Тусгаар улсын ерөнхийлөгчийг өргөөнөөс нь баривчилж өөрсдийн хуулиар шийтгэхийг оролдох АНУ-ын үйлдлийг дэлхийн нийт цочирдон хүлээж авсан.
Дэлхий нийтийн дэг журмыг давж гишгэсэн үйлдлээ харин Цагаан ордон “Николас Мадурогийн толгойлдог хар тамхины хил дамнасан бүлэглэлтэй хийх тэмцэл болохоос бус харь орны эсрэг түрэмгийлэл биш” хэмээн зөвтгөж буй. Тэгвэл Мадурог баривчлан Нью-Йоркийн шүүхээр оруулсан хийгээд Венесуэлийн шилжилтийн Засгийн газарт ил далд үзүүлсэн дарамт шахалтаас нь харахад Трампын засаг захиргаа хар тамхины эсрэг тэмцэл гэхээс илүүтэй дэлхийн хамгийн их газрын тосны нөөцтэй орныг хянах геополитикийн нүүдэл хийсэн нь улам бүр тодорхой харагдаж байна. Венесуэлээс жилд 30-50 сая баррель түүхий нефть АНУ-д нийлүүлэх бол газрын тосны борлуулалтаас олох орлогыг Дональд Трамп биечлэн хянах аж.
Хөрөнгө оруулагчдаа хөөж, баялгийн менежментэд төр нь хэтэрхий хутгалдсаны горыг хэдэн жил хангалттай хүртсэн Венесуэл ийнхүү эдийн засаг төдийгүй тусгаар тогтнолын хувьд ч АНУ-аас шууд хараат боллоо.
Хоёр зууны өмнө хүн төрөлхтөн газрын тосноос керосин нэрж түнэр харанхуйг гэрэлтүүлсэн бол XX зууны эхээр дотоод шаталтын хөдөлгүүр зохион бүтээснээр нефтийн бүтээгдэхүүний ач холбогдол үлэмж нэмэгдсэн. Уинстон Черчилль 1911 онд Британийн тэнгисийн флотыг нүүрснээс нефть рүү шилжүүлэх шийдвэр гаргахдаа “Газрын тос бол ялалтын түлхүүр” хэмээн тунхагласан нь санамсаргүй үг биш байлаа. “Хар алт” гэгддэг газрын тос энэ цагаас хойш гагц эрчим хүчний эх үүсвэр бус олон улсын зөрчил, зэвсэгт мөргөлдөөний гол шалтгаан болж ирсэн. Эдийн засгийн хувьд үлэмж ашиг дагуулдаг ч нефтийн олборлолт, нийлүүлэлтийг дагасан сонирхлын зөрчил олон сая хүний амь насыг авч одсон дайн тулааны шалтгаан болж, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлсөн жишээ олон.

Чакогийн дайн (1932–1935)
Боливи, Парагвай улсуудын хооронд өрнөсөн Чакогийн дайныг газрын тосны нөөцтэй холбоотой анхны томоохон мөргөлдөөн гэж үздэг. Чако бүс нутагт газрын тосны асар их нөөц байж болзошгүй гэх таамаглал дээр үндэслэн Боливи улс хөрш Парагвай руу довтолжээ. 100 мянган хүн амь насаа алдсан ч Парагвай газар нутгийн хэмжээг өргөтгөж чаджээ. Харин хөрсөндөө арвин нөөцтэй гэх цуу тарааж хөрш орнуудыг дайтгахад хүргэсэн буруутан нь Америкийн “Standard Oil”, Их Британий “Shell” зэрэг газрын тосны аваргууд байв.

Иран-Иракийн дайн (1980–1988)
Ирак улс Иран руу довтолсон нь газрын тосны нөөц, экспортын хяналтаас үүдэлтэй хамгийн том мөргөлдөөний нэг. Шатт-аль-Араб голын эргийн газрын тосоор баялаг нутгийг эзлэхээр Саддам Хуссейны эхлүүлсэн дайн найман жил үргэлжилж, сая орчим хүний амь насыг авч оджээ. Химийн зэвсэг тэр дундаа баллистик пуужин анхлан ашигласан дайны үеэр дэлхий даяар газрын тосны экспорт буурч, үнэ өсөв. Хүйтэн дайны гол сөргөлдөгч АНУ, ЗХУ хөндлөнгөөс оролцсоны улмаас Ойрхи Дорнодын байдал өнөө хэр тогтворжсонгүй.

Персийн булангийн дайн (1990–1991)
Ираны баялгийг булаах оролдлого нь бүтэлгүйтэж эдийн засаг нь үлэмж доройтсон Иракийн удирдагч хоёр жилийн дараа газар нутаг багатай ч газрын тосны арвин нөөцтэй өмнөд хөрш Кувейтийг эзлэхийг санаархав. 1991 онд НҮБ-ын өгсөн зөвшөөрлийн дагуу АНУ тэргүүтэй 34 улсаас бүрдсэн эвсэл хариу довтлон Кувейтээс Иракийн армийг хөөн гаргасан юм. Дайны явцад нефтийн үнэ огцом нэмэгдэж, дэлхийн эдийн засгийг хүчтэй донсолгосон ч хамгийн том хохирол нь экологийн сүйрэл байсан билээ. Иракийн цэргүүд Кувейтийг орхихдоо 600 гаруй цооног шатааж, 11 сая баррель газрын тосыг буланд асгасан нь далайн экосистем хийгээд агаар мандалд нөхөж баршгүй сүйрэл дагуулсан гэдэг.

Иракийн дайн (2003–2011)
АНУ тэргүүтэй холбоотон арми Саддам Хуссейны дэглэмийг нураахаар Ирак руу довтолсон шалтгаанаа албан ёсоор бол “Цөмийн зэвсгийг устгах зорилготой байсан” гэж тодотгодог. Найман жил Иракийг өөд уруугүй нэгжээд ч үй олноор устгах зэвсэг олоогүй америк цэргүүд 2011 онд орхин гарлаа. Өрнөдийн орнууд Иракт довтолсон шалтгааныг үнэн хэрэгтээ газрын тосны ашиг сонирхол байсан уу гэдэг нь одоо ч маргаантай сэдэв хэвээр. 100 мянган хүн үрэгдэн Исламын улс зэрэг террорист бүлэглэл үүсэх урьдач нөхцөл болсон дайны дараа харин нефтийн лицензүүдийг нь мөнөөх л “ExxonMobi”l, “BP”, “Chevron” зэрэг барууны компаниуд хуу хамсан аж. Хар алтны нөөцөөр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Иракийн газрын тосны олборлолт, худалдаа өнөөдөр үндсэндээ Америкийн хүсэл сонирхлын үндсэн дээр явагддаг гэхэд хилсдэхгүй.

Суданы иргэний дайнууд (1983–2005, 2011–…)
Өмнөд Суданы газрын тосны орлогод эзэн суух гэсэн Умардын зэвсэгт бүлэглэлүүдийн түрэмгийлэлд 2 сая энгийн иргэний цус урсжээ. 2011 онд Өмнөд Судан тусгаар тогтносон ч газрын тосны талбайг зорилгоо болгосон дотоодын зэвсэгт сөргөлдөөн намжих шинжгүй.

Нигерийн сөргөлдөөн (1990-ээд оноос хойш)
Нигерийн Дельта бүсэд газрын тосны олборлолтоос үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн өнөөдөр ч үргэлжилсээр байна. MEND зэрэг орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүд Засгийн газар болон “Shell”, “Chevron” зэрэг үндэстэн дамнасан томоохон корпорациудын эсрэг тэмцэж, олборлосон газрын тосыг нь хулгайлах, дэлбэлэх ажиллагаа тогтмол явуулдаг.

Ливийн иргэний дайн (2011–…)
Нефть олборлолтоо хараат бус байлгахын тулд барууны цэргийн баазуудыг байрлуулахаас татгалзан, Африкийн дотоод валютын санаачилга дэвшүүлсэн Муаммар Каддафийн дэглэм 2011 онд “Арабын хавар” хувьсгалаар төгсгөл болов. НАТОгийн цэргийн дэмжлэгтэй Үндэсний шилжилтийн зөвлөл дарангуйлагч Каддафийг түлхэн унагаасан ч иргэний дайны галаа унтрааж чадсангүй. Байгалийн баялгийн төлөө олон зэвсэгт бүлэглэлд задарсан Ливид одоо хараа хяналт сул, гаднын сонирхолд нээлттэй төргүй нефтийн бүс болжээ.
“АНУ болон барууны орнууд зөвхөн газрын тосны төлөө дайн хийдэг” гэж дүгнэх нь учир дутагдалтай.
Баялаг нөөцтэй ч улс төрийн хувьд сул, баруунаас хараат бус бодлого явуулдаг орнууд дайны, дарамтын, төрийн эргэлтийн бай болдог нь түүхэн үнэн ажээ.