
“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй 65, 86, 125 кг, эмэгтэй 50,76 кг жингийн медальтнууд тодорно.
Манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрээр хагас шигшээ барилдаанд "Рио-2016" олимпын наадмын хүрэл медальт, Азийн хошой аварга Казахстаны Эльмира Сыздыковад ялагдаж, финалын барилдаанд шалгарч чадсангүй. Э.Даваанасангийн өрсөлдөгч БНХАУ-ын Ли Вэнжию юм.
Манай эрчүүдээс хоёр бөх хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа. 86 кг-ын жинд О.Сүлдхүү Казахстаны бөх Азаматтай барилдана. Мөн 125 кг-д Б.Намбардагва Бахрейний бөх Шамил Шариповтай хүнд жингийн хоёр дахь хүрэл медалийн төлөө барилдахаар болов.
Өнөөдрийн медалийн төлөөх барилдаан 17:00 цагаас эхэлнэ.