
Ламин Ямалийн Барселон хот дахь гэрт баг зүүсэн зэвсэгт этгээдүүд нэвтрэхийг завдсан хэрэг гарчээ.
Хэрэг Испанийн шигшээ баг Францыг 2:0-ээр хожиж, шигшээ тоглолтод шалгарснаас хэдхэн цагийн дараа буюу лхагва гаргийн өглөө эрт гарсан байна.
Барселоны захын дүүрэг болох Эсплугес де Льобрегат дахь Ямалийн харш руу баг өмссөн хоёр этгээд хашааг нь даван нэвтэрчээ. Гэвч тус хувийн эзэмшлийн харуул хамгаалалтын ажилтнууд тэднийг илрүүлж, дотогш нэвтрэхээс нь өмнө таслан зогсоож чадсан тул халдагчид зугтсан байна.
Халдлагад өртөх дөхсөн тус харш нь орон нутагтаа нэлээд алдартай бөгөөд өмнө нь Барселонагийн домогт хамгаалагч Жерар Пике болон Колумбын нэрт дуучин Шакира нарын эзэмшиж байсан орон сууц аж.
Энэ жил 19 настай Ламин Ямаль нь АНУ-д үргэлжилж буй ДАШТ-д гайхалтай тоглолт үзүүлж, шигшээ багаа финалд шалгарахад гол үүрэг гүйцэтгээд байгаа билээ. Испанийн шигшээ баг ирэх ням гарагт ДАШТ-ий алтан медалийн төлөө Аргентины шигшээ багтай тулахаар бэлтгэж байна.