэн сэтгэл санаа, бие мах бодь, бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол ч элбэг байна. Ер нь туслах малчдын нөхцөл байдал үнэхээр хүнд байдаг. Төсөл хэрэгжиж эхэлснээр малчид хөдөлмөр эрхэлж буйгаа болон хөдөлмөрийн эрх, үүргийнхээ талаар ойлголттой болж байна. Энэ их чухал. Гэхдээ одоогоор хөдөлмөрийн гэрээ нь албажаагүй байна. Хэрэгжилтэд цаг хугацаа хэрэгтэй байх. Гэрээ байгуулаад, цалин хөлс олгоод явах боломжгүй ажил. Учир нь малчдын эдийн засгийн байдал байгаль, цаг уураасаа хараат байдаг. Тиймээс энэ хөдөлмөрийн харилцааны ойлголт урт хугацааны асуудал байх. Гэхдээ төсөл хэрэгжсэнээр малчдыг тогтвортой ажиллах хөрс суурийг бэлдэж байна

Би саяхнаас хувиараа мал маллаж байгаа. Өмнө нь үеэл ахындаа туслах малчин хийдэг байсан. Манай аймагт өнгөрсөн хавраас “Туслах малчдыг чадавхжуулах” төсөл хэрэгжиж эхэлсэн. Түүнээс өмнө өөрийгөө туслах малчнаар ажиллаж байгаа ч мэддэггүй байсан. Үеэл ахдаа дэм тус болоод л амьдардаг байсан. Цалин хөлсний тухайд, аман гэрээ байдлаар ажилладаг байсан. Жилд 200 хонь хургалуулсан бол 5-20 хувийг нь авах жишээтэй тохиролцдог байлаа. Гэхдээ зарим үед мөнгө төгрөг өгдөг байсан. Ихэнх туслах малчид аман гэрээгээр л ажилладаг. Эзэн малчид “Тусдаа гарахад чинь гэр барьж өгнө, мал хөрөнгө өгнө” гэх зэрэг амлалт авах нь элбэг. Гэхдээ хэлсэндээ хүрэхгүй байх, санаа нь хувираад, туслах малчнаа хөөж явуулах тохиолдол ч бий” гэлээ.