Эрт босвол нэгийг сонсоно гэж үг бий. Энэ үг ёстой л үнэн юм гэж саяхны нэг өглөө сэтгэл хангалуун бодлоо. Амралтын өдөр байсан ч гэсэн өглөө эртлэн боссоныхоо ачаар философич Д.Баяндалай “Одон” телевизийн “Гоё өглөө” хөтөлбөрт ярилцлага өгснийг олж үзсэнийгээ ийнхүү олзуурхсан юм. Тэрбээр олон сэдвээр сонирхолтой яриа өрнүүлсэн. Тэдний дундаас гэр бүлийн талаар хэлсэн сургаалийг нь хүмүүст хүргэхээр ийнхүү яарч байна. Тэрбээр “Хүн болж төрөөд амьдралыг туулахад зөвхөн сургууль соёлоор авсан мэдлэг хангалтгүй” гээд “Монголчууд үр хүүхдэдээ гэрийн сургалтаар мэдлэг өгдөг байсан, үүнийг л сэргээх нь чухал” гэсэн санааг илэрхийлж байв. Түүний хэлсэн олон сайхан сургаалиудаас эмэгтэй хүн, эх хүний талаар хэлсэн “Монголчууд охин хүүхдээ нар жаргаснаас хойш гадаа гаргадаггүй байсан” гэх үгс нь толгойд үлджээ.Хэрвээ энэ ёсоо л сахичихвал нийгмийн олон сөрөг үзэгдэл арилна гэж үздэгээ тэрбээр илэрхийлж байсан. Түүний яриаг сонсоод нэг бол уламжлалаа маш сайн дагая, нэг бол бүр больсон ч дээр юмуу гэсэн тэрслүү бодол төрсөн юм. Тэгээд ёс заншлаа одоо үедээ тохируулаад “Гэр бүлийн хоёр хэн, хэн нь тусдаа хүн учир эрх үүрэггүй, бүхнийг хамтдаа бүтээн, харилцан ойлголцоно” гэх мэтээр шинээр томъёолбол яасан юм бэ гэж.

Яагаад гэвэл эхнэр, нөхөр хоёулаа өөр, өөрсдийнхөө гаргасан эндэгдлийг уламжлал руу “чихэж”, түүнээсээ болоод сэтгэл нь улам хөндийрөх ч боломж байгааг олж харсных нь. Монголд гэрлэсэн дөрвөн хосын нэг нь салдаг гэсэн харамсмаар статистик л санаа зовоож, ийм есөн шидийн юм бодож арга сүвэгчлэхэд хүргэсэн хэрэг.

Орчин үеийн монгол гэр бүлийн эв нэгдэл, бат бөх байдалд сөргөөр нөлөөлж байгаа уламжлал, бодит байдлыг тоочъё.

Эхнэрийн уламжлал: Эхнэр хүн эр нөхөртөө бие бүтэн очих ёстой. Эр нөхрөө дээдлэн хүндэлж, ёс дэгийг алдалгүй сахина.

Одоо үед мөрдөгдөж байгаа бичигдээгүй хууль нь: Залуу зандан насандаа сайн зугаацаж авах хэрэгтэй. Гэр бүлтэй болчихвол ингэж чадахгүй.

Нөхрийн уламжлал: Өрхийн тэргүүн мөнгө олох ёстой. Гэр бүл үр хүүхдээ хэнээс ч дутаалгүй авч явж, түшиг тулгуур нь болж байх ёстой.

Одоогийн байдал: Гэрлэхээсээ өмнө ахиухан шиг зугаацаж авья. Амьдрал дээр гарсан хойно нөхцөл бүрдүүлж чадахгүй.

Ийм бодолтой хоёр залуу нийлжээ гэж бодъё. Эхнэр цаг үеэ дагаад чөлөөтэй явсан байтал хүнтэй гэрлэх болоход гэнэт ёс журмаа санаж “Намайг ёслож ав, гуйж ав” гэх мэтээр тулгадаг. Уламжлалыг хууль гэж зүйрлүүлбэл өөртөө хэрэгтэй, ашигтайг зүйл заалтыг нь хэрэглээд тэсвэр тэвчээр шаардах зүйл заалтуудыг нь алгасаж байна гэсэн үг. Нөхөр нь мөнгө төгрөг хангалттай олж чадсангүй. Эхнэр нь дахиад л нөгөө уламжлалт ёсыг барьж авна. “Өрхийн тэргүүн хангалттай мөнгө төгрөг олох ёстой. Айл гэрийн түшиг тулгуур эр хүн ийм байх ёстой, тийм байх ёстой. Тэрний нөхөр ар гэрээ хичнээн сайхан авч явж байна”...

Тэгэнгүүт нөхөр нь бас уламжлалт ёсноос өөртөө хэрэгтэй нэг заалт олоод авчихна. “Эхнэр хүн сайн байж эр хүн хиймортой байна” гэх ч юм уу. Багаасаа ажилгүй салан эхнэр, угаасаа арчаагүй залхуу нөхрийн урдаа барих ганц бамбай нь эцэг өвгөдийн сахиж ирсэн ариун ёс уламжлал байж таарамгүй сэн.

Нэгэн төрийн бус байгууллагын хийсэн судалгаагаар, Монголд шинээр гэр бүл бологсдын тал хувь нь эхний дөрвөн жилийнхээ дотор салдаг гэсэн харамсалтай статистик гарчээ. Үүнд бид ихэнхдээ өнгө мөнгөний орчлонг буруутгаад орхидог билээ. Тэгвэл энэ байдлын анхаарахгүй өнгөрч боломгүй бас нэг шалтгаан нь бид цээжний бангаар цээжлэхээс биш биеэр үлгэрлэж чадаагүй монгол уламжлал холбоотой байж тун магадгүй нь.Товчхондоо, гэр бүлийн монгол сайхан уламжлал эхнэр нөхрүүд бие биеэ өөнтөгчлөх нэг зэвсэг болж, гэр бүлийн тогтвортой байдалд нөлөөлөөд байгаа юм уу. Энэ нийтлэлд огтын хамаагүй, уламжлалт ёсоо бат сахиад, эс бөгөөс дэвшүүлээд буй санааг маань аль хэдийнэ амьдрал, гэр бүлийн харилцаандаа нэвтрүүлчихсэн бат бөх гэр бүл, ухаалаг залуус олон байгааг үгүйсгээгүй гэдгээ төгсгөлд нь хэлье.