
2026 оны хичээлийн шинэ жилийг боловсролын салбарынхан их л будилаантай, бэлтгэлгүй эхлүүллээ. Уг нь салбар яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийг өмнөх жилүүдээс онцлогтой эхлүүлнэ хэмээн мэдээлсэн. Зургаан настнуудын сургалтын хөтөлбөрийг шинэчилж, анги дүүргэлтийг нэг ангид 30 хүүхдээс хэтрүүлэхгүй байх, сурах бичгийн нийлүүлэлт, түгээлтийг шуурхай зохион байгуулна гэж салбарын удирдлагууд мэдэгдсэн.
Тодруулбал, энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурагчдад шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгээр сургалтын үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн. Шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн гол онцлог нь нэгдүгээр ангийн хүүхдүүд есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл сургуульдаа дасан зохицох хөтөлбөр буюу “Би сурагч боллоо” гэсэн дэвтрийг хэрэглэж, аравдугаар сарын 1-нээс үндсэн сурах бичгийн дагуу хичээлүүд орно гэдгийг Боловсролын яамнаас мэдээлсэн юм.
Гэвч үсгээ үзэхээр хүлээж байсан багачуудад бүтэн сарын хугацаа өнгөрсөн хойно ч сурах бичиггүй байна. Угтаа бол таван настай хүүхдүүдийн сургуульд орохоос өмнө үзэж, гар зүгшрүүлдэг агуулгыг нэгдүгээр ангийнхан бүтэн сарын турш аргацаан үзсэн. Энэ хооронд салбар яамнаас сурах бичгийг нь хэвлэж, 10 дугаар сарын 1-нээс урьтаж 75 мянган хүүхдийн ширээн хүргүүлчихсэн байх ёстой байв. Тодруулбал, нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх ажлын багц тендерийг зургаадугаар сарын 11-нд зарлаж долоодугаар сарын 27-нд нээсэн ч шаардлага хангасан компани байгаагүй хэмээн дахин наймдугаар сарын 5-ны өдөр тендерийг нээсэн. Шалгаруулалт есдүгээр сарын 9-нд болсон ч "зарим багцад гомдол гарсан төлөвт хэвээр байгаа нь" заасан хугацаанд сурах бичиг тараагдах эсэх нь эргэлзээтэй хэвээр байв. Энэ талаар өнөөдөр буюу аравдугаар сарын 1-нд сурах бичиг бэлэн болсон эсэх талаар Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамираас тодруулахад “Өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний өдөр Нийслэлээс албан ёсоор сурах бичиг тараагдаж эхэлнэ. Улсын хэмжээнд нэгдүгээр ангийн сурагчдын сурах бичиг хэвлэгдэж, бэлэн болсон. Харьяа дүүргүүдээс ЕБС-иудад тараагдана. Хөдөө орон нутаг руу мөн явуулах болно” хэмээн мэдэгдсэн юм. Гэвч өнөөдөр тараагдаж эхэлж байгаа сурах бичиг орон нутаг, захын сургуульд руу хүргэгдэх гэж хэдэн хоног, хэдэн сар болох вэ гэдэг эргэлзээтэй.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан чанартай боловсрол, тэгш хүртээмж ярих дуртай ч түүний амлалт болон амьдрал дээрх бодит байдал хоёр туйлын зөрүүтэй байгааг энэ жил шинээр сурагч болж буй нэгдүгээр ангийнханд тулгамдаж буй бэрхшээлээс харагдаж байна. Улсын сургуулийн хүүхдүүдийг бүтэн нэг сарын хугацаанд сургуульдаа дасна, сурагчийн амьдралаа ойлгоно гээд зураг, будагтай нөхөрлөж байх зуур хувийн сургуульд үсэглэлийн баяр хийх тухай агуулга яригдаж эхэлнэ.
Улмаар удаан хүлээсэн ном нь ирээд А үзэг зураглаж байх зуур өөр сургуулийн үе тэнгийн найзууд нь англи, хятад хэлний анхны үсэгээ үзэж эхэлнэ. Эндээс хэдийнэ үүсчихсэн, бүр үүрлэж орхисон ялгаа улам гүнзгийрнэ. Өнөөдрийн боловсролын ялгаа маргааш нийгмийн давхраажил бий болгоно. Энэ мэт асуудал боловсролын салбарт тулгарч байх зуур салбарын сайд нь улс төржиж, хов живд орооцолдож байгаа нь харамсалтай.
Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө тэрээр уг нь “Сурагчдыг сургуулийн орчинд гар утас ашиглахыг хориглоно. Хүүхдүүдийг сурах сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор нэг, хоёрдугаар ангийн сурах бичгийг маш сонирхолтой болгож байгаа. Энэ намраас хэрэглэнэ. Хүүхдүүдтэйгээ эцэг эхчүүд маш сайн яримаар байна. Есдүгээр сарын 1-нээс фэйсбүүк хэрэглээг хална. Сургуулийн орчинд гар утас ашиглахыг хориглоно. Фэйсбүүкээр гэрийн даалгавар өгөхгүй" гэж мэдэгдсэн.
Гэвч энэ хичээлийн жилээс эхлүүлээд нэгдүгээр ангийн сурагчид нь номгүй, дунд ангийн сурагчид нь номын хүрэлцээгүй, нэг ангидаа шахалцсан хэвээр хичээлийн шинэ жилийг эхлүүлж, бүтэн сар фэйбүүк, утсаар л даалгавар хичээлээ бие биедээ дамжуулж суралцлаа. Гэтэл салбарын сайд төсвийн тодотгол хэлэлцэж эхлэх үеэр хэрүүл хөөж зарим нэгэн улс төрчидтэй ам зөрчилдөж, тэр хоорондоо цахим хаягтаа худал үнэн нь мэдэгдэхгүй попролтоо явуулсаар байна. Уг нь бол улс төржиж суухаар хүүхэд бүрийн сурах эрх, боловсролын чанарыг нэн тэргүүнд тавьж, ярьдаг шигээ бодит ажилдаа анхаарах нь салбарын сайдын хийх ёстой ажил биш гэж үү?