Сүүлийн өдрүүдэд барууны хэвлэлүүдээр явж буй “ОХУ Ялалтын баяраар буюу тавдугаар сарын 9-нд Украинд жинхэнээсээ дайн зарлах гэнэ” гэх мэдээллийг Москва албан ёсоор үгүйсгэлээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ асуудлаар мэдэгдэл хийсэн байна.

Дээрх мэдээлэл гарах болсон нь Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес Ялалтын баярын парадыг В.Путин эх оронч үзлийг сурталчлах, улмаар цэрэг татлагыг эрчимжүүлж, дайныг өргөжүүлэх ажлаа ард иргэдээр дэмжүүлэх зорилгоор ашиглаж магадгүй гэж мэдэгдсэнээс эхлэлтэй юм.

ОХУ одоо хүртэл Украинд цэрэг оруулсан үйлдлээ дайн гэдэг үгийг оруулалгүй “Цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэж буй. Мөн демилитаризаци, денацификаци гэх нэр томъёо ашиглаж байгаа нь цэрэггүйжүүлэх, нацистуудаас салгах гэж орчуулагдана. Харин барууны улс орнууд эзлэн түрэмгийлэл, дайн гэж нэрлэж байгаа билээ.