
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Батмагнай, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий тэргүүтэй хүчит бөхчүүд барилдаж байна.
Барилдааны нэгийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгс сумын заан М.Өсөхбаярт, улсын арслан Э.Оюунболд аймгийн начин А.Ширнэндагват, улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн начин Б.Доржжүгдэрт тус тус уналаа. Мөн нэгийн даваанд улсын цолтой бөхчүүдээс улсын заан Б.Батмөнх, Д.Анар, М.Лхагвагэрэл, Ц.Одбаяр, улсын харцага Г.Ганхуяг, Ш.Пүрэвгарьд, О.Мөнх-Эрдэнэ, Г.Бадрах, Э.Ууганбаяр, Д.Бат-Эрдэнэ нарын бөхчүүд аймгийн арслан, заан цолтнуудад уналаа.
Хүчит бөхийн барилдааны хоёр даваанд энэ цагт эхэлсэн. Улсын заан Б.Бат-Өлзий аймгийн арслан Б.Шаравдоржоор, улсын харцага Б.Зоригтбаатар аймгийн арслан Э.Батсууриар, улсын харцага Л.Лха-Очир аймгийн арслан И.Мандахаар хоёр даваад байна. Харин улсын харцага А.Цацабшир аймгийн арслан О.Баярбаасанд уналаа.



