
Уг захидалд Зеленский Европын орнууд АНУ-д үйлдвэрлэсэн Патриот системийн пуужингийн хэрэгцээг гүйцэхгүй байгааг онцолж, Оросын баллистик пуужингууд Москвагийн “тулааны талбар дахь сүүлчийн том давуу тал” хэвээр байгааг дурдсан байна.
Украин улс Оросын баллистик пуужинг сөнөөх цорын ганц хэрэгсэл нь АНУ-д үйлдвэрлэсэн Патриот системийн сөнөөгч пуужин юм. Дайны дөрвөн жилийн турш Киев ийм пуужингийн хомсдолд орж байсан ч Ираны дайн нөхцөл байдлыг улам дордуулах эрсдэлтэй болжээ.
Трамп албан тушаалдаа орсноос хойш Украин Патриот пуужинг Хойд Атлантын цэргийн эвслийн “Украинд шаардлагатай нэн тэргүүний цэргийн хэрэгслийн жагсаалт” санаачилгын хүрээнд Европын холбоотнуудын санхүүжилтээр худалдан авч байгаа аж.
Гэвч Зеленський захидалдаа нийлүүлэлтийн хурд “бидний тулгарч буй аюулын бодит байдалтай нийцэхээ больсон” гэж анхааруулжээ. “Амьд үлдэхийн төлөө тэмцэж буй улсын хувьд пуужингүй Патриот батарей харахаас илүү хэцүү зүйл бараг байхгүй” гэж тэр бичсэн байна.
Энэ нь Орос агаарын довтолгоогоо эрчимжүүлж, Киевт холын зайн шинэ цохилтын давлагаа хийхээр сүрдүүлж буй үед болж буй нь Украины байдал улам хурцдаж, гар мухардаж буйг нь илтгэнэ.
Мөн Орос дроны халдлагаас хамгаалахын тулд төв банк болон санхүүгийн байгууллагууд өөрсдийн хамгаалалтын систем ажиллуулж, ажилтнуудаа зэвсэглэхийг зөвшөөрсөн хууль баталжээ.
Лхагва гарагт Украин Севастополь дахь Оросын төв банкны оффист пуужингийн цохилт өгч, барилгад гал гарсан талаар орон нутгийн захирагч Михайл Развозаев мэдэгдсэн байна.
ОХУ-ын парламентын доод танхимаас нийтэлсэн төлөвлөгөөний дагуу дроноос хамгаалах системийг Оросын төв банк, тус улсын хамгийн том банк болох Сбербанк болон Оросын бэлэн мөнгө тээвэрлэлтийн холбооны ойролцоо байрлуулах боломжтой аж. Эдгээр байгууллагын ажилтнуудыг ч зэвсэг авч явахыг зөвшөөрөх аж.
Украин сүүлийн үед Оросын нутаг дэвсгэр дэх алсын зайн объектуудад дроноор цохилт өгөх нь нэмэгдэж, энэ нь Владимир Путинд дотоодын дарамт үүсгэж байгаа гэж үзэж байна.