
Нийслэлийн ногоон бүсээс суурьшлын бүс рүү энэ оны наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянгийн эхэд баавгай нэвтэрсэн гэх дуудлага анх бүртгэгджээ. Үүнээс хойш “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага ирсэн байна. Нийслэлийн Байгаль орчны газраас хоёр баавгайг барьж, суурьшлын бүсээс 180 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тавьсан аж. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баньдаас мэдээлэл өгчээ.
Тэрээр "2018 онд нэг, 2019 онд хоёр, 2020 онд нэг, нийт дөрвөн удаа баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн. Энэ онд наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянгийн эхэд баавгай орж ирсэн дуудлага анх бүртгэгдсэн. Энэ үед иргэдэд сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэж эхэлсэн. Дараа нь наймдугаар сарын 30-нд “Богдхан ууланд баавгай байна” гэсэн дуудлага ирсэн. Он гарсаар “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдэж, нийслэлийн Байгаль орчны газраас хоёр баавгайг барьж, суурьшлын бүсээс ойролцоогоор 180 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тавьсан.
Баавгай 25-30 км зайд хоол тэжээлийг үнэрлэж олдог амьтан. Иймд иргэд гэр орон, өвөлжөө, хаваржааны ойр байх малын сэг зэмийг холдуулах, булах, хадлан тэжээл бэлтгэж, жимс түүж хөдөө, орон нутагт явж байгаа иргэд хоолны хог хаягдлыг холдуулах, битүүмж сайтай байлгах, аль болох ойтой газраар аялахгүй байхыг зөвлөж байна” гэлээ.