
Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн 648 дахь дугаар хэвлэгдлээ. Энэ удаагийн дугаарт багтсан онцлох нийтлэлүүдээс танилцуулъя.
Нэг. Илжиг модон хударгандаа
Улс төрийн уран егөө, хүний аж төрөхүйн дотоод эрх чөлөөг гаргууд хөндсөн Милан Кундерагийн “Инээд хийгээд мартахуйн тухай ном” романыг уншин суухуй. Энэ ном бол улстөрчид болоод дарангуй засаглалын эсрэг ухамсартаа хурц үг, сэтгэлдээ эх оронч үзлийг зэвсэг болгосон эсэргүүцэл бус чимээгүйхнээр егөөдөж, байгаа онож чадсан оюун ухааны цогтой тэмцэл байв.
Романы дүрүүд бүгд ямар нэг байдлаар хэлмэгдэгсэд. Тэд эх орноосоо гадуурхагдаж, хавчигдсан, оршихуйгаасаа зугтсан, татгалзсан. Эцэст нь эх орноо санагалзаж, зарим нь урвагч гэж цоллуулсан, тэгээд бүхнийг мартсан. Тэгэхээс ч өөр аргагүй. Дурсамж нь амьд боловч түүх тэднийг санахгүй. Эрх баригчид тэднийг хэдийнэ бүх иргэдийн ухамсраас арчиж хаясан. Ийм л гашуун егөөг нь сугалж үзье.
Манайх бол ардчилсан орон. Тиймээс азаар тоталитар дэглэм үгүй. Гэвч төрийн эрх баригчид эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, авлига бүхний нүдэн дээр ил цэцэглэж, засаглалын хямралыг тэд өөрсдийн менежментээр хөгжүүлж байгаагаас үзвэл босоо тогтолцоотой болох нь тодорхой. Тэгэхээр “Бид авторитар дэглэм рүү ухраад байна уу” гэх асуулт гарна. Тоталитараас ялгаатай авторитар нь эдийн засаг, улс төрийн эрх чөлөө, сөрөг хүчний үйл ажиллагааг таслан зогсоодоггүй. Харин ардчилсан тоглолцоо нэрийн дор цөөнхийн үзэл санааг орхигдуулж, эрх зүйн боломж олгодоггүй. Сонгууль нь ардчилсан чөлөөт байдлаар ном журмын дагуу болсон ч сөрөг хүчин авторитар дэглэмтэй улсад ялалт байгуулах бараг л боломжгүй. Үүнд бас шалтгаан бий. Төрийн бодлого үр дүнгээ өгч, улс орон нь эдийн засгийн хувьд тогтвортой мэтээр бусдад ойлгогдож, иргэд ажилтай, төрийн үйлчилгээ хэвийн, гадаад худалдаа ашигтай байхад сонгогчид нь өөр нам эвсэл сольж, эрх баригчдыг солихоос болгоомжилж ханддаг. Тиймээс л нэг нам төрийн эрхийг олон жил атгаж, чимээгүйхэн туйлах боломж олгоно. Гэвч ийм нөхцөлд иргэдийн амьдрал хэзээд дээшлэхгүй. Эсэргүүцэж, жагсаал цуглаан хийж, эрслэн босох гэж оролдох бүрдээ яг л Кундерагийн романы олонхын хэсэг шиг амин зуулгаасаа салах вий гэх айдаст хүлүүлж, авторитарыг хүлээн зөвшөөрдөг, эс бөгөөс мөнөөх амьдралдаа хэдийнэ дассан байдаг. Муу бүхэнд аль чадах чинээгээрээ дасаж аж төрнө гэдэг магад нийгмийн өвчин.
Хятадаас оруулж ирж байгаа коксжон түлшинд хоногт хэчнээн хүн угаартаж амь эрсдэхийг бид тааварлашгүй. Төр энэ талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй, мэдээлэл өгөөгүй. Монголд түүнийг нь шинжлэх лаборатори байхгүй учраас лабораторийн шинжилгээгүй орж ирж байгаа. Харин бид иймэрхүү нөхцөлд улам бүр дасаж, эрх мэдэлтнүүд шатар тоглосон хэвээрээ. Илжиг модон хударгандаа гэгч энэ.
Б.Алтанхуягийн "Романаас эхтэй авторитар асуулт" нийтлэлээс
Хоёр. МАН-д юу болох вэ?
МАН доторх манарсан их улс төрийн хэрүүл сар гаруй хугацаанд үргэлжиллээ. Тэд өнгөрсөн есдүгээр сарын 27, 28-нд Бага хурлаа хийснээс хойш хэрүүл тэмцэлд хамаг цагаа зарцуулав. Хамгийн анх зөвхөн “Намын даргын тамгыг хэн атгах вэ” гэсэн өрсөлдөөн байсан бол УИХ-ын дарга, дэд дарга, бүлгийн дарга, хэд хэдэн сайдын тамганы төлөөх өрсөлдөөн болж хувирсан. Энэ тэмцэл лав хагас сарын хугацаанд цааш үргэлжилнэ. Учир нь, МАН-ын Их хурал энэ сарын 15, 16-нд болно.
МАН-ын Их хурлын дараа хэчнээн албан тушаалд шинээр томилгоо хийж хэнд тамга атгуулах нь тодорхой болно. Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалдаа үлдэхээр болбол танхимынхаа сайд нарыг сэлгэн томилж таарна. Эхний ээлжид Засгийн газрынхаа эсрэг ажилласан гэдэг үндэслэлээр чөлөөлөгдсөн Шадар сайд С.Амарсайханы оронд хэнийг томилохоо шийднэ. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг Шадар сайдаар томилно гэсэн мэдээлэл гарч байгаа. Тэрээр Засгийн газрыг огцруулах дэмжиж гарын үсгээ зурсан боловч саналаа өгөхдөө огцруулахыг дэмжээгүйн учир тайлагдаж байна. Хэрэв түүнийг томилвол Байнгын хорооны даргын тамга бас дараагийн эзнээ хүлээх нь.
Мөн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нь УИХ-ын дарга болоод дэвшвэл түүний тамгыг хэнд атгуулахаа шийдэх шаардлагатай болно.
Үндсэн хууль зөрчсөн тодорхой болсон УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлж, түүний оронд МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг суулгахаар боллоо. Ж.Бат-Эрдэнийн оронд бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг сонгов. Энэ мэтээр зарим өрсөлдөөнөө тохироогоор шийдэгдэж байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, намын даргын тамганы төлөөх өрсөлдөөн тохироогоор төгсөх үү эсвэл МАН-ын Их хурал маргааныг хагалах уу. Арваннэгдүгээр сарын 16 гэхэд хариулт нь тодорхой болно.
С.Шийлэгтөмөрийн "Тамга атгах тохироо" нийтлэлээс
Гурав. Торгуулийн салааныхан
Сонгуулийн үр дүнгээр МАН-аас нийт 68 хүн парламентад сонгогдсоны 18 нь жагсаалтаар орж ирсэн юм. 2024 онд тус намын дарга байсан Л.Оюун-Эрдэнэ жагсаалтаа шинэ жишгээр бүрдүүлсэн хэмээн сурталчилж, үүгээрээ бахархаж байв. Учир нь, тус намын жагсаалтад цөөн дэд сайд, МАН-ын нарийн бичгийн даргыг эс тооцвол улс төрөөс ангид, гадаадад ажилладаг, салбартаа сайшаагдсан гэх хүмүүсийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл багтсан. Голдуу залуу хүмүүс ч байлаа. Гэхдээ намын даргынх нь үзэмжээрээ сонгосон эдгээр хүний олонх нь түүнд хүчин зүтгэх, шаардлагатай үед цээжээрээ хамгаалах үүрэг хүлээсэн байсан аж.
Хүйсийн тэгш эрх, нийгмийн бүлгүүд, намуудын төлөөллийг хангах давуу талтай учраас холимог тогтолцооноос ухрах учиргүй. Гэхдээ намын жагсаалтаар эрэмбэлэх шалгуурыг өндөрсгөж, нэг эрх мэдэлтний биш, нийт гишүүнийхээ саналаар тодруулдаг болгон, алдаагаа засах боломж бий. Монгол төрийн босго өндөр байх ёстой. 2028 оны сонгуулиар дахин “толгойгүй”, ёс зүйн хэлтэрхий ч үгүй хүмүүсийг УИХ-д залж оруулж ирэхийг зогсооё.
С.Туулын "Товчлуур дарах үүрэгтэй "толгойгүй" хүмүүс" нийтлэлээс
Дөрөв. Тооноос бодлого руу шилжье
Монгол Улсад ямар нэгэн тоо зарлагдахгүй өдөр гэж алга. Өнөөдөр төдөн хүн угаартаж нас барлаа, төдөн хүүхэд улаанбурханаар өвдсөн, хэчнээн тонн нүүрсийг борлуулж байна, төдөн тооны автобус үйлчилгээнд явж байна. Хэчнээн иргэн эрт илрүүлэгт орлоо, зам тээвэр, скүүтерийн осол нэх мэтчилэн тоолж, мэдээлэхдээ гаргууд улс болжээ. Одоо бүр шатахуунаа хүртэл хэдэн литрийг зөөж байгаагаа өдөр бүр мэдээлэлдэг боллоо.
Тэртээ цар тахлын 11:00 цагийн мэдээнээс эхлэлтэй энэ тооллогын хэв маяг өнөөдрийг хүртэл хэвээр хадгалагдаж, бараг бүх салбарт шингэжээ. Өдөр бүр урсан өнгөрөх энэ олон тоо, мэдээлэл, статистикийн цаана ямар үр дүн, бодлого, дүн шинжилгээ байгааг сийрүүлье.
Тоо бол зүгээр нэг мэдээлэл биш, бодлогын суурь байх ёстой. Гэвч манайд энэ суурь алдагдаж тоо цуглуулах нь зорилго болж, дүн шинжилгээ, хэрэгжилт нь орхигдож байна. Тухайлбал, өнөөдөр эрүүл мэндийн салбарт өвчлөл нэмэгдэж байгааг өдөр бүр тоолсоор байхын оронд яагаад тэр өвчин буурахгүй байна вэ гэдэгт анхаарал хандуулахгүй байна. Жишээ нь, ХӨСҮТ-өөс гаргасан мэдээллээр, өнгөрсөн долоо хоногийн байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13 мянгад хүрчээ. Уг нь ХӨСҮТ-өөс энэхүү тоон мэдээллийг иргэдэд өдөр бүр мэдээлдэг ч мэдээлэл нь бодлого, арга хэмжээ болон хувирч чадахгүй байгааг өвчлөлийн тоон өсөлтөөс харж болохоор байна.
И.Сарангоогийн "Тоолохоос хэтэрдэггүй Монгол" нийтлэлээс
Тав. Улстөрчдөөс илүү уурхайчид эх орондоо хайртай
Монгол бол уул уурхайн эх орон. Үүнийг үгүйсгэх аргагүй. Хөдөө аж ахуйн эх орон гэгдэж байсан нэр маань нэг л мэдэхэд уул уурхайн болон өөрчлөгдөн, өнөөдөр энэ салбараас хамааралгүй зүйл бараг үлдсэнгүй. Эдийн засаг нь хэт хамааралтайгаас гадна уул уурхайгаас өөр дэнчинд тавьж дэлхийн худалдаанд оролцох, хөрөнгө оруулалт татах бараа бүтээгдэхүүн ч бидэнд алга.
Монгол хүн бүрийн амьдрал уул уурхайн салбараас хамааралтай. Энэ салбарт ажиллаж орлого олдоггүй ч амьдрал нь ямар байх вэ гэдэг уул уурхайгаас л хамаардаг. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж, экспорт саарвал худалдаа эрхлэгчдийн орлого буурна, төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломж хумигдана, хүүхдүүдийн суралцах орчин сайжрахгүй, ажлын байр хомсдоно гээд бүх хүнд хамааралтай.
Яг үнэндээ манай улс ямар байх нь улстөрчдийн удирдлага, шийдвэрээс бус уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, экспортоос хамаарч байна. Харин ч бүр улстөрчид уул уурхайнхаа хүчээр илүү сайхан байх боломжийг дундаас нь хумсалж байгаа. Улстөрчдөөс илүү уурхайчид эх орондоо хайртай, тэд өнөөдрийн, ирээдүйн Монголыг бүтээхийн төлөө зүтгэж байгаа. Улстөрчид бол бодлого шийдвэр гаргаж байгаа нэрээр иргэдэд очих ёстой уул уурхайн өгөөжөөс хумсалсаар сууна. Нүүрсний хулгайн хэргээс эхлээд энэ нь шүүхээр батлагдсан үйлдэл. Уул уурхайгаас орж ирсэн орлогыг хуваарилж, түүгээр амласан амлалтаа хэрэгжүүлж, өөрийнхөө мөнгөөр хийчихсэн мэт тууз хайчлан зогсох улстөрчид хэний, юуны хүчинд гэдгээ мэдэхгүй. Харин ч бүр эсрэгээрээ уул уурхайн компаниуд гэж төрийн өмчийг луйвардсан, дээрэмдсэн, хамаг болохгүй бүтэхгүй тэнд үүрлэсэн тухай ярьж олон нийтийн тархийг угаадаг. Үүнийхээ дараа төрийн эзэмшилд авна гэж зүтгэдэг боллоо.
С.Шийлэгтөмөрийн "Гүйх нохойд гүйхгүй нохой саад" нийтлэлээс
Зургаа. Тогтвортой засаглалын тулгуур
Хөгжлийн хэтийн бодлогоо таван жилээр багцладаг Хятадын эрх баригч Коммунист намын бүгд хурал 15 дахь таван жилийн төлөвлөгөөний үндсэн чиглэлүүдийг өнгөрсөн сард танилцууллаа. “Таван жилийн төлөвлөгөө” гэх ойлголт ЗХУ-ын үеийн төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооноос улбаатай ч нэг улс хоёр системийг эрт нэвтрүүлсэн БНХАУ-ын хувьд эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэл, хөрөнгө оруулалтын шийдвэрийг тодорхойлох стратегийн гол тунхаг болгодог юм. ХКН-ын төв хорооноос дэвшүүлсэн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 15 дахь таван жилийн төлөвлөгөө боловсруулах тухай зөвлөмжийн дагуу Төрийн Зөвлөлийн боловсруулсан хөтөлбөрийг ирэх хавар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар эцэслэн батална.
“Хүчирхэг, аюулгүй, дотооддоо тогтвортой, гадаадад нөлөөтэй Хятад.” Энэ өгүүлбэр шинэ төлөвлөгөөний гол цөм болж, Хятад улс эдийн засгийн өсөлтөөс илүү тогтвортой төрийн эрх мэдэл, технологийн бие даасан байдал, дотоод эргэлтийн эдийн засаг руу чиглэж эхэллээ.
Хятадын Коммунист намын Төв Хорооны бүгд хурлаас гаргасан 5000 үг бүхий мэдэгдэлд дурдсанаар ирэх 2026-2030 онд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө нь Хятадыг өндөр технологийн ногоон эдийн засаг бүхий шинэ үеийн үйлдвэрлэлийн гүрэн болгох өргөн хүрээний зорилтыг хамрах аж. Төрийн хэвлэлд нийтэлсэн албан мэдэгдэлд өгүүлсэнчлэн 2035 он гэхэд Хятадын эдийн засаг болон технологийн хүчин чадлыг ахиулж, дэлхийд нөлөөлөх хэмжээгээ шинэ түвшинд гаргах зорилтоо хэрэгжүүлэхэд Ши Жиньпинд нэгэн давуу тал буй нь урт хугацааны төлөвлөлттэй улс төрийн тогтвортой засаглал юм. Хятадын хэвлэлүүд ч үүнийг илт онцолж, Бээжингийн эрх баригчдын урт хугацаанд сэтгэдэг загварыг барууны бодлогын тогтворгүй байдалтай харьцуулж буй.
Б.Оюунхорол "Хятадын шинэ төлөвлөгөө дэлхийг дахин зурах уу" нийтлэлээс
Долоо. Дроны довтолгооны хохирол
Хөр цаснаар балга бензин хайж Улаанбаатарын ШТС-уудыг гороолдог дүр зураг энэ жил ч давтагдах нь. Дотооддоо шатахууны хомсдолтой нүүр тулж экспортоо хязгаарласан ч Монголд нийлүүлэх хэмжээгээ бууруулахгүй гэсэн Кремлийн амлалт өнөөхөндөө биднийг тайвшруулж буй. Гэвч бодит байдал дээр 2025 оны намрын дунд үеэс Оросын дотоодод бензиний үнэ огцом өсөж, иргэд шатахуун түгээх станцын зүг урт цуваа үүсгэх болсон.
Украины дрон довтолгоо, өрнөдийн орнуудын тавьж буй эдийн засгийн хориг эрчим хүчний аварга гүрнийг түлшний хангамжаа шийдэж чадахгүйд хүргээд байна.
Аравдугаар сарын эхний байдлаар Калининградаас Владивосток хүртэлх бүс нутагт шатахууныг хязгаарлалттай олгож, зарим газарт жолооч нэг удаад 10-20 литр л авах эрхтэй байгаа бол алслагдсан бүс нутагт зөвхөн дизель түлш үлджээ. Бензиний үнэ оны эхнээс 50 хувиар нэмэгдэж, дизель нэг сарын дотор 10 хувиар нэмэгдсэнээр иргэд шатахуун авахад хүндрэлтэй болсон юм. Крымийн хагас нь шатахуунгүй болсны дээр Алс Дорнод, Волгагийн холбооны тойрогт нийлүүлэлтийн сүлжээ хамгийн ихээр доголджээ.
2025 он гарсаар Украин урьд өмнөхөөс илүү холын тусгалтай байлдааны дрон ашиглан Оросын нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг системтэйгээр онилж эхэлсэн.
Вашингтон постын мэдээлснээр, Оросын 38 нефть боловсруулах үйлдвэрийн 21 нь дрон довтолгоонд өртсөн байна. Улмаар наймдугаар сараас хойш таван нефть боловсруулах үйлдвэр хэсэгчлэн эсвэл бүрэн ажиллагаагүй болж, Оросын боловсруулах хүчин чадал өдөрт 1.1 сая баррель буюу 17 хувиар буурчээ. Дотоодын шатахуун нийлүүлэлтийн гол зангилаа болох Самар, Ярославль, Волгоградын нефть боловсруулах үйлдвэрүүд хамгийн их хохирол амсав. Наймдугаар сарын 27-нд Рязань дахь томоохон үйлдвэр хүчтэй дэлбэрэлтэд өртсөнөөр нийслэл Москва хотын шатахууны хангамжид доголдол үүсэж эхэлсэн.
С.Лхагвасүрэнгийн "Агуулах дундрах цагаар" нийтлэлээс
Найм. Насанд хүрсэн хүүхдүүд
30 настай танил чинь, 20 гарсан найз чинь, 26-тай ажлын хамтрагч чинь магадгүй та өөрөө ч өсвөр насан дээрээ яваа гэвэл итгэх үү? Өөрийгөө төдийгүй нийгэм таныг насанд хүрсэн бие хүн хэмээн хүлээн авч байгаа ч дотоод мэдрэмж, амьдралын хэв маяг, амьдрах арга барил гэхчлэн олон зүйл тань ээж, аав, эгч, ах нарынхаас өөр байгааг анзаарсан уу? Хэрэв тийм бол тайвширч болох нь. Учир нь, өөрийгөө хийгээд амьдралыг таних өсвөр нас санаснаас удаан үргэлжилдэг болжээ.
Хүүхдээс насанд хүрэгчдийн эгнээнд шилжих хөгжлийн үеийг өсвөр нас гэж тодорхойлдог. Энэ үед хүний бие, сэтгэл зүй, зан харилцаанд олон өөрчлөлт гардаг бөгөөд төлөвших хүртлээ шаггүй саад, бэрхшээлтэй тулгардаг. Ийнхүү хувьсан өөрчлөгдөх шат 13 наснаас эхэлдэг хийгээд 18 нас хүртэл үргэлжилдэг гэж эмч, сэтгэл судлаачид үзэж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд хувь хүнээс бие хүнд шилжих цаг хугацаа, он жил илүү уртасжээ. Өөрөөр хэлбэл, 18 нас хүрээд дуусдаг байсан өсвөр нас сунжирч, 30 хүртэл үргэлжилдэг болсон байна.
Бие, сэтгэл зүйн хувьд төлөвшиж, насанд хүрэгч гэх тодорхойлолт, ойлголтод нийцэх хугацаа ийн уртассан шалтгааныг анх Кларкийн их сургуулийн доктор, сэтгэл судлаач Jeffrey J.Arnett судалж тогтоосон байна. Тэрээр 18-30 насныхныг насанд хүрэгчид гэж үзэх нь учир дутагдалтай гэдгийг нотолсон бөгөөд мөн үеийнхнийг төлөвшиж буй насанд хүрэгчид буюу “Emerging Adulthood” хэмээн тодорхойлжээ. Харин зарим судлаач өсвөр нас сунжирч байгаа тул сунжирсан өсвөр насныхан гэх нь илүү оновчтой тодорхойлолт гэж үздэг аж.
О.Даваасүрэнгийн "Сунжирсан өсвөр нас" нийтлэлээс
Ес. Бөгтийх эмгэг
Бичвэрийг эхлэхээс өмнө уншигч танаас нэг зүйл асууя. “Хүүхдийн тань нуруу зөв хөгжиж байна уу?” Магадгүй ихэнх нь “Тиймээ, зүгээр. Ер нь хүүхдийн нуруу өвдөж, өөрчлөгдөнө гэж юу байх вэ” хэмээн хариулж, зарим нь эргэлзэж буй байх. Гэвч томчууд биднийг ингэж итгэж эсвэл эргэлзэж байхад нурууны эмгэг хүүхдүүдийг “хүлж” байна.
Мэргэжлийн эмч нарын хэлж буйгаар монголчуудын 70-80 хувь нь нурууны ямар нэгэн асуудалтай. Харин нурууны төрөлжсөн эмнэлгийн үйлчлүүлэгчдийн 20 хувь нь хүүхэд. Нурууны өвчлөл насанд хүрэгчид төдийгүй хүүхэд багачуудын дунд хурдацтай тархаж байна. Тэр дундаа өтөл насанд л ажиглагддаг “Нуруу бөгтийх эмгэг” өсвөр үеийнхэнд илэрч эхэлснийг мэргэжлийнхэн анхааруулсаар байна. Тиймээс бид энэ удаа хүүхдүүдэд түгээмэл ажиглагдаж буй нуруу бөгтийх эмгэгийн талаар хөндлөө.
Хүн сээрний хэсгээрээ 20-30 градус буюу бага зэрэг бөгтөр байх ёстой. Бөгтөр нь 20 градусаас бага бол гипокифоз буюу сээрний хэвийн бөгтөр тэгшрэх, 30 градусаас их бол гиперкифоз буюу бөгтөр болох эмгэг гэж үздэг байна. Гиперкифозыг 30-40 градус бол хөнгөн, 40-50 градус бол дунд, 50-70 градус бол хүнд, 70 градусаас дээш бол их хүнд гэж үздэг гэдгийг мэргэжлийн эмч хэлж байна. Гиперкифоз буюу бөгтөр болох эмгэг нь төрөлхийн, удамшлын, олдмол зэрэг шалтгаантай.
Б.Цэнд-Аюушийн "Бөгтөр ирээдүй" нийтлэлээс
Арав. Өлгийнөөс эрдэмд дөрөөлсөн хүү
Аливаа юмны шувтрах тэр л дээд цэгийг үзүүр орой гэнэ. Магад цавчим өндөр уулсын энэ л хэсэгт тогтсон цас хэзээд үл хайлах билээ. Үүнийг хүнтэй зүйрлэх аваас амьдрал туршид хийж бүтээхийн оргилд хүрсэн, насан турхруу ч үйл хэргийнхээ мөнхийн замаар итгэл тулж, хөл бат гишгэсээр цэх алхах нэгэнтэй харьцуулж болно. Тийм хүмүүсийн хувьд бүтээнэ гэдэг амьдралынх нь хэмнэл. Туурвина гэдэг цаг хугацааны харилцан адилгүйтэй үл эвлэрэх жам ёсны үнэн байдаг. Гэвч ийм хүмүүс өдрийн од шиг цөөн.
Бахдам үйлстэн нь ч тэр, бахархуулах зүйлгүй ч хэн бүхэн хүсмээр жирийн сайхнаар орчлонг туулсан нь ч тэр буцдаг хорвоо. Харин цасан дээр үлдсэн мөр хайлавч, цаасан дээр бийрлэж үлдээсэн нь цагийн салхийг гаталдаг.
Үйл хэргээрээ нэрээ мөнхөлж, анхлан шан татаж бий болгосон бүтээл туурвил нь өнө удаан хүмүүсийн сэтгэлд хадгалагдсан нэгэн бол Төрийн шагналт, Ардын зураач, Монголын уран зургийг үндэслэгчдийн нэг Үржингийн Ядамсүрэн.
Иргэдийн амьжиргаа тааруу, нийтээрээ шашныг хэт шүтсэн, тусгаар, эрх чөлөөний хувьд бүрэн хязгаарлагдмал цаг үеүдийн зааг дээр сод туурвилч, шинэчлэгчид төрдөг жишээ олон бий. Ү.Ядамсүрэн энэ цаг үед, 1905 оны арванхоёрдугаар сарын 25-нд хуучнаар Сэцэнхан аймгийн Эрдэнэ гүний хошуу, одоогийн Хэнтий, Дорнод аймгийн зааг нутаг болох Шалзын голын адаг Шөвгөр уулын бэлчир дэх Улаан нүдэн хэмээх газар төржээ.
Б.Алтанхуягийн "Үзүүр оройн цас" нийтлэлээс