
Булган аймгийн Залуучуудын холбооны санаачилгаар өнөөдөр “Эрүүл залуучууд-ирээдүйн эзэд” чуулга уулзалт зохион байгууллаа. Тус чуулга уулзалтад аймгийн 16 сум, 1 тосгоны залуучуудын төлөөлөл оролцож, орон нутгийн хөгжилд залуучуудын оролцоо, хөдөлмөр эрхлэлт, боловсрол болон хөгжлийн боломжуудын талаар санал солилцлоо.
Чуулганд оролцсон залуучууд хөдөлмөр эрхлэлт, боловсрол, орон нутагт ажиллаж амьдрах нөхцөл боломж, залуучуудын хөгжлийг дэмжих орчин зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдсан асуудал болон санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэв.
Булган аймгийн залуучуудад тулгамдаж буй гол асуудлын нэг нь ажлын байрны хомсдол, цалин хөлсний үнэлэмж бага байгаатай холбоотойгоор шилжилт хөдөлгөөн нэмэгдэх, мөн нийгэм, сэтгэл зүйн хамгаалал сул байгаа явдал юм. Орон нутагт төрийн алба болон хөдөө аж ахуйн салбараас гадна залуусын сонирхлыг татах, өсөж дэвших боломж бүхий бизнесийн салбар хангалтгүй байна.
Нээлтийн үеэр Д.Пүрэв-Очир “Булганы ирээдүйд залуусын оролцоо” сэдвээр илтгэл тавьж, залуучуудын манлайлал, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зорилтоо танилцуулав.
Булган аймгийн нийт хүн амын 59 хувийг 35 хүртэлх насныхан эзэлдэг бөгөөд тус аймаг залуу үеийн хөгжил, оролцоог дэмжих бодлогыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлж байна.