Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад (ЭЕШ) бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл, бичгийн шалгалтад зайлшгүй хамрагдсан байх шаардлагатай. Эл журам 2015 оноос хойш хэрэгжиж буй бөгөөд монгол хэлний шалгалтын хэмжээст оноод хүрээгүй сурагч ЭЕШ өгч, дээд боловсрол эзэмших боломжгүй болно. Энэ нь иргэдийн монгол хэлний мэдлэгийг сайжруулж, эх хэлний дархлааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой. Гэхдээ шалгалт авч, шаардлагаа “чангаруулахын” сацуу сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна. Ялангуяа, үндэсний цөөнхийн сурах эрхийг хангаж, хос хэлний хөтөлбөрийн хэрэгжилтийг чамбайруулах хэрэгцээ зайлшгүй тулгараад байна.

Хос хэлний хөтөлбөрт дүн тавив

Өнгөрөгч дөрөв, тавдугаар сард 2022 оны төгсөгчдөөс монгол хэл, бичгийн шалгалт авсан билээ. Тус шалгалтад нийт 33,138 иргэн хамрагдсан байна. Тэдний 1100 орчим нь Баян-Өлгий аймгийнх. Өөрөөр хэлбэл, 1000 гаруй үндэсний цөөнх эх орондоо дээд боловсрол эзэмших зорилгоор хэлний мэдлэгээ шалгуулсан байна. Гэвч тэдний 700 гаруй нь хангалтгүй оноо авч, боловсон хүчин болж, бэлтгэгдэх боломжоо “боомилуулсан” байгаа юм. Нэг нь бус нэжгээдээрээ монгол хэл мэдэхгүй байна гэж шүүмжлэхээс урьтаж боловсролын салбарын бодлого болон цөөнгүй жилийн турш “дуншиж” буй хос хэлний хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх нь зүй. Хүүхдүүдийн хэлний мэдлэг хангалтгүй байгаа нь сурах бичиг, сургах багш, суралцах орчин нөхцөл нь дутагдалтай, бодлогын хэрэгжилт сул байгаатай салшгүй холбоотой юм.

Сурах бичиг ч, сургах багш ч алга

Баян-Өлгий аймаг ерөнхий боловсролын 40 гаруй сургуультай. Үүний ердөө хоёр нь л монгол хэлээр сургалт явуулдаг. Харин нэг сургууль тува, монгол хэлээр хичээл ордог байна. Үлдсэн хувь нь казах хэлээр бүх хичээлээ заадаг. Казах хэлний сургалттай бага сургуулийн сурагчид хоёрдугаар ангиасаа эхлэн монгол хэлний хичээл үздэг ч бусад бүх хичээлээ казах хэлээр эзэмшдэг. Түүнчлэн тэдгээр хүүхдүүдэд зориулсан тусгай сурах бичиг огт байдаггүй. Монгол хэлний мэдлэггүй хүүхдүүд монгол хэл дээр бичигдсэн сурах бичгийг ашиглаж хэл сурна гэдэг амаргүй байдгийг сургуулийн алба хаагчид болон эцэг эхчүүд учирлаж байна. Үүнээс гадна Баян-Өлгийн аймгийн багш нарын олонх нь Казахстан улсад боловсрол эзэмшсэн байдаг аж. Тиймээс багш нар хүүхдүүдэд монгол хэлээр хичээл орох боломжгүй байдаг бөгөөд мэргэшсэн багш цөөхөн байдаг учир ихэнх сургуульд бага ангийн багш монгол хэлний хичээл заадаг байна.

Казах хүүхдүүд монгол хэл сурахад тулгамдаж буй асуудлын нэг бол сурах бичиг. Үндэсний цөөнх хүүхдэд монгол хэл сургах тусгай сурах бичиг байдаггүй учир Боловсролын хүрээлэнгээс гаргасан номыг ашиглаж хичээл ордог. Түүнчлэн монгол хэлний хичээлийг бага ангиас нь мэргэжлийн багш ордог болох хэрэгтэй. Гэтэл манай аймгийн сургуулиудад бага ангийн багш нь монгол хэл заадаг. Тэд монгол хэлний мэргэжлийн багш биш болохоор заах арга зүйн хувьд учир дутагдалтай.

Цөөнхийн хүүхдүүдэд зориулсан монгол хэлний хөтөлбөр шаардлагатай байна

Боловсролын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд “Бүх шатны сургалтыг төрийн албан ёсны хэл, бичгээр явуулж, уламжлалт монгол бичгийн сургалт, хэрэглээг үе шаттай нэмэгдүүлнэ. Суралцагчдын дийлэнх нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх байвал эх хэлээрээ бага боловсрол эзэмших нөхцөл, боломжоор хангаж, хос хэлний сургалтын бодлого, хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Ийнхүү 2018 оноос хос хэлний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ уг хөтөлбөрийн хэрэгжилт учир дутагдалтай байна. Сурагчид нэгдүгээр ангидаа бүтэн казах хэл, 2-4 дүгээр ангид казах хэл дөрвөн цаг, монгол хэл уран зохиолын хичээл долоон цагаар үздэг байна. Харин тавдугаар ангиасаа хоёр цаг казах хэл, монгол хэл, бичгийн хичээлийг долоон цагаар үзэхээр тусгажээ. Гэхдээ энэ хөтөлбөр нь үр дүн багатай болохыг ЭЕШ-ын үр дүн гэрчилж байна. Түүнчлэн хичээлүүдийг монгол хэл дээр үзэх ёстой ч хүүхдүүд сайн ойлгодоггүй болохоор багш нар эх хэл буюу казах хэл рүү орчуулан сургалт явуулдаг байна.

Үндэстний цөөнхийн хос хэлний боловсролын талаарх хуулийн заалтууд тунхгийн шинжтэй байна.  Цөөнхийн хос хэлний хөтөлбөр нь төрөлх монгол хэлтэй хүүхдээс тэс өөр байх учиртай. Гэтэл бүрэн дунд боловсролын казах хэлний хөтөлбөр, суралцахуйн удирдамж өнөөг хүртэл боловсруулагдаагүй. Монгол хэлний хичээл 2 дугаар ангиас эхлэн орж байгаа ч өнөөг хүртэл үндэстний цөөнхийн хүүхдүүдэд зориулсан бага ангийн монгол хэлний хөтөлбөр боловсруулагдаж гараагүй байна.