Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой болон Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулж буй “Монгол бахархал-Мөнхөд гэрэлтэх Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ.
Энэ удаагийн үзэсгэлэнд төрийн тахилгат “Арван гурван” их хайрхан, түүний дотор “Бурхан Халдун” зэрэг түүх, байгаль, шинжлэх ухааны үнэ цэн бүхий сэдвүүдийг хөндсөн гэрэл зургууд багтсан байна.
Мөн Япон Улсын Эзэн хаан Нарүхито, хатан Масако нарын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалтай холбогдуулан хоёр орны найрамдалт харилцааг харуулсан гэрэл зургууд тус үзэсгэлэнгийн онцлох хэсэг болжээ.
Үзэсгэлэнгийн бас нэг онцлох хэсэг бол “Токио хот Монголын гэрэл зурагчдын дуранд” нэртэй цомог бөгөөд “Токиогийн гэрэл зургийн сар-2025” арга хэмжээнд оролцсон монгол гэрэл зурагчдын бүтээлүүдийг багтаасан бөгөөд Японы байгаль, уламжлал, ахуй соёлыг монгол гэрэл зурагчдын өнцгөөс харуулсан бүтээлүүдийг дэлгэжээ.
Үзэсгэлэн 2025 оны долоодугаар сарын 20-ныг хүртэл Монголын Уран зургийн галерейд үргэлжилнэ.