
АНУ-д 2026 он гарснаас хойш улаанбурхан өвчний нийт 5182 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн талаар АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-өөс гаргасан мэдээлэлд дурджээ.
Вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой боловч халдварлах чадвар өндөртэй уг өвчний тохиолдлын тоо 1991 оноос хойш бүртгэсэн хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Бүртгэгдсэн тохиолдлын 18 хувийг таваас доош насны хүүхэд, 41 хувийг 5–19 насныхан эзэлж байна. Ийнхүү нийт батлагдсан тохиолдлын 59 орчим хувийг хүүхэд, өсвөр насныхан бүрдүүлжээ.
Нийт тохиолдлын дийлэнх буюу 4993 нь улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой байна.
Энэхүү дэгдэлт нь АНУ-ын цэцэрлэгийн насны хүүхдүүдийн вакцинжуулалтын хамрагдалт буурч буй үетэй давхцаж байна. Тодруулбал, 2019–2020 оны хичээлийн жилд 95.2 хувь байсан вакцинжуулалтын хамрагдалт 2025–2026 оны хичээлийн жилд 92.4 хувь болж буурчээ.
2026 оны арваннэгдүгээр сарын байдлаарх батлагдсан тохиолдлын тоо 2025 онд бүртгэгдсэн 2289 тохиолдлоос хоёр дахин их байна.
Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан мэдээллээр 2026 онд улаанбурхан өвчний улмаас дөрвөн хүн нас баржээ.
Пенсильвани мужийн Эрүүл мэндийн газраас энэ онд улаанбурхан өвчний 1487 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барсан гэж мэдээлжээ.
Холбооны түвшинд гаргасан нас баралтын тоо ийнхүү зөрүүтэй байгаа нь Пенсильвани мужийн захирагч Жош Шапиро болон АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф.Кеннеди Жр. нарын хооронд улаанбурхан өвчний шалтгаант нас баралтыг хэрхэн ангилах асуудлаар маргаан үүсгээд байна.
АНУ улаанбурхан өвчний вирусийн дотоодын тархалтыг хорь гаруй жилийн өмнө зогсоосон гэж албан ёсоор зарлаж байв. Гэвч дэлхийн хэмжээнд, ялангуяа вакцинжуулалтад эргэлздэг иргэд олонтой эсвэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй бүс нутгуудад улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байна.
Мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар, газарзүйн нэг бүс нутагт вакцинжуулалтын түвшин буурах нь хэдэн мянган километрийн цаана амьдарч буй хүмүүсийг ч халдвар авах эрсдэлд оруулж болзошгүй. Тиймээс улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх нь дэлхий нийтээрээ хүлээх хамтын хариуцлага юм.