
Япон улсын Нагоя хотод зохион байгуулагдаж буй Азийн зуны пара спортын V наадам бямба гарагт хаалтаа хийнэ. Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн паралимпын наадам өндөрлөхөд гурван өдрийн тэмцээн уралдаан үлдлээ. 45 орны баг тамирчид өрсөлдөж буй тус тэмцээнд Монгол Улсын паралимпын хорооны баг тамирчид өндөр амжилт үзүүлж байна. Манай баг тамирчид өнөөдрийн байдлаар гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар 13-р байрт жагсаж буй. Гэхдээ манай багийн тэмцээн дуусаагүй байна.
Өнөөдөр пауэрлифтингийн төрөлд Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ өрсөлдөх бол маргааш байт харвааны эмэгтэй баг хүрэл медалийн төлөө харвана. Мөн пара байт харвааны дэлхийн аварга Д.Сэлэнгээ хувийн харваанд мөнгөн медалийн болзол хангасан бөгөөд бямба гарагт алтан медалийн төлөө шийдвэрлэх харвааг хийнэ.
Монголын пара жүдочид багийн дүнгээр 6-р байрт шалгарлаа
Азийн пара наадмыг жүдо бөхийн төрөл өндөрлөж, Монгол Улсын баг нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэнээр багийн дүнгээр 6-р байрт жагслаа. Казахстаны пара жүдо бөхийн баг таван алт, нэг мөнгө, долоон хүрэл медаль, нийт 13 медальтайгаар тэргүүлсэн бол Узбекистан, БНХАУ-ын баг 3-4 алтан медальтай удаалав. Энэ наадмаас Япон, Иран, Монгол, Киргизстаны баг нэг алтан медаль хүртсэн бол БНСУ, Индонез, Энэтхэг, Тажикистаны багууд нэг мөнгөн медальтай 8-11-р байрт жагслаа. Харин Тайваний баг нэг хүрэл медаль хүртсэнээр медаль хүртсэн орны тоонд багтсан юм.
Монголын пара жүдо бөхийн ахлах дасгалжуулагч А.Мөнхбатын удирдлага дор оролцсон жүдочдоос эмэгтэйчүүдийн J1-70 кг-ын жинд Л.Туруунаа Японы жүдоч Нишимура Ацүмиг финалын барилдаанд ялж, Төрийн дууллаа эгшиглүүллээ. Мөн эмэгтэйчүүдийн J1 ангиллын 52 кг-ын жинд ОУХМ Т.Сувд-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн. Тэрээр энэ наадмын Монголын багийн анхны мөнгөн медалийн эзэн болсон юм.
Пара жүдо бөхийн тэмцээн өндөрлөж, Монголын баг алт, мөнгөн медальтайгаар 6-р байрт жагслаа.
“Парис-2024” Паралимпын аваргууд Нагояд өнгөлөв
Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин оролцсоноос гурав нь медальд хүрэв. Тэр дундаа “Парис-2024” Паралимпын медальтнууд Төрийн дууллаа эгшиглүүллээ.
Монголын пара таеквондогийн багаас “Парис 2024” Паралимпын наадмын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, “Парис 2024” Паралимпын наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ нар алтан медаль хүртсэн. Мөн Х.Темирбек хүрэл медаль хүртэж, Азийн паралимпын медальтан болсон юм.
Пара таеквондогийн тэмцээн өчигдөр өндөрлөж, Ираны шигшээ баг дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол БНХАУ, Монголын баг удаалав. Манай таеквондогийн баг энэ удаагийн наадамд тивдээ гуравдугаар байрт шалгарлаа. Энэ төрөлд Узбекистан, Тайванийн баг нэг аваргатай болсон бол БНСУ, Тайланд, Японы баг нэг мөнгөн медальтайгаар 5-8-р байрт оржээ. Харин Иракын баг нэг хүрэл медальтай хүснэгтэд багтсан байна.

Пара байт харвааны дэлхийн аварга Д.Сэлэнгээ финалд шалгарлаа
Монголын пара байт харвааны дөрвөн тамирчин дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор оролцож байна. Багийн бүрэлдэхүүнд пара байт харвааны багийн дэлхийн аварга Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар, “Рио-2016” Паралимпын наадмын 4-р байрын эзэн, багийн дэлхийн аварга Б.Оюун-Эрдэнэ болон П.Мөнхбаатар нар багтсан. Манай харваачид рекурв 70 метрийн зайд хувийн болон багийн хасагдах шатны харвааг хийлээ. Багийн харваанд эмэгтэй баг хүрэл медалийн төлөө Ираны багийн эсрэг харвана. Энэ харваа маргааш болно. Багийн харваанд оролцож байгаа Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Индонезийн багийг 6:2-оор хожсон ч БНХАУ-ын хүчирхэг багт 6:2-оор ялагдсанаар финалын харваанд шалгарч чадаагүй юм.
Харин Д.Сэлэнгээ хувийн харваанд Иран, Энэтхэг, Индонезийн харваачдыг ялж, мөнгөн медалийн болзол хангасан. Түүний финалын өрсөлдөгч бол БНХАУ-ын харваач Гао Зы Хань юм. Сонирхолтой нь Гао Зы хувийн харвааны эхний шатанд Б.Оюун-Эрдэнийг ялжээ.
Г.Ган-Эрдэнэ 18 насандаа Азийн паралимпын наадмын медальтан боллоо
Монгол Улсын багийн амжилт өчигдөр пара хөнгөн атлетикийн төрөлд үргэлжилж, дахин медальтан тодорлоо. Азийн пара наадмын хөнгөн атлетикийн тэмцээний эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн. Тэрээр гавьяат дасгалжуулагч Д.Махашири дасгалжуулагчийн удирдлага дор оролцож, 18 насандаа Азийн паралимпын наадмын медальтан боллоо.
Г.Ган-Эрдэнэ 10.30 метр түлхсэн бол Иракын тамирчин Тнаиаш 10:78 түлхсэн амжилтаар Азийн пара наадмын аварга болжээ.
Монгол Улсын багийн тугч П.Содномпилжээ өнөөдөр өрсөлдөнө
Нээлтийн арга хэмжээний ёслолд Монгол Улсын багийн тугчаар сонгогдсон Паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өнөөдөр тэмцээнтэй. Тэрээр пауэрлифтингийн 107 кг-д өрсөлдөнө.
Э.Содномпилжээ “Рио 2016” Паралимпын наадамд пауэрлифтингийн 88 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь медалийг авчирч байв. Энэ амжилтаа “Токио-2020” Паралимпын наадамд 107 кг-д алт, “Парис-2024” мөнгөн медалиар ахиулсан юм.
Э.Содномпилжээ Азийн паралимпын наадамд гурав дахь удаагаа оролцож байна. Тэрээр “Жакарта-2018”-д алт, “Ханжоу-2022” наадамд мөнгөн медаль хүртсэн.
Монгол Улсын баг зургаан медальтайгаар жагсаалтын 13-р байрт бичигдэж байна
Азийн пара наадмыг БНХАУ-ын баг 105 алт, 61 мөнгө, 54 хүрэл, нийт 220 медальтайгаар тэргүүлж байгаа бол наадмыг зохион байгуулагч Японы баг 28 алт, 35 мөнгө, 35 хүрэл, нийт 98 медальтай удаалж байна. Узбекистаны баг 27 алттай болсон бол Энэтхэг, Иран, Тайланд, БНСУ-ын багийн алтан медаль 14-т хүрчээ. Казахстаны баг 10 алтан медальтай эхний наймд жагсаж байгаа бол Индонезийн баг найман аваргатай 9-р байрт дэвшлээ. Монгол Улсын баг гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар 13-р байр, Тайвань, Филиппин, Йорданы багууд хоёр алтан медальтай 14-16-р байрт жагсаж байна. Харин БНХАУ-ын Хонконгийн баг 20 медаль хүртсэн ч нэг алт, найман мөнгө, 11 хүрэл медальтай байна. Өнөөдрийн байдлаар 31 орон ямар нэгэн медаль авчээ.