
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Тус хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. АН-ын бүлэг УИХ-ын сонгуулийн хуулийг боловсронгуй болгохоор ажлын хэсэг байгуулж Ж.Батсуурь гишүүнээр ахлуулаад байгаа юм.
О.Цогтгэрэл: -СЕХ-ны дарга удирдлагуудаас Сонгуулийн тухай хуулийн талаар мэдээлэл сонслоо.
Мөн Төрийн болон албаны нууцын тухай хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон. Дэмжих гишүүд мөн гарын үсэг зурж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс авлига, хулгайн орон болж хувирсан. Учир нь, гэрээний нууц, албаны нууц гэж нууцалдаг. 60 асуудлыг Засгийн газар 600 асуудал болгон нууцад авдаг нь хуулийн нэмэлт өөрчлөлт боловсруулах үндэс боллоо. АН болоод бүлгийн зүгээс авлига хулгайтай уриа лоозонгийн түвшинд хашгирахаас илүүтэй үндэс сууриар нь, хуулийн түвшинд өргөн хүрээтэй хулгай гарах үржил шимтэй хөрсийг нь таслах хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байна.
Бас энэ удаагийн бүлгийн хурлаар Оюутолгойн сонсголтой холбоотой мэдээлэл авлаа
Ж.Батсуурь: -УИХ-ын сонгуулийн хуулийг богино хугацаанд өөрчлөлт оруулдаг байдлыг халж одоогоос буюу 2-3 жилийн өмнөөс тодорхой болгодог байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Тиймээс ирэх хаврын чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлах хэрэгтэй. Мөн мөнгөний нөлөөг бууруулах ётсой. Хэвлэл мэдээллийн тэгш байдал бас их чухал. Хүн мэдээлэлд тулгуурлаж саналаа өгнө. Хөдөө оршин суугаа иргэд мэдээлэлд л тулгуурлаж төрийн бодлогод оролцоно шүү дээ. Иймд мэдээллийн тэгш, бодитой байдлыг хангах талаар хульчилж өгөх ёстой. Түүнчлэн санал өгөх боломжийг өргөжүүлэх ёстой. Жишээ нь, иргэд хаана ч явсан өөрийнхөө бүртгэлтэй тойрогт нэр дэвшигчид саналаа өгөх боломжоор хангах ёстой. Тэгэхгүй бол саналаа өгөхгүй үлдэх байдал их байна. Сонгуулийн хуулиар олон асуудлыг шийддэг мөртлөө тойргийг тогтоолоор шийдчихдэг. Ингээд сарын өмнө тогтоол гаргаад тойргийг өөрчилдөг. Гадаадад амьдарч байгаа иргэд маш цөөн санал өгдөг. Цахимаар санал өгөхөөр шийдвэрлэж ч болно.