Энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Ерөнхийлөгчийн санаачилга
Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай хуулийн төсөл санаачилж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч иргэд, олон нийтийн парламент дахь хяналтыг сайжруулах үүднээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барихаар боллоо. Ерөнхийлөгч парламентын дархлаа, нэр хүнд улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдалд онцгой ач холбогдолтой гэж үздэг.
Хуулийн төсөлд дараах зохицуулалтуудыг тусгалаа.
1. Ёс зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хариуцлага хүлээлгэх эрх зүйн боломжийг бүрдүүлнэ.
2. Өргөсөн тангарагаасаа няцаж ноцтой зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг Ёс зүйн дэд, хороо чуулганы нэгдсэн хуралдаанаар заавал хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эгүүлэн татдаг болно.
3. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна.
4. Жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан бол эгүүлэн татна.
Хуулийн төсөлдөө Засгийн газраас санал авч УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барина.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал: -Төрд зүтгэж байгаа хүн бүр төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс зүйтэй байх ёстой гэсэн үг бий. 1992 оноос хойш Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар заасан. Гэтэл өнгөрсөн хугацаанд хэрхэн эгүүлэн татах процедур нь тодорхой болоогүй. Тиймээс ард иргэдийн хяналтыг бий болгохоор зорьж байгаа юм.
2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татаж болох үндэслэлийг тусгасан. Энэ зохицуулалт хэлбэрлэлтгүйгээр хэрэгжих эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.
УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг Ёс зүйн дэд хороо, чуулганы хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, нээлттэй санал хураалт явуулна. Эгүүлэн татах хэмжээний асуудал гэж үзсэн тохиолдолд УИХ Цэцэд хүсэлт гаргах тухай тогтоол батална. Цэц хянаад эцсийн шийдвэрийг гаргана.
Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнчлэлээс чөлөөлнө
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурлын II хуралдаан баасан гарагт боллоо. Хурлын эхэнд тус намын дарга бөгөөд УИХ-ын дарга Н.Учрал илтгэл тавихдаа авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан гишүүдийг намаас түдгэлзүүлэх санал гаргалаа. Тэрээр илтгэлдээ "Ардын нам авлигачдын хоргодох байр, халхлах хана хэрэм биш. МАН-ын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна.
Намын үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын ерөнхий хороонд албан ёсоор хандаж байна. Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй. Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа МАН-ын гишүүнчлэлээ сэргээлгэх эрх нь нээлттэй" гэв.
Малчдад газар үнэгүй эзэмшүүлнэ
Засгийн газрын хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Төсөл батлагдсанаар дараах өөрчлөлтүүд бий болно гэж үзжээ.
Нийслэлээс орон нутагт шилжин ирсэн иргэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших хүсэлтийг эрэмбэ, дараалал харгалзахгүй шийдвэрлэнэ. Мөн тухайн аймаг, сумын харьяалал бүхий иргэн өөрийн нутаг дэвсгэрт давуу байдлаар газар эзэмших боломжийг тодорхой болгож тусгалаа.
Малчдад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар таван га хүртэлх газрыг давуу эрхээр эзэмшүүлэх, өвөлжөө, хаваржааны зориулалтаар нэг га хүртэлх газрыг үнэгүй эзэмшүүлэх зохицуулалтыг тодорхой болгож, мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг дэмжих зохицуулалтыг тусгажээ.
Авто зам, төмөр зам, усны сан, ойн сан, тусгай хамгаалалттай газар, ашигт малтмалын талбай зэрэг байгалийн нөөц ашиглалттай холбоотой салбаруудын орон зайн мэдээллийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэх үүргийг тодорхой болгож, газрын давхцал, зөрчил, маргаанаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын уялдааг хангах, хяналтыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгалаа.
Хуулийн төсөл батлагдсанаар газар олгох асуудлыг орон нутаг илүү бие даан шийдвэрлэх боломжтой болж, шат дамжлага цөөрч, иргэдэд учирдаг хүндрэл, чирэгдэл багасна гэж үзэж байна.
Амины төлөөстэй "дөт" зам
Сар шинийн өдрүүдээс хойш нуурын усанд живж амиа алдсан хэд хэдэн тохиолдол гарлаа. Хоёрдугаар сарын 18-нд Хөвсгөл аймгийн Ханх сумаас Ренчинлхүмбэ чиглэлд явсан байсан УАЗ-Пургон автомашин нуурын хар хил рүү унаж хоёр хүн живсэн харамсалтай хэргийн мэдээ хуучраагүй байхад Буйр нуурын мөс цөмөрч хүний амь эрсэдлээ.
Монголчууд уг нь эртнээс байгальтайгаа дасан зохицож ирсэн үндэстэн. Гол мөрөн хөлдөх цаг, цөн түрэх, мөс цөмрөх аюулаас сэрэмжилж, болгоомжилдог байв. Гэтэл өдгөө техник технологи хөгжиж, хурдан тэрэг олшрох хэрээр аливаад улам бүр хайнга ханддаг болжээ.
Хэмжилтийн судалгаагаар сүүлийн хоногуудад эрс хүйтэрсний улмаас ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 20-175 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон гэв. Гэлээ ч эл мэдээлэл амь насны даатгал болохгүй. Учир нь зарим гол мөрний адгаар мөсний зузаан 5 см нимгэрсэн талаарх судалгаа ч давхар гарсан. Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй тогтсон байдаг. Иймээс эрүүл мэнд, энх тунх бүхнээ дэнчин тавиад мөсөн дээгүүр мянган бээрийг товчлохоор зориглох нь огтоос сайн үйлдэл бус гэдгийг сайтар ухамсарлах хэрэгтэй.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 сая ам.долларын санхүүжилт амжилттай босголоо
“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь Бөөрөлжүүтийн талд дөрвөн блок бүхий 600 МВт-ын цахилгаан станцын төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Эхний хоёр блок бүрэн ашиглалтад орж, 300 МВт буюу 800 мянга гаруй айл өрхийн хэрэглээтэй дүйх цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Тэгвэл төслийн санхүүжилтийн хүрээнд “Цэцэнс Майнинг энд Энержи” компани анх удаа олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс 300 сая ам.долларын бондыг амжилттай гаргажээ.
Энэхүү бонд нь Монгол Улсын эрчим хүчний салбарт олон улсын бондын зах зээлээс татан төвлөрүүлсэн анхны санхүүжилт болж буйгаараа онцлог. Тус үнэт цаасыг Сингапурын Хөрөнгийн бирж дээр бүртгүүлж, “Бодь Интернэшнл” ХХК-ийн баталгаатайгаар 5 жилийн хугацаатай, жилийн 11.375 хувийн хүүтэй гаргажээ.
Бондын захиалгад олон улсын томоохон хөрөнгө оруулалтын банк, сангууд болон бусад стратегийн хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцсон нь төслийн чухал ач холбогдол, санхүүгийн тогтвортой байдалд үзүүлж буй итгэлийн илэрхийлэл боллоо гэж ажиглагчид үзэж байна.
Татан төвлөрүүлсэн санхүүжилтийг Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, өмнөх санхүүжилтийн бүтцийг дахин санхүүжүүлэх, төслийн цаашдын хөгжлийг хангахад зарцуулна гэдгээ “Цэцэнс Майнинг энд Энержи” компанийнхан илэрхийлсэн. Тус станц нь төвийн эрчим хүчний системд суурь ачааллын эх үүсвэрийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаар ажиллах үедээ Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 30 хүртэлх хувийг хангах боломжтой.