
Талибан охидын боловсролд тавьсан хоригийг цуцлахгүй бол энэ тоо 2030 он гэхэд дөрвөн саяд хүрч болзошгүй гэж ЮНЕСКО мэдэгдэв.
Афганистанд ойролцоогоор 2.4 сая охин дунд боловсрол эзэмших эрхгүй байгааг НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО мэдээлж, эмэгтэйчүүдийн боловсролд тавьсан хязгаарлалтаа цуцлахыг Талибаны засгийн газарт дахин уриалжээ.
Тус улсад дунд боловсрол эзэмших боломжгүй болсон охидын тоо өнгөрсөн жилийн тооцооллоос 200 мянгаар нэмэгдсэн аж. Талибан бодлогоо өөрчлөхгүй бол энэ тоо 2030 он гэхэд дөрвөн саяд дөхөж болзошгүй юм.
Афганистан нь охид, эмэгтэйчүүдийг дунд сургууль болон их сургуульд суралцахыг хориглосон дэлхийн цорын ганц улс хэвээр байна. Эмэгтэйчүүдэд тавьсан олон төрлийн хязгаарлалтын улмаас НҮБ тус улсын нөхцөл байдлыг “жендэрийн апартеид” хэмээн тодорхойлоод байгаа юм.
Талибан 2022 оны гуравдугаар сард охидыг дунд сургуулиас хассан бол мөн оны арванхоёрдугаар сард эмэгтэйчүүдийг их сургуульд суралцахыг хориглосон. Энэ нь Талибан засгийн эрхэнд эргэн ирж, АНУ болон холбоотнууд Афганистанд 20 жил үргэлжилсэн цэргийн ажиллагаагаа дуусгаснаас хэдэн сарын дараа болсон явдал юм.
Түүнчлэн Талибаны засаг захиргаа эмэгтэй багш нарыг хөвгүүдэд хичээл заахыг хориглосон. НҮБ-ын мэдээлснээр энэ шийдвэр боловсролын систем дэх мэргэшсэн боловсон хүчний тоог бууруулж, хөвгүүдийг мэргэжлийн бус эрэгтэй багш нараар хичээл заалгахад хүргэжээ. ЮНЕСКО 2030 он гэхэд Афганистанд 11 мянга гаруй мэргэшсэн эмэгтэй багш дутагдана гэж тооцоолсон байна.
НҮБ-ын тэмдэглэснээр, эмэгтэйчүүдийн боловсролд тавьсан хориг нь Афганистаны боловсролын систем болон эдийн засагт аль хэдийн тулгарч буй олон асуудлыг улам хүндрүүлж эхэлжээ.
Олон сургууль хэт ачаалалтай, шаардлагатай тоног төхөөрөмж хангалтгүй байна. Сургуулиудын бараг тал хувь нь усан хангамж, ариун цэврийн байгууламж эсвэл халаалтгүй төдийгүй байгалийн гамшгийн улмаас сүүлийн таван жилийн хугацаанд ойролцоогоор 1000 сургууль хаагджээ.
Бага боловсролын түвшинд ч хоёр сая гаруй хүүхэд сургуульд хамрагдаж чадахгүй байна. Тус улсын 10 настай хүүхдүүдийн 90 хувь нь энгийн бичвэр уншиж чаддаггүй нь улсын хэмжээнд бичиг үсгийн боловсролын түвшнийг ердөө 37 хувь болгож бууруулжээ.
Талибаны засгийн газар охидын боловсролд тавьсан хоригийг цуцлахыг олон улсын хамтын нийгэмлэгээс, тэр дундаа лалын шашинт хүн ам зонхилдог хэд хэдэн улсын засгийн газраас шаардсан ч хүлээн аваагүй аж. Тус засаг захиргаа энэ бодлогыг дотоодын асуудал хэмээн тайлбарладаг.