
“Намайг бүх юмаа ярь гэсэн. Би яримааргүй байсан ч дахин ярь гээд байсан болохоор ярьсан...”
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн нэгэн хүүхэд Хүний эрхийн Үндэсний Комиссын судалгаанд ингэж ярьжээ. Түүний хувьд хүчирхийлэл зөвхөн нэг удаагийн үйл явдал биш байв. Хэрэг шалгах ажиллагаа эхэлсний дараа тэр хүүхэд өөрт тохиолдсон аймшигт явдлыг дахин дахин ярихаас өөр аргагүй болсон байна.
Тусгаарлалт муутай, хүйтэн өрөөнд олон хүнд нэг л шархаа сөхөн тайлбарлах нь хүүхдийн сэтгэлзүйд дахин дарамт болдог аж. Монгол Улсын Үндсэн хуульд хүний нэр төр, эрх, халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан байдаг. Гэвч бодит байдал дээр иргэн хүн хуулийн байгууллагын хаалгыг татах мөчөөс эхлэн эрхээ хамгаалуулахаас илүүтэй дахин зөрчүүлсээр байна...
Монгол Улсад өнөөдөр бэлгийн хүчирхийллийн хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмтлийн зэрэг, бэлгийн харилцааны болон сэтгэцийн үнэлгээ, сэтгэл зүйн хор уршгийн дүгнэлт зэрэг хэд хэдэн төрлийн нарийн мэргэжлийн шинжилгээг тус тусад нь хийх зохицуулалттай.
Хэдийгээр энэ нь хууль эрх зүйн процесс боловч бодит байдал дээр төрийн салангид тогтолцооны улмаас хохирогч хүүхэд туулсан хүнд үйл явдлаа өөр өөр шинжээчдэд олон удаа давтан тайлбарлахаас аргагүйд хүргэдэг. Үүний улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч хүүхэд улам бүр шархалж, тогтолцооны гажуудлаас шалтгаалан давхар хохирогч болон үлддэг муу жишиг манайд тогтоод удаж буй.
Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд хохирсон гэмт хэрэгт гэмтлийн зэргийн, бэлгийн, сэтгэцийн, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох зэрэг хэд хэдэн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах шаардлагатай байдаг. Энэ нь өөр, өөр шинжилгээ тул нэг тогтоолоор илгээж болдоггүй. Эдгээр шинжилгээ хийх үед асуумж авч, хэрхэн хохирсон нөхцөл байдлын талаар шинжээчид тус тусдаа яриулдаг. Мөн мэдүүлэг авах үед яриулна. Ингээд хүүхдээр болсон явдлыг хамгийн багадаа 5 удаа дахин дахин яриулдаг...
ХЭҮК-ын мөрдөгч, шинжээчтэй хийсэн ярилцлага
Уг нь Монгол Улсын Үндсэн хууль болон НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлд “Аливаа байгууллагаас хүүхдийн талаар явуулах үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангана” гэж маш тодорхой заасан байдаг. Гэтэл бодит байдал дээр тэрхүү дээд ашиг сонирхол гэх чамирхсан үг шүүх, хуулийн байгууллагын хаалгыг татах төдийд л цаасан дээрээ үлдэж байгааг олон баримт гэрчилж буй. Тухайлбал, ХЭҮК-ын хяналт шалгалтаар орон нутагт хийгдсэн хүний биеийн 1024 шинжилгээ эрүүл ахуйн шаардлага хангаагүй, стандартын бус орчинд явагдсан нь тогтоогдсон. Хамгийн ноцтой нь, эдгээр шинжилгээний 160 орчим нь бэлгийн хүчирхийллийн хэрэгт хамаарч байсан бөгөөд үүний 79 нь насанд хүрээгүй хохирогчид байжээ.
Мөн шалгалтаар орон нутгийн шүүх шинжилгээний байгууллагуудын дийлэнх нь зориулалтын бус барилга байгууламжид буюу цагдаагийн газрын нэг өрөө, эсвэл Тамгын газрын байранд үйл ажиллагаа явуулж байгаа нь илэрсэн байна. Уг нь хүний биед, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдэд хийх үзлэг, шинжилгээг стандартын шаардлага хангасан орчин, нөхцөлд явуулах ёстой. Энэ нь Үндсэн хууль болон олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний халдашгүй байх, нэр төрөө хамгаалуулах суурь эрхтэй шууд холбоотой асуудал.
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд
Шүүх шинжилгээний байгууллага нь хараат бус бие даасан байх ёстой. Гэтэл энэ байгууллага өөрсдийн гэсэн барилгагүй, эсвэл ашиглалтын хугацаа нь дуусаад дүгнэлт гарчихсан барилга дотор үйл ажиллагагаа явуулсаар байна.
Үүнээс гадна орон нутгийн шүүх шинжилгээний лабораториудад хүний биеэс авсан биологийн дээж, эд эрхтэнг хадгалах тусгай зориулалтын өрөө, хөргүүр байдаггүй аж. Хяналт шалгалтаар цогцос хадгалах өрөөнүүд бүгд стандартын шаардлага хангаагүй нь тогтоогдсон бөгөөд зориулалтын хөргөх төхөөрөмжгүйн улмаас алба хаагчид цогцсыг ахуйн хөлдөөгчид хийж, биологийн дээжээ ажлынхаа өрөөнд хадгалдаг ноцтой нөхцөл байдал илэрчээ.
Энэхүү дүр зураг нь манай улсад иргэд амьд байхдаа ч, хүчирхийлэлд өртөж бүх зүйлээрээ хохирохдоо ч, эцэст нь насан эцэслэсэн хойноо ч ялгаагүй хамгаалалтгүй, эрх зүйн хувьд гарцгүй байгааг бэлхнээ гэрчилнэ.
Хүний эрхийн хямрал зөвхөн шүүх шинжилгээний салбарын урагшгүй байдлаар хязгаарлагдахгүй. Иргэдийн эрхийг хамгаалах, зөрчлийг таслан зогсоох үүрэгтэй төрийн гол институциудад итгэх нийгмийн итгэл үнэмшил өнөөдөр унтарч туйлдаа хүрэхэд бэлэн байна.
Үүний хамгийн сүүлийн жишээ нь хүний эрхийн чиглэлээр улсдаа түүчээлэн ажиллах ёстой Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) өөрөө ажлын байрны бэлгийн дарамтыг өөгшүүлсэн арьсаа хамгаалсан дүгнэлт гаргаж, хохирогчоо дахин хохирогч болгосон асуудал юм.
Тухайлбал, нэгэн байгууллагын дарга ажилтандаа бэлгийн сэдэлтэй дарамт үзүүлсэн хэргийг ХЭҮК хянах явцдаа хохирогчийг “даргын чинь нэр хүнд яригдана” хэмээн эвлэрэхийг шаардсан талаар Өдрийн сонинд хохирогч эмэгтэй шүгэл үлээж ярилцлага өгчээ. Түүнчлэн, тухайн удирдлагаас ажлын бус цагаар хохирогч руу бичсэн зүй бус чатуудыг комиссын гишүүн “хамт олны найрсаг харилцаа, яриа өрнүүлсэн байна” гэж дүгнэсэн нь нийгмийг цочирдуулсан юм.
Энэхүү шүүмжлэлийн дараа ХЭҮКоос албан ёсны мэдэгдэл гаргаж, “Ажлын байрны бэлгийн дарамтыг шууд найрсаг харилцаа гэж дүгнээгүй, устгагдсан цахим харилцааг сэргээн шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан” хэмээн өөрсдийнхөө арьсыг хамгаалсан юм. Гэвч дэлхий нийтээрээ ажлын байрны бэлгийн дарамтыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэн хохирогч төвтэй ажилладаг атал манай улсын хамгаалалтын дээд байгууллага нь хэрэгт хариуцлагатай дүгнэлт гаргахын оронд арьсаа хамгаалж, хаяагаа манах жишээтэй.

Олон улсын тавцанд манай улс хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан тогтолцоог тууштай хөгжүүлж буй нэр хүндтэй гишүүн орнуудын нэг гэдгээр харагддаг. Тэр ч утгаараа бид НҮБ-ын хүний эрхийн голлох гэрээ, конвенцуудад шат дараатай нэгдэж, дотоодын хууль тогтоомжоо ч дэлхийн жишигт нийцүүлэн шинэчилсээр ирсэн. Мөн бүс нутагтаа анх удаа Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай бие даасан хууль баталж, цаазын ялыг бүрмөсөн халсан нь Монгол Улсыг хилийн чанадад “хүний эрхийн түүчээ” гэж харагдуулах хангалттай шалтгаан болдог.
Гэвч гаднаа гяланцаг энэ олон хууль тогтоомж, гэрээ конвенцууд бодит амьдрал дээр иргэдэд хүрч, аюулгүй байдлыг нь хамгаалж чаддаг уу гэдэг асуулт хэвээр.
Жил болгон хүний эрхийн шаардлагыг хүргүүлж, цаасан дээр шинэ хууль баталдаг ч иргэдийнх нь эрх хангагддаг уу гэвэл бас л маргаантай. Уг нь өнгөрсөн 26 жилийн хугацаанд Монгол Улс эдийн засаг, дэд бүтцийн хувьд хөгжиж, гадаад үзэмж нь өөрчлөгдсөн ч монгол хүний суурь эрх, аюулгүй байдал яг дагаад дээрдсэн үү гэвэл үгүй. Бид цаг хугацааны хувьд урагшилж, орчин үеийн барилга, шинэ хуулиар гоёсон ч иргэнээ хамгаалах тогтолцооны хандлага, дунд шатны хүнд суртал нь 26 жилийн өмнөх байрандаа л гацчихсаныг дээрх жишээнүүд бэлхнээ гэрчилнэ.
Тэгвэл яг энэ эгзэгтэй мөчид манай улсын хүний эрхийн төлөв байдлыг дүгнэсэн нэгэн үйл явдал болсон нь тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд НҮБын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн явдал байв. Энэ нь НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын түвшинд яг 26 жилийн дараа дахин манай улсын бодит нөхцөл байдалтай танилцсан түүхэн үйл явдал болсон юм.
Айлчлалынхаа хүрээнд Фолькер Түрк Монгол Улсын эрх зүйн шинэчлэлийн ахицыг сайшаасан ч бодит хэрэгжилтийн түвшинд ноцтой сорилтууд байгааг онцолсон. Тэрээр хууль батлахаас илүүтэй “хуулийн хэрэгжилтийг хөрсөн дээр нь хангаж, бодит амьдралд нутагшуулах” нь өнөөдрийн хамгийн том сорилт хэвээр байгааг сануулж, иргэдийн өдөр тутмын амьдралд эрх зүйн хамгаалалт бодитоор хүрэхгүй байгааг тэмдэглэсэн юм.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк
Монгол Улс хүний эрхийг хамгаалах эрх зүйн бат бөх тогтолцоотой, үлгэр жишээ Үндэсний комисстой төдийгүй идэвхтэй иргэний нийгэмтэй улс юм. Гэвч цаашид хүний эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хөрсөн дээр нь буулгаж, үйл ажиллагааг нь тогтвортой санхүүжүүлэхэд илүү тууштай анхаарах шаардлагатай байна. Нийгмийн гэрээний суурь үндэс болсон хараат бус шүүх засаглал болон хууль дээдлэх ёсны институциудад итгэх олон нийтийн итгэлийг хадгалж үлдэх нь туйлын чухал юм.
НҮБ-ын дээд индрээс хэлсэн энэхүү дүгнэлт манай нийгмийн өнөөгийн дүр төрхийг яг таг тольдож буй.
Эцэст нь, хүний эрх гэдэг зүйл Үндсэн хуулийн хуудаснаа үлдсэн заалт, олон улсын өмнө уншдаг чамирхсан илтгэл, эсвэл дарга нарын ширээн дээрх зузаан тайлан биш юм. Харин хамгийн эмзэг, хамгийн их хамгаалалт хэрэгтэй байгаа тэр жирийн иргэнээ төр бодит амьдрал дээр хэрхэн нөмөрлөж байгаагаар л хүний эрх гэж тодорхойлох биз ээ.