Одоогоос 10 гаруй жилийн өмнө хэд хэдэн хадгаламж зээлийн хоршоо санхүүгийн хямралд өртөж, дампуурлаа зарлаж байв. Улмаар хоршоодод итгэж, мөнгөө хадгалуулсан олон мянган иргэн эд хөрөнгө хийгээд сэтгэл санааны хохирол амссан юм. Хэргийн учгийг гогцоолдож, хэн буруутайг тогтоох учиртай хууль, хяналтын байгууллага хоршоодын эздэд таслан сэргийлэх арга хэмжээ авснаар асуудал намжив. Гэвч хохирогчийг хэн ч хайхарсангүй. Хохирлыг нь барагдуулах ямар нэг арга хэмжээ хаана ч авсангүй. Уг нь хоршоодын хөрөнгийн битүүмжилж, хохирогчдод олгох учиртай ч энэ ажил төгөлдөр хэрэгжиж, түмний мөнгийг барагдуулсангүй өнөө хүрлээ. Үүний улмаас хүч хөдөлмөрөөрөө олсон мөнгө зоорио алдсан иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй цөөнгүй бүл салж, олон хүүхэд амьдын хагацал үзсэн. Хохирсны хохь болж хоцордгийн ганцхан жишээ энэ. Нийт гэмт хэргийн 30 орчим хувийг эзэлж буй залилангийн хэрэг ч яг ийм зарчмаар шийдэгддэг. Товчхондоо, хохирогч хохирч, залилагч хождог зарчим манайд үйлчилдэг. Тоо сөхвөл, залилан мэхлэх гэмт хэргийн улмаас сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 536.5 орчим тэрбум төгрөгийн хохирол учирснаас 129.3 тэрбум төгрөгийн хохирлыг нь нөхөн төлүүлсэн байгаа юм. Энэ нь нийт хохирлын ердөө 24 хувь. Уг нь эд хөрөнгөө бусдад алдаж, их хэмжээний хохирол амссан хүмүүсийн эцсийн хүсэл нь, гэмт этгээдийг хорьж, цагдаж, улсын хөрөнгөөр тэжээх бус хохирлоо барагдуулж, хөрөнгөө буцаах байдаг. Гэвч манайд энэ процесс урвуу байдлаар хэрэгждэг.

Залилан хийсэн этгээдийн нэр дээрх хөрөнгийг битүүмжилж, хохирол барагдуулах байдлаар ажилладаг. Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн санаатай хэлбэрээр үйлдэгддэг учир залилан хийж буй этгээд нэр дээрээ өмч хөрөнгөгүй байх нь элбэг. Гэсэн ч залилсан хөрөнгөө хэн нэгний нэр дээр шилжүүлсэн эсэхийг нягтална. Хэрэв үрчихсэн тохиолдолд хүмүүсийн хохирол барагдуулах шүүхийн шийдвэр гардаг. Хэдий хугацаанд, хэрхэн барагдуулахыг нь нарийвчлан тусгах боломжгүй. Гэмт этгээдэд учруулсан хохирлоос хамаарч таслан сэргийлэх арга хэмжээ авна.
Хөрөнгөө алдаж, хохирсон этгээд л хохирогч хэвээр хоцордог гэж ойлгох нь бас өрөөсгөл юм. Хүчирхийлэл, хүчин, хулгай, дээрэм, осол гэмтэл зэрэг бүхий л төрлийн гэмт хэрэгт хохирогч хохирсон чигээрээ торойж хоцордог явдал бүр ужиграсан. Ганц жишээ нэмж дурдахад, бэлгийн хүчирхийлэлд өртөж, бие сэтгэлийн хохирол амссан охид, эмэгтэйчүүдэд ямар нэг нөхөн төлбөр олгодоггүй бөгөөд сэтгэл заслын болон эрүүл мэндийн үйлчилгээ огт үзүүлдэггүй. Зөвхөн гэмт этгээдэд хариуцлага тооцох байдлаар асуудлыг шийдвэрлэдэг юм. Хүчирхийллийн хохирогч болсон охид, эмэгтэйчүүд хохирлоо барагдуулах нь бүү хэл бусдын хэл амны бай, хов живийн золиос болдог учир “Би хохирсон. Миний бие, сэтгэлийн хохирлыг барагдуул” гэж хэрүүл, зарга хийж чадалгүй “бүлх залгидаг”.

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагаас зөвхөн гэмт хэрэгтэнд хорих ял оногдуулан, хариуцлага хүлээлгэж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн сэтгэл санааны хохирлыг нь тооцон нөхөн олговор олгодог зохицуулалт манай улсад байдаггүй.
Хууль гэх гууль
Гэмт хэрэг үйлдсэн нь хождог урвуу тогтолцоо эрх зүйн чадамжгүй байдалтай холбоотой. Уг нь манай улсад хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төрүүлэх эрхийг НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт болон Монгол Улсын Үндсэн хуульд хуульчилсан байдаг. Тус баримт бичгүүдэд “төр иргэнийхээ эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг нь сэргээх үүргийг хариуцах” хэмээн тусгасан нь бий. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэнд “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг”, 19 дүгээр зүйлд төрийн “хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг” тус тус заасан байна. Түүгээр ч зогсохгүй дээрх хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Гэвч хэрэгжилт хангалтгүй байна. Учир нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрхийг хангах чиглэлээр эрх зүйн зохицуулалт шинэчлэгдсэн боловч түүнийг хэрэгжүүлэх арга барил шинэчлэгдээгүй байгаа юм. Тухайлбал, 2017 онд батлагдсан эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар хүний эрүүл мэндэд хохирол учруулахтай холбоотой заалт орсон ч хуультай нийцүүлж хохирлыг үнэлэх аргачлал шинэчлэгдээгүй байна. Үүний улмаас хүн, хуулийн этгээд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулж, хор уршгаа нөхөн төлүүлж чадахгүй байсаар байгаа юм.
Сэтгэл, сэтгэц ч өвчилж, хохирдог
Манай улсад гэмт хэргийн хохирлыг үнэлж тогтоож, нөхөн төлүүлж байгаа эсэх судалгааг “Нээлттэй нийгэм” форум, Монголын криминологичдын холбооноос хийсэн байна. Тус судалгаагаар гэмт хэргийн улмаас жилд 37-38 мянган хүн хохирдог нь тогтоогджээ. Тэдгээрийн 20 гаруй хувь нь эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд 8000-9000 хүн сэтгэл санааны хохирол амссан байна. Гэвч манайд ийм төрлийн эдийн бус хохирлыг тогтоох жишиг үнэлгээ байдаггүй учир хохирлын хэмжээг тодорхойлж чаддаггүй байна. Түүгээр ч зогсохгүй, хэчнээн иргэн сэтгэл санааны хохирол амсаж байгаа талаарх тоо, мэдээлэл хаана ч алга. Гэмт хэргийн статистик үзүүлэлт болон бусад хууль сахиулах байгууллагаас гаргадаг тоо, мэдээлэлд зөвхөн бие махбодод учирсан эрүүл мэндийн статистикийг дурдсан байгаа юм. Эрүүгийн хуульд хүний эрүүл мэндийн хохирлыг бие махбодын болон сэтгэл санааны хохирол гэж ангилан тогтоож, мөнгөн хэлбэрээр үнэлэхээр зохицуулсан байдаг. Гэвч Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн даргын баталсан “Хүний биед учирсан гэмтлийн зэрэг тогтоох заавар”-ын агуулга өөрчлөгдөөгүй, сэтгэл санааны хохирлыг үнэлэх нэгдсэн аргачлал батлаагүй хэвээр байна. Үүний улмаас хуулийн хэрэгжилт хангалтгүй, хохирогч сэтгэл санааны хохирлоо барагдуулж, нэхэмжлэх боломж, нөхцөл хязгаарлагдмал байгаа юм.
Хохирогчийн хохь, хэрэгтний зол
Манай улсад шийтгэлийн механизм хэрэгжиж байгаа ч хохирогчийн асуудлыг анхаарч, шийдвэрлэх том орон зай хоосон байгаагийн улмаас гэмт хэргийг гаралт нэмэгдэж, амар аргаар амьдрагсад өдрөөр бус цагаар өсөж байна. Зөвхөн 2018 онд гэмт хэргийн улмаас 193.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, дээрх хохирлоос 32.4 тэрбум буюу 16.8 хувийг нөхөн төлүүлсэн байна. Түүнчлэн тухайн жил 36620 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас 33566 хүн, 57 хуулийн этгээд хохирч, 934 хүн нас барсан байна. Гэвч золгүйгээр эрсэдсэн монгол хүний алтан амийг үнэлэх үнэлгээ бага төдийгүй төлбөр авагчийн хуулийн дагуу хохирлоо төлүүлэх эрхийн хэрэгжилт мөн л хангалтгүй байгаа нь “Монгол Улсад гэмт хэргийн хохирлыг үнэлж, тогтоож, нөхөн төлүүлж байгаа нөхцөл байдал” судалгаагаар тогтоогдсон байна.
Ийн товчхондоо, манай улсад хохирогчийг хамгаалах, хохирлын үндэсний тогтолцоо алга. Бүр хохирлын жишиг үнэлгээ ч байхгүй байна. Тиймээс эл асуудлыг шийдвэрлэж, хохирогчийг хамгаалах тогтолцоог нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байна.