
АНУ-Израилийн Ираны эсрэг дайнаас үүдэлтэй дэлхийн эрчим хүчний хямрал газрын тос, байгалийн хийг орлох өөр эх үүсвэрийн эрэлтийг эрс нэмэгдүүлэв. Энэ бүхэнтэй давхцан Хятадын нарны эрчим хүчний экспорт 3-р сард түүхэн дээд түвшинд хүрсэн талаар Ember судалгааны байгууллага мэдээллээ.
Тус байгууллагын гаалийн мэдээлэлд хийсэн дүн шинжилгээгээр Хятадын нарны технологийн экспорт 3-р сард 68 гигаваттад хүрсэн нь Испани улсын нийт нарны суурилагдсан хүчин чадалтай тэнцэх хэмжээ болсон байна. Энэ нь 2025 оны 8-р сард тогтоосон өмнөх дээд амжилтаас 49 хувиар өссөн үзүүлэлт юм.
Мөн тухайн сард 50 гаруй улс Хятадаас нарны тоног төхөөрөмж импортлосон нь түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.
Эрчим хүчний хямралд хамгийн их өртсөн бүс нутгуудад өсөлт хамгийн өндөр байжээ. Африк руу хийсэн экспорт 2-р сараас 176 хувиар өсөж 10 гигаваттад хүрсэн бол Ази руу хийсэн экспорт хоёр дахин нэмэгдэж ойролцоогоор 39 гигаватт болсон байна. Эдгээр хоёр бүс нийт өсөлтийн дөрөвний гурвыг бүрдүүлжээ.
Тухайлбал, Энэтхэг улсын импорт 141 хувиар өссөн бол Нигери 519 хувь, Кени 207 хувь, Этиоп 391 хувиар тус тус өссөн байна. Эдгээр улс анх удаа нэг сарын хугацаанд 1 гигаваттаас давсан хэмжээний нарны технологи импортолсон байна.
Япон, Австрали болон Европын Холбооны орнуудад ч мөн адил дээд амжилт тогтоогдсон бол Ормузын хоолой хаагдсаны улмаас худалдааны урсгалд хүчтэй нөлөөлсөн тул Ойрхи Дорнодод импортын өсөлт ажиглагдаагүй байна.
Ember-ийн ахлах шинжээч Эуан Грахам “фоссил түлшний үнийн цочрол нарны эрчим хүчний өсөлтийг хурдасгаж байна” гэж мэдэгдээд, нарны эрчим хүч аль хэдийн дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр болсон бөгөөд одоогийн нөхцөл байдал энэ өсөлтийг улам нэмэгдүүлж байгааг онцолсон байна.
Экспортын өсөлтөд Хятадын экспортын татварын буцаалтын журамд орсон өөрчлөлт ч нөлөөлсөн байна. 4-р сараас хэрэгжиж эхэлсэн уг журам нь нарны хавтангийн өртгийг ойролцоогоор 9 хувиар нэмэгдүүлэх тул худалдан авагчид хугацаанаас өмнө их хэмжээгээр захиалга өгсөн гэж шинжээчид үзэж байна.
Зөвхөн бэлэн панел бус, нарны эс болон ваферийн экспорт ч эрс өссөн байна. Эдгээр бүтээгдэхүүний экспорт 2-р сараас 108 хувиар өсөж 36 гигаваттад хүрсэн нь 2025 оны 10-р сараас хойш анх удаа панелийн экспортыг давсан үзүүлэлт болжээ. Харин бэлэн панелийн экспорт 91 хувиар өсөж 32 гигаваттад хүрсэн байна.
Нарны эрчим хүчийг хадгалах хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотойгоор батарейн экспорт мөн өссөн байна. Хятадын батарейн экспорт 3-р сард 44 хувиар өсөж 10 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд Европын Холбоо, Австрали, Энэтхэг зэрэг бүс нутгуудад эрэлт өндөр байжээ.
Ember-ийн “Global Electricity Review 2026” тайланд дурдсанаар 2025 онд нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт нь өмнөх онд Ормузын хоолойгоор дамжин экспортлогдсон шингэрүүлсэн хийн хэмжээтэй тэнцэхүйц хэмжээний хийн хэрэглээг орлож чадсан байна.
Мөн дэлхийн цахилгаан автомашины парк 2025 онд өдөрт 1.8 сая баррель газрын тосны эрэлтийг бууруулсан нь АНУ-ын нийт газрын тосны үйлдвэрлэлийн 13 хувьтай тэнцэх үзүүлэлт болсон байна.