Сүүлийн жилүүдэд манай улсад гоо сайхны мэс засал хийдэг эмнэлэг олширч, үйлчилгээний төрөл, хүртээмж нь ч нэмэгджээ. Үүнийг дагаад эхээс төрсөн төрх, зүсээ эмнэлгийн аргаар гоодож, өөрчлөх хүсэлтэй хүн ч олшров.
Эмэгтэйчүүдийн дунд өөх, мах соруулж, үрчлээ, арьс тэнийлгэж, хамар өндөрлөж, хацар шөвийлгөх “шидтэй” эмч, эмнэлэг эрэлттэй байгаагаас энэ салбарын хэрэгцээ, хөгжлийг харж болохоор байна. Түүнчлэн гоо сайхны мэс заслын эмч, ажилчдын цалин Монгол Улсын дундаж цалингаас 2-3 дахин өндөр байдаг нь тухайн салбарт багагүй мөнгө эргэлдэж байгааг гэрчилж буй юм. Ийнхүү төрх зүсээ өнгөлж, тодруулахын тулд өндөр өртөг зарцуулж, гаднын улсыг зорьдог цаг ард хоцорсон нь сайн хэрэг. Гэхдээ эрэлт их байгаатай холбоотойгоор гоо сайхны хагалгаа хийх нэрийдлээр иргэдийг эрүүл мэнд, эд хөрөнгийг “суульдаг” байгууллага, хувь хүн олширсон байна. Орон сууцны орц хонгилд үйл ажиллагаа явуулж буй гоо сайхны салонд хүртэл хамар, уруулын филлер тарьж, давхраа оёдог болсон төдийгүй тусгай зөвшөөрөлтэй эмнэлгүүд ч хагалгаа хийх явцдаа хүмүүсийн зүс, хөрөнгөөр “тоглодог” явдал ужиграв. Үүнд хяналт тавьж, хариуцлага тооцохгүй байгаа учир гоо сайхны хагалгааны хохирогч болсон эмэгтэйчүүдийн тоо буурахгүй байна.

Иллэг, массаж хийдэг байсан хүн арилжааны зорилгоор хүний нүүрэнд мэс хүргэдэг болсон цаг. Нүүрний арьс салстыг мэс, зүүгээр хатгах ажилбарыг мэргэжлийн эмч л хийх ёстой. Гэвч манайд нарийвчилсан хяналт, шалгалт байхгүйн улмаас энэ төрлийн үйлчилгээг хэн дуртай нь эрхэлдэг болсон. Эмчийн мэргэжил эзэмшээгүй хүн хүний нүүрний судас руу тарилга хийгээд мэдрэлийг нь гэмтээсэн удаа ч бий. Үүний улмаас тарилга хийлгэсэн эмэгтэйн нүүр ам нь саажсан. Ийм тохиолдол ганц нэгээр тогтохгүй. Тусгай зөвшөөрөлгүй газар мэргэжлийн эмч ажилладаггүйгээс гадна тарилга, бэлдмэл нь гарал үүслийн бичиггүй, олон улсад зөвшөөрөгдөөгүй байдаг. Мөн багаж хэрэгсэл нь баталгаагүй, халдвар дамжуулах эрсдэлтэй. Эдгээрээс болоод гоо сайхны үйлчилгээ авах гэж байсан хүн эрүүл мэндийн асуудалд орчихдог. Тусгай зөвшөөрөлгүй газар гоо сайхны хагалгаа хийлгэснээс болоод хохирсон иргэд манайд өдөр алгасахгүй ханддаг. Хяналт, шалгалт сул байгаа нь мэргэжлийн бус хүмүүст бусдыг “хорлох” боломж олгоод байна гэж харж байгаа. Манай улсад гоо сайхны хагалгаа хийх эрхтэй, нарийн мэргэжлийн эмч 10 гаруй л бий. Гэтэл энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллага хэдэн арваар тоологдоно.
“Хамар өндөрлөх хагалгааны улмаас миний хамрын үзүүр үхэжсэн”
Дээр дурдсанчлан хэн дуртай нь халат өмсөж, чагнуур зүүгээд л арилжааны зорилгоор бусдын гоо сайхныг “булингартуулдаг” болжээ. Бид гоо сайхны хагалгааны улмаас хохирсон хэд, хэдэн эмэгтэйтэй холбогдож, асуудлыг тодруулсан юм.
Хохирогч 1 “Миний хамар хэтэрхий намхан, үзүүр нь бага зэрэг унжуу учир мэсийн аргаар өөрчлөхөөр шийдсэн. Гэхдээ шийдээд л цэгцэрдэг асуудал биш юм билээ. Хагалгаа хийх эмнэлгээ сонгох гэж хагас сар орчим болсон. Энэ төрлийн мэс ажлаар гаршсан, алдартай эмнэлгүүдэд цаг авахад бэрх. Үнэ нь ч их өндөр санагдсан. Тиймээс боломжийн үнэтэй, цэвэрхэн орчинтой болохоор нь ..... эмнэлгийг сонгож, үйлчлүүлсэн юм. Үнэ орчноос гадна олон дагагчтай охид, эмэгтэйчүүд хамар, хөх хийлгэсэн зургаа цахим сүлжээнд байршуулж, тухайн эмнэлгийг хүмүүст санал болгоод байсан учир баталгаатай гэж итгэсэн. Ингээд хамар өндөрлөх, хамрын үзүүр шөвийлгөх хагалгаанд ороод, долоо хоногийн дараа оёогоо авахуулав. Гэвч оёо авахуулсны маргааш нь нүүр тэр чигтээ хавдаад сэрсэн. Мэс засал хийлгэсэн эмнэлэгтээ очоод үзүүлтэл цус хурсан байна гээд хамарнаас цус аваад, антибиотик уухыг зөвлөсөн. Байдал дээрдэхгүй байсан учир дахиад эмчдээ хандтал “Эдгэрэх явцдаа угаасаа ийм болдог. Чи хэтэрхий бааштай байна” гэж зандардаг юм байна. Ингэж явсаар сар орчмын дараа өөр эмнэлэгт үзүүлтэл хамрын үзүүрийн мөгөөрс үрэвсээд, үхэжсэн байна гэж хэлсэн. Энэ нь имплантаа далий суулгах зэрэг хагалгааны буруу процессоос шалтгаалдаг юм билээ. Мэс засал хийлгэсэн эмнэлэгтээ очоод учир байдлаа хэлтэл “Чи өөрөө гам бариагүй байна. Дархлаа чинь сул байж” зэрэг тайлбар хэлээд халгаагаагүй. Мөнгөө буцааж авах боломжгүй, дахиж тэр эмнэлэгт эмчилгээ хийлгэх хүсэлгүй байсан учир заргалдаагүй орхисон” гэж 30 гаруй насны эмэгтэй ярив. Тэрээр сайхан болох гэсэндээ сайн дурынхнаар “тоглуулж” эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон тухайгаа учирлаж байхдаа өөртэй нь ижилхэн байдалд орсон олон эмэгтэйтэй таарсан талаараа онцолсон юм.
Хохирогч 2 “Анхны хүүхдээ төрүүлсний дараа миний хөх хэлбэрээ алдаад, хоёр өөр болсон. Тиймээс хөхний хагалгаанд орсон юм. Эхэндээ хэлбэр, хийц нь таалагдаж л байлаа. Удалгүй хоёр дахь хүүхдээ олсон. Хүүхдээ төрүүлсний дараа хамаг асуудал эхэлсэн. Хөхөнд сүү орсон чинь суга руу хөндүүрлээд, цээжин хэсэг тэр чигтээ өвддөг болчихлоо. Хөхний толгой ч чимчигнэж хорсоод хүүгээ хөхүүлэх аргагүйд хүрсэн. Сүүлдээ дотор нь жижигхэн товгор бэрсүү мэдрэгдэх болсон учир эмчид хандсан. Тэгсэн пластикаа авахуулахгүй бол хавдар үүсэж мэдэхээр байна гэж зөвлөдөг юм байна. Тиймээс яах аргагүй пластикаа авахуулсан. Ингээд 10 гаруй сая төгрөг дэмий үрээд зогсохгүй хөхний хэлбэрээ бүр ч муухай болгочихсон. Хамгийн онцгүй нь хоёр суганыхаа ойролцоо хагалгааны сорвитой хоцорсон. Хүүхдээ төрүүлсний дараа хөх өвдөж байгаа талаараа хагалгаа хийлгэсэн эмнэлэгтээ хандтал хагалгаа хийлгээд жил гаруй болсон гээд тоодоггүй юм билээ. Цагдаагийн газар өргөдөл өгсөн ч хоёр удаа дуудаж мэдүүлэг авснаас өөр ямар нэг арга хэмжээ аваагүй” гэж өгүүлэх эмэгтэй зэгзгэр хөхтэй болохыг хүссэндээ эрүүл мэнд, гоо сайхнаа бүр мөсөн алдсандаа сэтгэл гонсгор байдгаа учирласан юм. Түүнчлэн хөх томруулах хагалгааны улмаас хөхөө тайруулсан, хөхний сүү нь сугандаа хураагдаж хагалгаа хийлгэсэн эмэгтэй ч цөөнгүй бийг онцолж байлаа.
НЭМГ, НМХГ ажлаа хийе
Одоогоос гурван жил гаруйн өмнө 29 настай эмэгтэй өөх соруулах мэс засалд орох үедээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мэс засал хийсэн эмнэлэг нь тусгай зөвшөөрөлд тусгагдаагүй үйлчилгээг хууль бусаар, эмнэлгийн шаардлага хангахгүй нөхцөлд хийсэн болохыг хохирогчийн өмгөөлөгч тухайн үед илчилж байв. Мөн МХЕГын шалгалтаар тус эмнэлэг нь мэргэжлийн гоо заслын эмчгүйгээр үйл ажиллагаа явуулдаг байсан нь тогтоогдсон байдаг. Эрүүл, саруул байсан эмэгтэй харамсалтайгаар амиа алдсан уг хэргийн буруутанг одоо болтол хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоогоогүй байгаа юм. Ийнхүү эрдэнэт хүний амь эрсдээд хэдийнэ гурван жил өнгөрсөн ч өнөө хэр нь энэ салбарын идээ бээр шахагдаж, элдэв асуудал нь цэгцэрсэнгүй. Үүнд арилжааны зорилгоор хууль бус үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хувь хүнээс гадна хяналт шалгалт хийх үүрэгтэй төрийн байгууллагууд ч буруутай. Гоо сайхны үйл ажиллагаа явуулдаг эмнэлэгт Нийслэлийн Эрүүл мэндийн газар тусгай зөвшөөрөл олгодог. Гэвч халаа сэлгээ, томилгооны асуудлын улмаас тус байгууллагад энэ талаар мэдээлэл өгөх боломж, мэдлэгтэй мэргэжилтэн алга. Улсын хэмжээнд хэчнээн гоо сайхны эмнэлэг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа талаар болон өнгөрсөн хугацаанд хэдэн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг гомдол, зөрчлийн улмаас цуцалсан талаар НЭМГ-аас тодруулахад “Энэ асуудлыг хариуцсан мэргэжилтэн намар ажлаасаа гарсан. Одоогоор энэ талаар мэдэх хүн байхгүй” гэсэн хариулт өгсөн юм. Гоо сайхны эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байгууллага нь МХЕГ болон НМХГ. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дээрх байгууллагууд нэг ч удаа төлөвлөгөөт хяналт шалгалт хийгээгүй байна. Үүнийгээ Ковид19 халдварын тархалттай холбож тайлбарлах аж. НМХГ “Манайх гоо сайхны мэс засал хийдэг эмнэлгүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийгээд, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцалдаг байсан. Гэхдээ сүүлийн хоёр жил Ковид19 халдварын улмаас төлөвлөгөөт шалгалт хийгээгүй. Зөвхөн иргэдээс ирсэн гомдол мэдээллийг дагуу хянадаг. Ихэвчлэн нүдний давхраа таараагүй, мэс засал нь сэтгэлд нь хүрээгүй гэх гомдол ирдэг” гэсэн юм. Ийнхүү дураараа дургиж буй гоо сайхны эмнэлгүүдэд хариуцлага тооцож, хяналт тавих байгууллага, хууль, дүрэм байхгүйн балгаар иргэд эд эрхтэн, хөрөнгө мөнгөөрөө хохирсоор л байна. Гоо сайхны мэс засал хийлгэх эсэх нь хувь хүний сонголт байж болох ч энэ салбарын үйл ажиллагааг эрх зүйн хүрээнд чангатгаж, хянахгүй бол хэчнээн хүн эрүүл мэнд, амь насаараа хохирохыг тааж хэлэхэд бэрх байна.