
МАН өнгөрсөн амралтын өдрүүдэд Бага хурлаа хийж УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг намын даргаараа сонгосон. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн, МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар: -Манай намын дүрэмд "Намын дарга нь Ерөнхий сайд байна" гэсэн заалт байхгүй. "УИХ-ын сонгуульд олонх болсон тохиолдолд намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ" гэсэн заалт байдаг юм. Хэрэв "Намын дарга нь Ерөнхий сайд байна гээд заачихвал магадгүй Үндсэн хуулийн зөрчил үүснэ.
Сая болсон Бага хурал нь Улс төрийн намын тухай хууль болон намын дүрмийг зөрчсөн зүйл огт байхгүй. Санал хураалтыг нууцаар явуулахаар заасан байдаг. Өрсөлдөгчгүй нэг хүн нэр дэвшсэн ч нууц санал хураалт явуулдаг. Хоёр дахь санал хураалт явуулахын өмнө Бага хурлын гишүүдийг гурван цаг хүлээсэн. Зарим нэг аймгийн Бага хурлын гишүүдийг өрөөнд хорьчхоод гаргахгүй байсан нь үнэн. Дархан, Орхон, Баянзүрх дүүргийнхнийг аваад явчихсан байсан. Манай намын байрны 702 тоот буюу нарийн бичгийн дарга Х.Алтайн өрөөнд бүгдийг нь хорьчхоод гаргахгүй байсан. Бид нар хэд хэдээрээ очсон. Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, О.Саранчулуун гээд олон хүн очиж саналаа өгөхийг шаардсан. Б.Жавхлан сайд тэр хүмүүсийг гаргахгүй байсан. Би харсан. Тэд жаахан хүүхдүүд биш. Эрхзүйн чадвартай Монгол Улсын иргэд. Сүүлийн санал хураалтад зааланд 320 гаруй Бага хурлын гишүүд сууж байсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналыг авсан тохиолдолд гэсэн заалт бий. Оролцсон гэдэг үг нь оролцохгүй ч байсан болно гэдгийг илтгэж байгаа юм.
Бага хурлын үеэр Б.Энхбаяр гишүүнтэй холбоотойгоор олон гишүүн надад шаардлага тавьсан. Өнгөрсөн зургаадугаар сард болсон Бага хурлын үеэр мөн түүнтэй холбоотой шаардлага тавьж байсан юм. Тэр үед нь би хувь хүмүүсийн хооронд асуудал байж магадгүй гээд орхисон. Гэтэл сая "Та тэр үед яагаад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцүүлсэнгүй вэ. Түүнээс чинь болоод өнөөдөр болоогүй зүйлийг болсон мэтээр яриад, гүтгээд байна. Б.Энхбаяр гишүүнд хариуцлага тооцох тухай саналыг манай Бага хурлын 100 гаруй гишүүн гаргаад Хяналтын хороонд өгөхөөр төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл сонссон. Манай Хяналтын ерөнхий хороо 21 гишүүнтэй. 21 хүн хуралдаад хамтын шийдвэр гаргадаг.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Б.Баярбаатар дүрдээ бага орох хэрэгтэй. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн өөр ажил, албан тушаал хавсран эрхэлж болохгүй. Гэтэл энэ хүн өнөөдөр намын Хяналтын хорооны дарга гэсэн орон тооны ажлыг хавсран гүйцэтгэж байгаа. Мөн манай намын дүрэмд "Хяналтын хорооны дарга нь орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалт бий. Би УИХ-ын гишүүнд хөөгдөөд байгаа юм уу, Хяналтын хорооны даргад хөөгдөөд байгаа юм уу.
Намын Их хурлын чөлөөт цагт намын даргын орон гарсан тохиолдолд даргаа шинээр сонгодог. Орон гарна гэдэг нь намын дарга өргөдлөө өгөөд Бага хурал хүлээж авсан шийдвэр гаргахыг хэлж байгаа юм. Гэтэл тийм шийдвэр байхгүй. Өргөдлөө өгөхөд бэлэн байна гэсэн болохоос өргөдлөө өгөөгүй.
Улс төрийн намын тухай хуульд "Намын даргыг намын дүрэмд заасны дагуу сонгоно" гэж заасан байгаа. Журам биш дүрмээр сонгоно гэсэн үг. Намын дүрэм Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа. Түүний дагуу сонгоно гэсэн үг. Гэтэл намын даргыг сонгох журам гаргаад сонгочихсон. Тэр журмаа Бага хурлаараа батлуулаагүй.
УИХ-ын гишүүн, МАН-ын Бага хурлын Тооллогын комиссын дарга Ж.Алдаржавхлан: -Тооллогын комисс төвийн байр суурианаас шударга ажиллах ёстой шүү дээ. 15 хүний бүрэлдэхүүнтэй Тооллогын комисс байгуулсан. Д.Амарбаясгалан даргыг дэмжиж байсан хүмүүс орсон, Г.Занданшатар даргыг дэмжиж байсан хүмүүс ч Тооллогын комисст орсон. Тооллогын комисс журмаа боловсруулаад Бага хурлаар батлуулсан. Бага хурлын гишүүдийг нөхөн томилох санал хураалтад 292 хүн оролцсон. Үүн дээр ямар нэгэн маргаан гараагүй. Дараа нь намын даргыг сонгох санал хураалт явуулах өмнө хэн нэг нь гуравны хоёрын санал аваагүй тохиолдолд хамгийн их санал авсан нэг дээр нь дахин санал хураалт явуулах шийдвэр гаргаад Бага хурлын гишүүдээр батлуулсан. Санал хураалтад 442 хүн оролцсон. Намын даргыг сонгох санал хураалтад өмнөх санал хураалтаас олон хүн ирж оролцсон. 56 хувь нь Д.Амарбаясгаланг, 44 хувь нь Г.Занданшатар даргыг дэмжсэн. Г.Занданшатар дарга "Үүнд итгэхгүй байна. Гараар тоолъё" гэж санал гаргасан. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг Г.Занданшатар даргын энэ үйлдэлд гайхсан. Гараад тоолоход зөрөөгүй. Хоёр дахь шатны санал хураалт явуулах болоход хэсэг хүмүүс хурлаа орхиод гарсан. 321 хүн хоёр дахь шатны санал хураалтад оролцсон. 85.97 хувь нь Д.Амарбаясгалан даргыг дэмжсэн.