
Өчигдөр орсон дуу, цахилгаантай борооноор зарим байршил усанд автаж, үерийн хамгаалалтын далан усанд автжээ.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “ГУББГ өглөө 06:00 цагаас эхлээд Бөмбөгөрийн далан хальж гарсан хэсэгт ажиллаж байна. Нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй баг, гурван том оврын тоног төхөөрөмжтэй ажиллаж, 40 тонн элсийг шуудайлж, хаалт хийн хальж гарсан хэсгийг тогтоон барилаа. Одоо хоёр усны машин, ТҮК, ГУББГ-ын ажилчид үерийн дараах ариутгал, цэвэрлэгээг хийж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва" Нийслэлийн онцгой комиссыг хуралдуулан бүх байршилд шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрэн гарган ажиллана. Мөн хуримтлагдсан усыг яаралтай соруулж ариутгал, цэвэрлэгээ хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо" гэв.
Өнөөдөр өглөөний 06:50 цагийн байдлаар нийслэл хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай, барилгын зоорийн давхар руу ус орсон 13 удаагийн дуудлага, мэдээлэл ирсэн. Улмаар дуудлагын дагуу алба хаагчид тухайн газруудад очиж, нөхцөл байдалтай танилцан ажиллаж байгаа талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.
