
“Дархан аварга А.Сүхбат: Монголчууд үнэн байхад л дуртай” хэмээх ном уншигчдад хүрчээ. Үүнтэй холбогдуулан тус номын зохиогч, А.Сүхбат аваргын авга ах Н.Зоригтбаатартай ярилцлаа.
-Та хэзээнээс А.Сүхбат аваргын тухай ном бичье гэж төлөвлөсөн юм бэ?
-“Дархан аварга А.Сүхбат: Монголчууд үнэн байхад л дуртай” гэдэг энэ номыг нэлээд нухаж байж гаргалаа. Энэ бол миний бөхийн сэдвээр бичсэн тав дахь ном. Энэ номын өмнө 2010 онд “Эгнэшгүй хүчит Намхай аварга” гэж ном бичсэн. Мэдээж ном бичнэ гэдэг амаргүй. А.Сүхбат аварга 2001 оны наадмаар 1024 бөх барилдахад түрүүлж аварга цол хүртсэн. Аварга цолных нь найран дээр би түүнд өөрийнх нь амжилт, амьдралын түүхээр ном бичиж өгөхөө амласан юм. Тэр үед би “Дайчин вангийн хулгар Нацаг” гэж ардын хувьсгалаас өмнө нь барилдаж байсан даншигийн арслан цолтой халхын сайхан эр, агуу их хулгар Нацагийн тухай жижигхэн ном бичсэн байсан юм. Аваргын найранд 370 хүн ирсэн. Ирсэн хүн бүрт тэр номоо бэлэглэсэн. Найранд нь ирсэн хүмүүсийн алгыг тэнийлгэх ёстой гэж үзсэн юм. Аварга “Ах аа, би үүнийг бодож байгаагүй юм байна. Найранд ирсэн хүмүүсээс юм аваад л байдаг. Өөрөө юм өгдөггүй. Сайндаа л нэг тавгийн боов, ууцны хишиг өгдөг. Үүнээс хойш бодмоор юм байна” гээд найранд нь ирсэн хүмүүст ном бэлэглэсэнд их баярласан. Тэгээд миний амлалтыг зөвшөөрч “За танд эрхийг нь өгье. Та миний тухай ном бичээрэй” гэж хэлсэн. Түүнээс хойш ярилцаж байгаад тэмдэглэл хөтөлдөг болохыг нь олж мэдээд “Тэмдэглэлээ хэнд ч үзүүлж болохгүй шүү” гэж захисан. Зодог тайлснаасаа хойш нэг жилийн дараа тэмдэглэлээ зогсоосон юм билээ. Тэр тэмдэглэлүүдийг нь би өнгөрсөн намаржингаа уншлаа. Ер нь номдоо бүгдийг нь оруулсан. “Монголчууд үнэн байхад л дуртай” гэдэг номын нэр бол А.Сүхбат аваргын өөрийнх нь хэлсэн үг байгаа юм. Номынхоо нэрийг дөрөв, таван нэрээс сонгохоор хүмүүстэй зөвлөлдсөний эцэст хоёр нэр үзүүр, түрүүнд үлдсэн. Нэг нь “Ард түмэн үнэнд л дуртай”, нөгөө нь номын нэрээр сонгогдсон “Монголчууд үнэн байхад л дуртай” гэдэг нэр.
-Хэдэн оноос хойш тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм бол?
-1986 оноос тэмдэглэл хөтөлж ирсэн юм билээ. 1986 онд Хонхор өртөөний найман жилийн дунд сургуульд наймдугаар анги төгсөөд есдүгээр ангид орохын оронд ээжтэйгээ зөвлөлдөж байгаад Барилгын техникум буюу одоогийн Барилгын коллежид орсон тухайгаа тэмдэглэлдээ бичсэн байсан. 1985 онд 15 настайд нь аав нь бурхан болж ээж нь 11 хүүхэдтэйгээ үлдсэн. Бүх зүйл ээжийнх нь толгой дээр ирсэн гэсэн үг. Тиймээс А.Сүхбат аварга бушуухан мэргэжилтэй болоод ээждээ нэмэр болох ёстой гэсэн бодлоор Барилгын техникумд орсон тухай тэмдэглэлээр нь энэ ном эхэлж байгаа. Хамгийн сонирхолтой хэсгийг нь хамаагүй яриад яахав. Хүмүүс өөрсдөө унших байх.
-Номоо бичиж эхлэхээсээ өмнө аваргатай нэлээд их ярилцав уу?
-Асууж тодруулах шаардлагатай зүйлсээ чөлөөтэй асуусан. Тэмдэглэлийн дэвтрээ өгөөч гэж нэлээд их гуйсан. Аварга “Цаг нь болсон юм уу, ах аа” гээд өгөхгүй нэлээд байж байгаад өгсөн. Өөрөө бол “Тэтгэвэрт гарсныхаа дараа сайхан сууж байгаад дурсамжаа бичнэ гэж боддог” гэж яриад байсан. Хэзээ ч тэтгэвэрт гараа билээ. “Өөрийг чинь тэтгэвэрт гарах үед фэнүүд чинь бүгд хөгширнө. Залуучууд огт мэдэхээ байна. Номын борлуулалтын зах зээл ч байхгүй болно” гэж хошигнож байгаад тэмдэглэлийг нь авсан л даа. Ер нь түүхийг чинь бичье, таны амьдралаар уран сайхны кино хийе, таны тухай ном гаргая гэж олон хүн ханддаг гэсэн. Ийм саналтай байгаагаа надаар дамжуулж хэлүүлж байсан тохиолдол ч байдаг. Номоо бичих явцдаа олон юм тодруулж асуусан. Тухайлбал, дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын зөвхөн хоёулхнаа мэддэг зүйлийг ч энэ номдоо оруулсан. 2014 оны наадмаар гурвын даваанд А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарыг ам авахыг зэрэг дуудсан. Ам авахаар явахад нь би хүрэн дээлийг нь бариад ард нь зогсч байлаа. Ам авахуулахаар зэрэг дуудахад нь А.Сүхбат аварга жигтэйхэн хурдан алхаад яваад өгсөн. Г.Өсөхбаяр аварга араас нь тэмээ шиг гунхаад зөөлхөн алхаад л. Би А.Сүхбат аваргыг хараад л байлаа. Хөлийн цэц дээр дөнгөж очоод л буцаад эргэсэн.
-Ам авахаар явахаасаа өмнө танд хэнийг амлахаа хэлсэн үү?
-Надад л ганцхан хэлсэн. Бид хоёр урд шөнө нь нэлээд ярилцаж суусан. Яах бол, одоо юу болдог бол гээд л. А.Сүхбат аварга хөлийн цэц дээр дөнгөж очоод л эргэхдээ Г.Өсөхбаяр аваргатай зөрсөн. Тэр хоёрын ойр хавьд нэг ч хүн байгаагүй. Зөрөхдөө хоорондоо нэг юм ярих шиг болсон. Гурав, дөрвөн секунд л болсон байх. Г.Өсөхбаяр аварга цаашаа хоёр гурав алхсанаа буцаад алхчихсан. Өөрийг нь амлачихсаныг мэдээд хөлийн цэц дээр очилгүй буцсан хэрэг л дээ. Би ч яг л авлаа даа гэж бодож зогссон. Тэр хоёр зөрөхдөө юу ярьсныг мэдсэн ганц хүн нь бий. Зөрөхдөө ярьсан зүйлийг нь энэ номд бичсэн.
Түрүүний аварга нь дараачийн аваргаа авдаг эрэмбэтэй гэдгийг түүхэнд мөнхөлж өгөхгүй юм бол хүмүүс ойлгохгүй юм байна. Уламжлал гэдгийг ингэж л харуулж яс маханд нь шингээж өгөхгүй бол наад бөхийн холбооныхон чинь ойлгохгүй нь
-Таныг А.Сүхбат аваргын авга ахынх нь хувьд түүнтэй нэлээд ойр дотно байдаг юм байна гэж ойлголоо. Аварга тантай их ярилцаж зөвлөлддөг үү?
-А.Сүхбат аваргын амьдрал, барилдааны тэмцлийн явцад тохиолдсон буруу зөрүү алдаатай юм бий. Оносон ч юм бий. Яг одоо буруу юм шиг харагдаж байгаа ч 20, 30 жилийн дараа гарцаагүй зөв болох ч юм бий. Тэр бүгд бол цаг хугацаагаар хэмжигдэнэ. Тэр бүхэнтэй нь холбоотой байсан хүн нь би. Тухайлбал, 2006 онд зодог тайлна гэдгийг ердөө хоёрхон хүн мэдэж байсны нэг нь би. Зодог тайлна гээд наадмаас хоёр гурван хоногийн өмнө шийдвэрээ гаргачихсан байсан. Сүүлд нь ярилцлага өгөхдөө “Төв цэнгэлдэхийн уур амьсгалыг мэдрээд шийдвэр гаргасан” гэсэн байна лээ. Тэр бол тактик л даа. Зодог тайлна гэдгийг нь мэдэж байсан учраас би анх удаа наадам үзэлгүй өнжсөн. Энэ бол миний Төв цэнгэлдэхэд наадам үзэж байгаагүй ганц тохиолдол. 2014 онд гурвын даваанд Г.Өсөхбаяр аваргыг амлана гэдгийг бид хоёр л ярьж байгаад шийдсэн. Энэ тухай өөр хэнд ч хэлээгүй. Харин наана нь бол тоглоом маягаар туршилт зөндөө явуулсан л даа. Хоёрын даваа дуусахын алдад А.Сүхбат аварга Н.Батсуурь хүүтэйгээ сууж байсан Г.Намсрайжав харцагын дэргэд очоод “Наяа ах аа би гурвын даваанд Өсөхөөг авна аа” гэж хэлсэн. Г.Намсрайжав харцага “Энэ 512 бөхөөс хэн дуртайгаа авдаг номер нэг эрх чамд л байгаа ш дээ. Та хэнийгээ авахаа өөрөө л мэд” гээд л тоглоом хийсэн. Тэгэхээр нь А.Сүхбат аварга “За Наяа ах аа, би монголчуудад хэлнэ шүү. Өсөхөөг та л ав гэсэн шүү. Хэрэв буруудвал би тан руу чихнэ шүү” гээд тоглоом хийгээд байхгүй юу. Хажууд нь сууж байсан Н.Батсуурь, Б.Бадам-Очир, Ц.Гэрэлт-Од, Ө.Даваабаатар, Л.Пүрэвжав нар ч аваргыг юу хийх гээд байгааг мэдэхгүй тоглож байна л гэж бодсон байх. “Аа багш тоглож байгаа байлгүй дээ. Арай ч болохгүй ш дээ. Багш Өсөхөөг авчих юм бол баларсан юм болно биз дээ” гээд л инээлдээд, хүн үнэмшихгүй байгаа байхгүй юү. Би ч чимээгүй яриаг нь сонсоод л байсан. Хоёрын даваа дуусаад л А.Сүхбат аварга “Ах аа, энэ бөхийн холбоо арай ч дээ. Бөхийн холбооныхон намайг ингэж хавчиж байгаа юм бол би ярьж байснаараа гурвын даваанд Г.Өсөхбаяр аваргыг амлалаа” гэсэн. Би ч дотроо палхийгээд л явчихсан. Монгол Улсын бөхийн түүхэнд дархан аварга цолтон дархан аварга цолтой бөхөө амлаж авч байсан тохиолдол их цөөхөн байдаг юм. Гэхдээ нутгийнхаа юм уу, эсвэл төрсөн ахыгаа жишээ нь, Намхай аварга төрсөн ахынхаа цолыг ахиулах гэж дэмжиж ахыгаа амласан байх жишээтэй. Яг ингэж тэмцлийн журмаар ам авч байсан тохиолдол бол байгаагүй. “Ерөөсөө л Г.Өсөхбаяр аваргыг амлаж авна” гээд дахин дахин надад хэлээд байсан. Би ч дуугүй зогсоод л байлаа. Бүр түүнийг амлах шалтгаанаа тайлбарлаж эхэлсэн. “Ах аа, ах аа ингэхгүй бол наадуул чинь ерөөсөө намайг ойлгохгүй юм байна. Эрэмбэ гэдгийг ч ойлгохгүй байна. Яагаад гэвэл, би 2004 онд дөрөв дэх удаагаа түрүүлсэнд тооцогдоод дархан аваргын болзол хангасан. Надаас таван жилийн дараа Г.Өсөхөө аварга дөрөв түрүүлж дархан аваргын болзол хангасан. Түрүүний аварга нь дараачийн аваргаа авдаг эрэмбэтэй гэдгийг түүхэнд мөнхөлж өгөхгүй юм бол хүмүүс ойлгохгүй юм байна. Уламжлал гэдгийг ингэж л харуулж яс маханд нь шингээж өгөхгүй бол наад бөхийн холбооныхон чинь ойлгохгүй нь” гэсэн. Түүнээс биш Г.Өсөхбаяр аварга руу бол дайраагүй юм. А.Сүхбат аварга сүүлд нь ярьж байхдаа “Өсөхөө бол сайн хүн. Манай Өсөхөөг цаана нь л хүмүүс үймүүлээд байна” гэж ярьж байсан.

-2015 оны наадмаар барилдана гэж байгаад больчихсон. Энэ шийдвэрийг ч гэсэн тантай зөвлөлдөж гаргасан уу?
-2015 онд барилдана гэж байгаад наадмын яг өмнө “За энэ удаа больё” гэж шийдсэн. Энэ шийдвэрийг ч гэсэн бид хоёр ярьж байгаад л гаргасан.
-А.Сүхбат аварга таны зөвлөгөөг хэр авдаг вэ?
-Миний зөвлөгөөг авахдаа авдаг. Авахгүй тохиолдол ч байна. Аварга өөрөө юмыг маш сайн боддог. Аваргын бодож төлөвлөсөн зүйл ихэнхдээ зөв байдаг. Би Г.Өсөхбаяр аваргыг гурвын даваанд амлаж авахыг нь болиулах гэж их хичээсэн. Тэгэхдээ эцэст нь өөрийнх нь зөв байсан. Хэрэв тэгээгүй бол түрүүлж дархан аварга болсон хүн нь заавал ам авдаг гэдэг 370 жил мөрдсөн ард түмний уламжлал алдагдаж, бичигдээгүй хууль зөрчигдөх байсан. 2014 оны наадмын өмнө олон хүн бидэнд зөвлөсөн. “Хаанаас ч гарсан яадаг юм. Чи наад дүүдээ хэлээч. Яасан тэнэг юм” гээд л.
-Ер нь бол ингэж барилдъя, тэгж барилдъя гэхээсээ илүү Г.Өсөхбаяр аваргыг амлахаа чухалчилсан юм уу?
-Тийм. Амлах нь л чухал байсан. “Амлая ах аа. Амлаад л буугаад өгчихье. Өсөхөөг даваа ахиулчихъя. Би Өсөхөөг ингэнэ гэж үнэхээр зүүдлээгүй” гээд нулимс унагасан. Нэгийн даваанд гарах гээд дэвээд зүүн талд очсон чинь Өсөхөө урд нь хөндлөн зогсоод байсан. Тухайн үед А.Сүхбат аваргын нүүр нь мэнчийгээд л их хачин болсон. Нэгийн давааны дараа яг хэнтэй барилдсанаа ч санахгүй байсан. Барилдаж ирчихээд “Ах аа энэ их чанга хүүхэд байна. Хоёр гар таслах гэж байна шүү золиг чинь. Ямар хүүхэд байсан бэ” гэж надаас асуусан. Тэгж их нервтсэн байсан. “Би Өсөхөөг ингэнэ гэж бодоогүй” гээд л тэр хооронд бодоод байсан юм байна лээ. Хоёрын даваа дуустал бодоод л “За би Г.Өсөхбаяр аваргыг амлаж авъя” гэж хэлсэн. Наадмын дараа “Би их буруудлаа ах аа. Нэгдүгээрт, энэ жил би ямар цол авна гэж бодож байсан ч биш. Хоёрдугаарт, яг ийм юм болно гэж бодоогүй учраас бэлтгэл хийгээгүй. Мэдсэн бол бэлтгэл хийдэг байж” гэж хэлж байсан. Баянаа аварга бас сүүлд нь “А.Сүхбат Г.Өсөхбаяртай барилдах ёстой байсан юм. Барилдсан тохиолдолд А.Сүхбат огт бэлтгэлгүй байсан ч Г.Өсөхбаярыг хаяна” гэсэн. Тэгэхээр би “Яагаад, Г.Өсөхбаяр бол байнгын бэлтгэлтэй байгаа. Манай аварга бол огт бэлтгэлгүй байсан шүү дээ” гэтэл “Яалаа гэж. Шал өөр. Г.Өсөхбаяр бэлтгэл хийгээд хийгээд А.Сүхбатыг хаях чадваргүй. Харин А.Сүхбат бол ямар ч бэлтгэлгүй байтугай халуураад бие нь маш муу байсан ч ямар ч хүнийг нэг удаа хаях ер бусын аргатай хүн. А.Сүхбат аваргаас хүний санаанд оромгүй зүйл гарна. Би багш нь юм чинь мэдэлгүй яахав” гэж билээ.
“Г.Өсөхбаяраасаа түрүүлж дархан аварга болсон учраас насан туршдаа өмнө нь гарна. Энэ жилдээ би дүү аваргаа хүндлээд нэг удаа өнжье дөө” гэж хэлсэн.
-Одоо бол А.Сүхбат аварга зодоглохгүй гээд шийдчихсэн байгаа юу?
-Яг барилдахгүй гэж хэлээгүй. 2015 онд сайхан барилдана гээд бэлтгэл сайн хангасан. Улсын заан Д.Амгаланбаатар, харцага Л.Пүрэвжав, Ө.Даваабаатар гээд шавь нартайгаа бэлтгэл дээр яс үзэж байсан. Аваатай, өгөөтэй барилдаж өндөр хэмжээнд бэлдсэн байсан. Гэвч яг наадмын өмнө барилдахаа больсон шүү дээ. Ийм шийдвэр гаргахдаа “Г.Өсөхбаяраасаа түрүүлж дархан аварга болсон учраас насан туршдаа өмнө нь гарна. Энэ жилдээ би дүү аваргаа хүндлээд нэг удаа өнжье дөө” гэж хэлсэн. Хамгийн гол нь нэг удаа гэж хэлсэн юм. Тийм учраас дахин барилдахыг үгүйсгэхгүй. Удахгүй болох сонгуульд нэр дэвших бодолтой байгаа юм билээ. Нэр дэвшвэл нэгдүгээрт, сонгууль гэж явсаар ядарна. Хоёрдугаарт, наадам тулчихна. Тэгэхээр энэ жилдээ яах ёстой юм мэдэхгүй байна. Сонгуульд нэр дэвшихгүй тохиолдолд барилдаж магадгүй л дээ.
-Монгол үндэсний бөхийн түүхэнд барилдахгүй гэдгээ албан ёсоор зарлачихаад дахин барилдсан тохиолдол А.Сүхбат аваргаас өөр байдаг юм уу?
-Монгол Улсын түүхэнд ч бий. Дэлхийн түүхэнд ч бий. Олимпийн төрөлтэй барилдаанууд ч байдаг. Зодог тайлсан тамирчин буцаад барилдсан тохиолдол олон байдаг. Би үүний хоёр жишээг энэ номдоо оруулсан.
-А.Сүхбат аваргын хүү барилдаж эхэлсэн. Аварга хүүдээ өөрийнхөө барилдааны ур чадвараас зааж байгаа юу?
-Аваргын хүү С.Хангайг жаахан байхаас нь мэднэ. Би тэдний хоолыг олон жил буудсан хүн шүү дээ. С.Хангай бол хоёр талын дархан аваргын удамтай сайхан хүү. Ер нь бол Г.Өсөхбаяр аваргын дайны шахуу нуруутай, одоо дөнгөж 20 настай хүү байгаа юм. Жүдо бөхөөр хичээллэдэг. Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын удирдлага дор жүдо бөхөөр хичээллэж байгаа. Гайгүй сайхан бөх болчих байх гээд л харж байна. Гэхдээ хүүхдийг хамаагүй магтаж болохгүй.