
Нойргүйдэл гэдэг сэдэв бидэнд тийм ойр байсангүй. Харин сүүлийн жилүүдэд цахим хэрэглээ, нийгмийн стресс, ажлын ачаалал, мэдрэлийн ядаргаа зэргээс үүдэн бидэнтэй ойр дотно байх болов.
Монголчуудын дундах нойргүйдлийн талаарх хамгийн сүүлийн судалгаа нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2013 онд хийсэн судалгаа. Энэхүү судалгаанд дурдсанаар насанд хүрсэн хүмүүсийн 17.1 хувь нь нойрны эмгэгтэй буюу таван хүн тутмын нэг нь нойрны эмгэгтэй хэмээн дурджээ. Мөн монголчуудын 18.5 хувь нь сэтгэл түгшилттэй, 16.2 хувь нь мэдрэл сульдалттай, 4.4 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй болохыг энэхүү судалгаанд дурджээ. Нойргүйдлийн эмч нарын хэлж буйгаар манай улсын иргэдэд зонхилон тохиолдож буй нойргүйдэл нь стрессээс үүдэлтэй, сэтгэл зүйн хямралтай хавсарсан байдалтай байгааг онцолж байна.
Нойргүйдлийн улмаас эмнэлэгт хандаж буй хүмүүсийн 70-80 хувь нь ковидын дараах нойргүйдэлтэй

Сүүлийн хоёр жилийн хугацаанд нойргүйдлийн өөр нэгэн шинэ хэлбэр “мэндэлсэн” нь ковидын дараах нойргүйдэл. Ковид туссаны улмаас яагаад нойргүйдэлд хүрээд байгаа талаар “Better mind” нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлгийн ерөнхий эмч, сэтгэцийн эмгэг судлаач, сэтгэл засалч эмч М.Мандахаас тодрууллаа. Тэрээр “Ковид яагаад нойргүйдэл, сэтгэл санааны хямралыг үүсгээд байгаа вэ гэхээр коронавирус нь мэдрэлийн ширхгийн гадна талаар байдаг миелиний бүрхүүлийг цочроож, гэмтээж байна. Үүнтэй холбоотойгоор зөвхөн нойргүйдэл төдийгүй мэдрэлийн ядаргаа, ковидын дараах цочромтгой байдал үүсэж байна” гэсэн юм. Тус эмнэлгийн нэг эмчид ойролцоогоор өдөрт 15-20 хүмүүс үзүүлдэг бөгөөд үүний 70-80 хувь нь ковидын дараах нойргүйдэлтэй, ковидын дараах мэдрэлийн ядаргаатай, сэтгэл санааны хямралтай байгаа аж. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийнх нь ачаалал ч эрс нэмэгдэж. Хамгийн гол нь ковидын улмаас нойргүйдлийн асуудалгүй байсан хүмүүс анх удаа нойргүйдэлтэй тулгарч буй нь их байгаа бөгөөд байнгын бус заримдаа нойргүйддэг байсан хүмүүсийн далд байсан “асуудал” сэдэрч гарч ирж байгаа гэдгийг ч мөн хэллээ. Ковидын дараах нойргүйдэл нь архаг биш богино хугацаанд үргэлжилж буй учир эмчилгээний үр дүн сайн байгааг онцлоод 10-20 хоногийн дотор бүрэн эмчлэгдэж, цаашдаа эмчилгээгүйгээр хэвийн унтаж байгаа гэв.

Халдвар тархахаас өмнө нийт хүн амын 17 хувь нь нойрны асуудалтай байсан. Харин цар тахал, хөл хорионы улмаас дэлхий даяар нойрны асуудалтай хүмүүсийн хувь 38 болж өссөн. Өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэг нь нойргүйдэлтэй байна. Цар тахал, хөл хориотой холбоотой сэтгэл зүйн асуудалд өртөж, нойрны асуудал үүсэж байгаа ба нойрны үргэлжлэх хугацаа багасах, нойр ханахгүй байх, нойр хүрэхгүй байх, шөнөдөө хэд хэдэн удаа сэрж нойр хулжих эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байна.
Хүүхдийн нойргүйдэл заавал хавсарсан эмгэгтэй байна
Нойргүйдэл нь зөвхөн томчуудад ч хамаатай бус хүүхдүүдэд “халдаад” эхэлжээ. Эмч нарын зүгээс нойргүйдэлд насны хязгаар байхгүйг хэлж байна. Нойргүйдлийн асуудлын улмаас эмнэлэгт хандах хүүхдүүдийн тоо сүүлийн үед нэмэгдэж буй бөгөөд сэтгэл зүйн ямар нэгэн хямралтай хавсарсан байх нь түгээмэл байдаг байна. Тодруулбал, оюун ухааны хоцрогдол, аутизм, хөдөлгөөнтөх эмгэг, сэтгэл гутрал, дэлгэцийн донтолт хүүхдийн нойргүйдэлттэй ямар нэгэн байдлаар хавсарсан байгааг эмч нар онцолж байна.
Нойргүйдэлтэй удаан “найзалвал” даралт ихсэх, таргалах, чихрийн шижинтэй болох, хорт хавдраар өвдөх эрсдэлтэй
Нойргүйдлийн асуудлаа шийдэж чадахгүйн улмаас хамгийн түрүүнд үүсдэг хорт нөлөө бол сэтгэл зүйн тавгүй байдал байдаг аж. Хоёрдугаарт, хүний сэтгэхүйн процессууд болох анхаарал төвлөрөлт муудах, хурд нь удааширдаг бол гуравдугаарт биеийн эрч хүч алдагддаг байна. Энэ бүгд богино хугацааны нойрны алдагдлын шинжүүд аж. Харин урт хугацааны нойрны алдагдлын дүнд түгших, гутрах, дархлааны тогтолцооны үйл ажиллагаа сулрах, ханиад томуунд өртөмтгий болох зэрэг илэрдэг байна. Бүр цаашилбал даралт ихсэх, таргалах, чихрийн шижинтэй болох, зарим төрлийн хавдрууд үүсэх магадлалтай болдог гэнэ. Гэхдээ сүүлд дурдсан шалтгаанууд нь хоёроос дээш жил нойрны алдагдалд өртсөн хүмүүст тохиолддог байна.

Архаг нойргүйдэлтэй хүмүүсийн нэлээд хувийг насан туршдаа ээлжийн ажил хийсэн хүмүүс эзэлдэг. Энэ нь зүрх судасны эмгэг, тархинд цус харвах, уушгины багтраа өвчин, нойргүйдлын улмаас стресстэх, сэтгэл гутрах, айдас түгшүүрээс үүдэн ходоодны шархлаа өвчин зэрэг үүсэх нөхцөл болдог.
Альфастим буюу долгион эмчилгээ
Нойргүйдлийг эмчлэх хэд хэдэн эмчилгээнүүдийг эмнэлгүүд хийж буй бөгөөд энэ дундаас хамгийн үр дүнтэй байгаа хоёр эмчилгээний талаарх мэдээллийг хүргэе. Эхнийх нь альфастим аппарат эмчилгээ юм. Энэхүү эмчилгээг манай улсын бүхий л томоохон хувийн эмнэлгүүд хийж буй бөгөөд нэг оролт нь 30 мянган төгрөгөөс эхэлж байна. Энэхүү эмчилгээг энгийнээр тайлбарлавал хүн сэтгэл санаа тайвширсан, сэтгэл хангалуун, аз жаргалтай, тайван үед альфа долгион хүний тархинд идэвхиждэг байна. Харин альфастим эмчилгээ нь энэ долгионыг механикаар тархинд үүсгэж, тайвшруулдаг үйлчилгээтэй эмчилгээ юм. Нойргүйдлээс гадна сэтгэл түгшилт, сэтгэл гутралын үед хийлгэдэг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сэтгэцийн эм шиг донтолт үүсгэхгүй, сөрөг нөлөөгүй эмчилгээ гэдгээрээ онцлог юм.

Танин мэдэхүйн төрөх үйлийн CBT үйлчилгээ
Нойргүйдэлтийн эсрэг өөр нэг үр дүнтэй эмчилгээ нь танин мэдэхүйн төрөх үйлийн CBT эмчилгээ юм. Олон улсад эмийн эмчилгээнээс урьтаж энэхүү эмчилгээг зөвлөдөг байна. Уг эмчилгээг Монголд хийж буй мэдрэлийн ахлах зэргийн эмч Б.Доржхандаас эмчилгээний ач холбогдол үр дүнгийн талаар мэдээлэл авсан юм. Тэрээр 2017 оноос эхлэн нойргүйдлийн чиглэлээр дагнан ажиллаж буй бөгөөд “Нойрны эрэлд” номын зохиогч юм. Энэхүү эмчилгээг Харвардын анагаах ухааны сургуулийн 20 гаруй жилийн эмнэлзүйн судалгаа, өдөр тутмын эмчилгээний практик дээр үндэслэн, шинжлэх ухаанаар хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу явуулдаг. Ганцаарчилсан болон бүлгээр хамрагдах боломжтой. Энгийнээр тайлбарлавал тухайн хүнд буй нойронд нөлөөлөхүйц буруу мэдлэг, мэдээлэл, дадал зуршлыг мэдлэг ойлголтоор дадал үйлийг засах хэлбэр юм. Тэрээр энэхүү эмчилгээг 2020 оноос хойш хэрэгжүүлж буй эмчилгээний үр дүн өндөр буюу 90 хувьтай байгааг хэллээ. Олон улсад энэхүү хөтөлбөрт хамрагдагсад 100 хувь нойрондоо сэтгэл ханамж сайжирсан, 90 хувь нойрны эмээ бууруулж зогсоосон, 75 хувь нь хэвийн нойртой болсон үр дүн үзүүлдэг бөгөөд эм шиг гаж нөлөө үзүүлэхгүйгээр нойр сэтгэл санааны байдал, эрч хүчийг үлэмж сайжруулдаг төдийгүй илүү бүтээлч, тайван, эерэг хандлагатай, асуудлыг даван туулах чадвар суулгаж өгдөг байна.
Нойр “хулжаагчид”-ыг хэрхэн буцаах вэ
Нойроо хулжаахгүйн тулд дараах зүйлсийг хориглох хэрэгтэйг мэргэжлийн эмч зөвлөж байна.
- Кофейн агуулсан кофе, өтгөн цай уухыг 16.00 цагаас хойш хориглох
- Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг 18.00 цагаас хойш хориглох
- Шингэн уух юмны хэрэглээг 20.00 цагаас хойш хязгаарлах
- Электрон хэрэгслүүдээс 21.00 цагаас хойш хол байх
- Махан хоолыг 18.00 цагаас хойш идэхгүй байх
Хүний нойрсож эхлэх цаг 22.00 цаг бөгөөд энэ үед хэдийнэ орондоо орж нойрсож эхлэх ёстой байна. 22.00- 01.00 цагийн хооронд гүн нойрсох ёстой бөгөөд энэ үеийн нойрыг гүйцэх ямар ч нойр байдаггүй байна.
Өдрийн нойр хэзээ ч шөнийн нойрыг гүйцэхгүй
Өдрийн нойр хэрэгтэй юү, хэрэггүй юү. Мэргэжлийн эмч нарын зүгээс энэ талаар тодруулахад насанд хүрсэн хүмүүсийг өдөрт заавал унт хэмээн шинжлэх ухаанд зөвлөдөггүй байна. Харин цэцэрлэгийн болон бага насны, нярай хүүхдүүдийг л өдрийн цагт унтахыг зөвлөдөг байна. Мөн насанд хүрсэн хүмүүсийг бодвол өсвөр насныханд нойрны хэрэгцээ арай их байдаг бөгөөд тархиндаа ачаалал авч буй учир амарч өдрийн цагаар хэтрүүлэлгүй амрахыг зөвлөдөг аж. Үүнээс гадна дөнгөж төрсөн нярай ээжүүдийг л өдрийн цагт унтахыг зөвлөж байна. Шөнийн нойр л хүний тархи, биеийг хамгийн сайн амраадаг бөгөөд өдрийн маш олон цагийн нойр хэзээ ч шөнийн нойрыг гүйцдэггүй байна.