
Зул сарын баярын уур амьсгалыг илтгэдэг хамгийн алдартай кинонуудын нэг болох “Гэртээ ганцаараа” бүтээлийн шинэ ангийг 34 жилийн дараа хийхээр болжээ. 1990 онд дэлгэцнээ гарсан анхны киноны гол дүр Кевин Маккалистерийн дүрийг бүтээсэн жүжигчин Маколей Калкин уг дүрдээ эргэн ирэхээр болсон тухай Холливудын хэвлэлүүд мэдээлжээ. Уг бүтээлийг Диснейн харьяа "20th Century Studios" хөгжүүлж байгаа бөгөөд зохиолыг Сэт Роген, Эван Голдберг нар Калкины хамтран боловсруулсан санаанд үндэслэн бичиж, продюсерээр ажиллах аж.
Энэ удаагийн үйл явдал насанд хүрсэн Кевин Маккалистерийн амьдралд өрнөх бөгөөд тэрээр гэр бүл, ажил амьдралаа зохицуулах гэж хичээж буй эцгийн дүрээр эргэн ирэх боломжтой юм. Калкин өмнө нь шинэ киноны талаар өөрийн санааг хуваалцахдаа Кевинийг бэлэвсэн эсвэл салсан эцэг бөгөөд хүүхдээ өсгөхийн зэрэгцээ ажилдаа хэт анхаарснаас хүүтэйгээ харилцах харилцаа нь хөндийрсөн нэгнээр дүрслэхийг хүсэж байгаагаа ярьжээ. Харин энэ удаа Кевин өөрөө гэрийнхээ гадна үлдэж, хүү нь түүнийг гэртээ оруулахгүйн тулд янз бүрийн урхи зохион байгуулдаг үйл явдлаар эцэг, хүүгийн харилцааг харуулах аж.
1990 оны анхны “Гэртээ ганцаараа” кино дэлхий даяар асар их амжилт олж, зул сарын баярын үеэр гэр бүлээрээ үздэг уламжлалт бүтээлүүдийн нэг болсон билээ. Маколей Калкин 1992 оны “Гэртээ ганцаараа 2: Нью-Йоркт төөрсөн нь” кинонд Кевины дүрийг дахин бүтээснээс хойш франчайзын дараагийн ангиудад оролцоогүй юм.
Одоогоор шинэ киноны зураг авалт эхлэх хугацаа, найруулагч, бусад жүжигчдийн бүрэлдэхүүн болон нээлтийн тов тодорхой болоогүй бөгөөд төсөл хөгжүүлэлтийн эхний шатандаа явж байна.