
Хамгийн эхэнд санаа алдав. Гэхдээ аливаад түүртэж, ядарсандаа бус нэг тийм амгалан эгшнийг мэдэрсэндээ тэр.
Магадгүй орон хотын их хөдөлгөөнөөс зууралдаж суулгүйгээр шуудхан уужим саруул хөндий тийш тэмцэх хүслийг өдөөсөн тийм санаа алдалт… Учир нь Ч.Хүрэлбаатарын зургууд тал нутгийн амар амгалан, үзэсгэлэнг тодруулсан өнгөний хоршил, цаад утга нь эрх чөлөөг бэлгэдэх цээл саруул тэнгэрийн орон зайгаар дүүрэн билээ. Гэвч зөвхөн байгалийн төрх бус, цаана нь уран бүтээлчийн мэдрэмж, бусдад дэлгэх гэсэн санаа, бие даасан сэдэв, агуулгатай бүтээлүүд түүний урлангийн ханыг дүүргэн байна. Хүмүүс хагацахаас илүүтэй учрал тохиолын сайхныг хүсдэг. Тэрхүү хүслийн үр болж эл эрхэмтэй санаандгүй танилцсан минь бүтээлээс нь төрсөн мэдрэмжээ сийрүүлэх зол болов.
Тэнгэр аль нэг зүгээсээ түнэрлэсэн хөх үүлс ургуулан тал нутагт удахгүй ширүүн бороо асгарах нь бололтой. Ухаа толгод алсад ногоорон үзэгдэнэ. Харин наахна талын гүвээ тэнгэрийн өөр хээлэнд уяатай нарны гэрэлд шаргалтах ба сэрүүн урь үлээж, салхи үүссэнийг илтгэнэ. Ухаа толгод энд тэндээ алаг цоог болон өвс эхнээсээ гандаж, шар ногоон холилдсоныг үзэхэд тус зурагт зуны сүүл, намрын эхэн сарын байдлыг тодорхой харуулжээ. Энэхэн мөчид зурагт дүрслэгдээгүй дүрийн эзэн талын шаргал гүвээн дээрээс, айлын бараа олж харав. Талд бөртийн үзэгдэх айлын цаагуур шаагих бороо усан утсаар тэнгэр газрыг хээлэн нэхээд эхэлчихжээ. Уг зургийг үзээд төрсөн мэдрэмж, сэтгэгдэл бол энэ.
Зураач нэг бол намар, зуныг оноон дүрслээгүй боловч улирал хоорон дахь зааг ялгааг илүүтэйгээр бий болгосон нь ажиглагдана. Мөн тэнгэр болоод, зургийн доод хавтгайн нэгээхэн хэсгийг эзлэх тал газрыг хаахна нь хурц тод эсвээс онцгойрон ялгарах завсрын өнгө нэмж өгсөнгүй. Аливаа зүйлийн гоо сайхан ийм л энгийн, ахуйн амгаланд оршдог. Тэрхүү гоо сайхан нь агуулга, энгийн нэг агшинд захирагдана. Түүнээс хүчилж бий болговол зүгээр л нэг сайхан зураг болно шүү дээ.
“Хэрлэнгийн үдэш” 100х120 cм зотон, тосЗураач Ч.Хүрэлбаатар энэхүү бүтээлээ “Хэрлэнгийн үдэш” гэж нэрлэжээ. Тэгвэл уг зурагт зуны орой, голын эрэгт нар жаргах агшныг дүрсэлсэн нь тодорхой харагдана.
Өнгө тунамал Хэрлэн гол намуухан долгио бидэр татуулан урсаж, магадгүй тухайн агшинд бүтээгчийн нүдэнд амарч байх шиг сэтгэгдлийг үлдээсэн байж мэднэ. Гэвч хамгийн гол нь зуны намуухан оройг дүрслэхийн тулд голын мандалд үсчих загас үгүйгээс гадна бидэрийг тодруулан зурсангүй. Алсад тунарсан шаргал туяа тэнгэрийн зайцад дэвсэн нар жаргаж, үүл улбартан, тэнгэр өөрийн хамгийн үзэмжит дүрийг олжээ. Нарны туяаны алсрах тусмаа бүдэг ягаан өнгөөр тэнгэрийн номин цэнхэртэй уусаж тэрхэн чөлөөнд сар хэдийнэ урган гарсан үзэгдэнэ.
Бүтээлийн алслал болоод, тэнгэрийн зураглалыг зургийн хавтгайд илүүтэй шингээж чадсанаар зуны оройн анир гүм ахуй, үзэсгэлэнт чанар, байгалийн өнгө үзэгчийн нүдэнд илүүтэй тодорно. Үүнээс улбаалаад тус зураг үзэж зогсоо хэн нэгнийг Хэрлэн голын намуухан үдэш, зуны оройн гоо сайхан, нар жаргах агшны анир гүм тийш урин дуудах шиг болно.
“Гэртээ харих зам” 100х120 cм зотон, тосДахиад л тэнгэр. Зураач Ч.Хүрэлбаатарын зургуудад тэнгэрийн үзэмжийг тодруулаагүй бүтээл нэн ховор. Тиймээс л цээл сайхан эгшигтэй дуу хадааж, цэцэг найгаж, тэнгэр өөрийн өнгөөр зурагдан байх талын чинад руу гүйгээд одох хүслэн намайг гүнзгий санаа алдуулж дөнгөсөн юм.
Айлын найр юм уу сумын төвөөс нэгнээ тоссон эсвэл бүр тус тусын ажлыг амжуулан яваад хээр таарсан хос хоёр гэрийн зүг харьж явна. Мэдээж уг зураг өгүүлэгдэх дүрийг зураачаас өөр хэн хэрхэн мэдэх билээ. Гол нь дотроо ургуулан бодох дүртэй үлдэнэ гэдэг л хамгийн чухал. Ямар нэгэн төсөөллийн орон зайгаар аялуулж, бодолд автуулдаггүй бүтээлүүдийн хоосон чанарт нэг их ач холбогдол өгдөггүй. Гагцхүү зүгээр л нэг реалист зураг байж болох ч эцсийн дүндээ уг зураг хараад л зогсоод баймаар мэдрэмжийг төрүүлэх нь хүний дотоод дахь ямар нэг мэдрэмжийг хөндөх хөг аялгуу, дүр дүрслэл түүнд байна гэсэн үг.
Алсад хөхрөгч уулсаар тэнгэрийн уудам орон зайг зурагт тэлж, тэрүүхэн чөлөөнд үүлсийн завсраар булталзан буй нарыг улам тодосгох бөгөөд хэдий бүүдгэр боловч зуны халуун өдрүүд уг зургаас хангалттай мэдрэгдэнэ. Мөнхүү морины алхаагаар газар дөтлүүлж яваа хоёрын урдуур нарны туяа зурвасхан гэрэлтэж татсан нь “Гэртээ харих зам” -ыг улам тодосгож, баяр баясал, өлзий учралыг ерөөж байх мэт.
“Үлгэр эхлэх цаг” 100х120 cм зотон, тосЗурагт хар бараан өнгийг гол дэвсгэр болгон ашиглажээ. Үүнээс үнсэн саарал өнгийг өвлийн тал болгон ургуулж тэнгэрийн заадас, цас унасан газрыг ялгамжлан бүтээсэн санагдана. Тэнгэрт цөөнгүй оч мичид тодрох бөгөөд хэдий үүлтэй боловч агаар тунгалаг, гялтганан үзэгдэх цөөн одод зүлгэсэн мэтийг ажвал өвлийн орой бололтой. Айлын яндангаас утаа савсаж, тооноор гэрэл үзэгдэх нь өвлийн урт шөнөөр үлгэр хэлцэж, дулаан төөнөсөн эсгий гэрийн дотор домог хүүрнэх цаг нэгэнт эхэлжээ гэж тааварлана.
Энэ зургийн өнгө нь бараан боловч хүйтэн сэтгэгдэл төрүүлэхгүйгээр үл барам, нэг тийм дулаахан, тайвшрал холилдсон мэдрэмжийг дотуур гүйлгэж өгөх нь магад зураач Ч.Хүрэлбаатарын илэрхийлэмж, дүрслэл, бүтээлдээ шингээж өгсөн агуулга хүчтэй байгаагийн илэрхийлэл юм. Өвлийн шөнө ийм л гэрэлтэй, тунгалаг өнгөтэй аж.
“Эрх чөлөө” 100х120 cм зотон, тосНогоорон харагдах талын дунд, мөн л тэнгэрийн хаяа руу наран хэвийсэн тийм цагаар ганц морьтон алхуулж явна. Зураач уг бүтээлдээ “Эрх чөлөө” гэдэг нэр оноожээ. Ерөөс түүний бүтээлд ямар нэг агуулга шингээгүй бүтээл гэж үгүй сэн. Үнэхээр л уудам их хөндий, тэнгэр газрын уулзвар болсон номин ногоон тал хаяа тэлэн алсарч, наран жаргахдаа сүүлчийн цацрагаа үүлсийн биеийг нэвтлэн гэрэлтүүлж үзэсгэлэнтэйеэ дэвсэж өгчээ.
Мэдээж реалист хүчтэй ч гэсэн бүтээл бүр өөрийн агуулгагүй бол хүчтэй сэтгэгдэл төрүүлэх, үнэ цэнтэй байх нь эргэлзээтэй. Харин Ч.Хүрэлбаатарын зургууд амьдралын олон талт юмс үзэгдэлд дүгнэлт өгөхөөс гадна, тодорхой сэдэв, агуулга, үйл явдлыг зургууддаа шингээж өгдөг учир бусдаас ялгарч чаддаг. Түүний бүтээлүүдээс реализм, романтизм, классицизмийн уламжлал ч харагдана. Энэ бүгд дээр түүнд л харьяалагдах тэнгэрийн өнгийг амилаах ур чадвар, уран бүтээлчийн тэнүүн эрмэлзлийг нэмж болно.
Саруулхан, ийм цээл орон зай, уужим амьсгалт талуудын дээр мэлтийх тэнгэрийг хараад уртаар санаа алдахын сайхан нь энэ буюу.