
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд боомтуудыг хэдэн сарын турш бүслэх боломжийг судалж байгаа талаар мэдэгдлээ.
Тэрээр мөн Герман дахь АНУ-ын цэргийн тоог бууруулах шийдвэр ойрын хугацаанд гаргана гэж Truth Social дээр нийтэлжээ.
Германы канцлер Фредрих Мерц Ираны асуудлаар АНУ “доромжлуулж байна” гэж ярьсны дараахан Трамп ийнхүү мэдэгдэв. Доналд Трамп өмнө нь Мерц “юу ярьж байгаагаа мэдэхгүй” гэж шүүмжилсэн бол канцлер хоёр талын харилцаа хэвийн байгаа гэв.
АНУ, Израилийн Ираны эсрэг дайнд Европын холбоотнууд, тэр дундаа НАТО хангалттай дэмжлэг үзүүлэхгүй байна гэж Трамп шүүмжилж ирсэн. Германд байрлалтай Рамштайн агаарын бааз нь Европ дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний төв штаб бөгөөд стратегийн тээвэр, агаарын десант, эмнэлгийн нүүлгэн шилжүүлэх ажиллагааг хариуцдаг юм.
Боомтын бүслэлт ба эдийн засгийн нөлөө
АНУ-ын эрх баригчид Ираны боомтуудыг шаардлагатай бол хэдэн сарын турш бүслэх, мөн энэ арга хэмжээ нь дотоодын хэрэглэгчдэд үзүүлэх нөлөөг хэрхэн багасгах талаар хэлэлцжээ.
Нөгөө талд Ираны нефтийн сайд дотоодын хэрэглээгээ бууруулахыг иргэддээ уриалсан байна.
Энхийн хэлэлцээ
Пакистан дахь зуучлагчид ойрын өдрүүдэд Иранаас шинэчилсэн энхийн санал хүлээн авах төлөвтэй байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээлснээр энэ санал баасан гарагт ирж магадгүй байгаа аж.
Харин Трамп Иранд хандан “хурдан ухаарах хэрэгтэй” хэмээн анхааруулж, өөрийн сошиал сүлжээнд буу барьсан байдлаар эвлүүлсэн зураг нийтэлжээ.

Батлан хамгаалах сонсгол
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Конгрессын сонсголын үеэр Ираны эсрэг дайныг шүүмжилж буй хууль тогтоогчдыг “хамгийн том эсэргүүцэгч” хэмээн буруутгасан байна. Энэ нь мөргөлдөөн эхэлснээс хойш түүний анхны мэдүүлэг юм. Цагаан ордон батлан хамгаалахын төсөвт ойролцоогоор 1.5 их наяд ам.доллар хүсээд байгаа цаг үед энэ бүхэн өрнөж байна.
Трамп–Путины утасны яриа
Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай 1.5 цагийн утасны яриа өрнүүлж, Ираны гал зогсоох асуудал болон бусад сэдвийг хэлэлцжээ.
Ярианы дараа Доналд Трамп Путиныг Ираны ураны нөөцтэй холбоотой асуудалд туслах санал гаргасан гэж мэдэгдсэн юм.