
Засгийн газрын хуралдааны дараа Сангийн дэд сайд Б.Хулан мэдээлэл хийлээ.
Тэрээр "Засгийн газар болон Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн өмчийн компаниудад шинэчлэл хийх, төр өөрөө хувь хэмжээнээсээ тодорхой хэмжээнд татгалзах, хөрөнгийн зах зээлээр дамжуулан дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад хувьцааг нь санал болгохоор шийдвэрлэлээ. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг миний бие ахалж байна.
Төрийн өмчийн компаниудад менежмент хийх саналыг олон улсын туршлагатай, шилдэг гаднын компаниудад хүргүүллээ. Олон улсад үйл ажиллагаа явуудаг буюу компаниудад санхүүгийн өгөөжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулах, ил тод байдлыг хангах чиглэлээр зөвлөгөө өгч, менежмент хийж ажилладаг компаниудад урилга өгсөн гэсэн үг.
Төр хувьцааны давуу эрхээ хадгалж үлдээд бусад хувьцааг нь багцлан дотоод, гадаадын хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах юм. Энэ ажилд хамтарч ажиллах боломжтой гэсэн 12 компанид урилга хүргүүлсэн. Нэлээд олон компани хариу саналаа ирүүллээ" гэв.