
Лондонгийн түүхий эдийн биржийн мягмар гаргийн арилжаагаар Брент маркийн газрын тосны гуравдугаар сарын жишиг үнэ нэг баррель нь 61.36 ам.доллар болж буурлаа. Энэ нь өмнөх арилжааны хаалтаас 0.4 ам.доллараар (0.65%) бага байгаа юм.
Харин Нью-Йоркийн барааны биржийн цахим арилжаагаар WTI маркийн газрын тосны хоёрдугаар сарын жишиг үнэ нэг баррель нь 0.39 ам.доллараар (0.67%) буурч, 57.93 ам.доллар болжээ.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог АНУ-д баривчлан хүргэсэн хийгээд Ираны дотоодод өрнөж буй эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн газрын тосны арилжаа эрхлэгчдийг нөхцөл байдлыг ажиглахад хүргэж буй. Түүнчлэн Украины Ерөнхийлөгч В.Зеленськийн Европын удирдагчидтай хийх уулзалтын үр дүн ч нефтийн зах зээлийг хүлээлтэд орууллаа.
"Мадурог засгийн эрхээс буулгаснаар газрын тосны зах зээлд үзүүлэх нөлөөллийг үнэлэхэд эрт байна. Газрын тосны нийлүүлэлт 2026 онд хангалттай байх нь тодорхой" гэж PVM-ийн шинжээч Тамаш Варга тэмдэглэв.
Тэгвэл Саудын Араб хоёрдугаар сард бүх бүс нутгийн худалдан авагчдад зориулсан газрын тосны үнийг бууруулна гэж төрийн өмчит Saudi Aramco компани мэдэгдэв. Азид нийлүүлдэг гол зэрэглэлийн газрын тос болох Arab Light-ийн үнэ гурав дахь сардаа дараалан нэг баррель нь 0.30 ам.доллараар буурах болно. Энэ нь Оман/Дубайн түүхий нефтийн сагснаас 0.30 ам.доллараар илүү үнэтэй байх аж.
Азийн бусад төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 0.2-0.3 ам.доллар, АНУ-ын хувьд нэг баррель нь 0.3-0.4 ам.доллар, Баруун хойд Европ болон Газар дундын тэнгисийн хувьд нэг баррель нь 0.4 ам.доллараар буурах төлөвтэй байна.