Энэтхэгийн Мумбай хотод жүжигчний сургалтын төвд барьцаалагдсан 17 хүүхэд, насанд хүрсэн хоёр хүнийг цагдаа нар аварчээ.

Хууль сахиулагчдын  мэдээлснээр, энэ хэрэг Поуай дүүргийн жүжигчний сургалтын студид хүүхдүүд шалгаруулалтад оролцож байх үед гарсан байна. Сэжигтэн Рохит Арья гэгч хүүхдүүдийг барьцаалж, нэр бүхий этгээдүүдэд асуулт тавьж, хариулт нэхэхээ мэдэгдэн, “Хэрэв алдаа гарвал бүгдийг нь  шатаана” хэмээн сүрдүүлжээ.

Цагдаа нар эхэндээ хэлэлцээ хийхийг оролдсон ч сэжигтэн эсэргүүцсэн тул хүч хэрэглэн орсон бөгөөд ариун цэврийн өрөөний цонхоор дамжин барилгад нэвтэрч, хүмүүсийг аварчээ. 

Энэ үеэр сэжигтэн  Рохит Арья буудуулж шархадсан ч эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барсан байна.