
АНУ-ын бэлгийн хүчирхийллийн хэрэгтэн Жеффри Эпштейнтэй холбоотой 3.5 сая хуудас хууль сахиулах байгууллагын баримтыг хадгалсан “номын сан” нь хохирогчдод хариуцлага тооцуулах зорилготой ажиллаж байна.
Эпштейний 2019 онд нас барсан Манхэттэний шоронгоос нэг милийн зайд орших Трибека дүүргийн 101 Рийд гудамж дахь энгийн нэгэн галерей түүний олон хэргийн физик архив болон хувирчээ.
АНУ-ын Дээд шүүхээс нийтэлсэн 3.5 сая гаруй хуудас хууль сахиулах байгууллагын баримтыг хэвлэж, хавтаслан, 3437 ботид эмхэтгэн өрөөний шалнаас тааз хүртэл өрсөн байна.
“The Donald J Trump and Jeffrey Epstein Memorial Reading Room” нэртэй энэхүү үзэсгэлэнг ил тод байдал болон авлигын эсрэг санаачилгад төвлөрдөг гэж өөрсдийгөө тодорхойлдог Institute for Primary Facts зохион байгуулжээ.
Эпштейн 2019 оны долдугаар сард хүний наймааны хэргээр баривчлагдсан бөгөөд сарын дараа Нью-Йорк дахь шоронгийн өрөөндөө амиа хорлосон. Ингэснээр олон хохирогч шүүхээр шударга ёс тогтоолгох боломжгүй болсон юм.
“Уншлагын өрөө” нь шүүхэд хэзээ ч очоогүй Эпштейнтэй холбоотой олон хэргийг ил гаргах оролдлого болж байна.
Тавиуруудад:
Хоёр долоо хоногийн өмнө нээгдсэнээс хойш уг галерейд Эпштейнтэй холбоотой хүчирхийллийн хохирогчид зэрэг олон хүн тогтмол ирэх болсон байна.
17 настайдаа Эпштейнд хүчирхийлүүлж байсан Лара Блүм МакЖи өнгөрсөн долоо хоногт уг уншлагын өрөөг зорьжээ.
Тэр Al Jazeera-д “Трамп- Эпштейний уншлагын өрөөнөөс би маш хүчтэй мэдрэмжийг авсан. Бидний амьдрал хангалттай үнэ цэнтэй байсан учраас цуглуулж, ангилж, эцэст нь олон нийтэд харуулсан юм байна гэдгийг мэдэрсэн” гэж ярьжээ.
Тэр өрөөнд орсон мэдрэмжээ “цаасан хот” руу алхаж байгаа мэт байсан гэж тодорхойлсон бөгөөд 3.5 сая хуудас баримт түүнд “биеэрээ цохиулсан мэт” мэдрэмж төрүүлсэн гэжээ.
Харин хамгийн тод санагдсан зүйл нь нам гүм байдал байсан аж.
“Тэр нам гүм байдал дурсамжаар дүүрэн байсан. Эгнээ дараалсан боть бүр нь нэг амьдрал, нэг нэр, 1996 онд ХМТ-д мэдээлэгдсэн үед АНУ-ын засгийн газар арга хэмжээ авсан бол хэзээ ч болох ёсгүй байсан нэг өдөр байлаа” гэж тэр хэлсэн байна.
Архивын асар том хэмжээг санаатайгаар ийм байдлаар бүтээсэн гэдгээ зохион байгуулагчид тайлбарлажээ. Баримтуудыг биет хэлбэрээр харах нь зөвхөн Эпштейний гэмт хэргийн цар хүрээг бус, мөн түүнд өртсөн хүмүүсийн тоог ойлгуулах зорилготой аж.
Эпштейний хүчирхийллийн сүлжээтэй холбоотойгоор мянга мянган хохирогч тогтоогдсон байдаг. Хамгийн олонд танигдсан амьд үлдсэн хүмүүсийн нэг Виржиниа Жиуффрэ 2025 оны дөрөвдүгээр сард амиа хорлон нас баржээ.
Үзэсгэлэнгийн үүсгэн байгуулагчдын нэг Дэвид Гарретт төслийг анхнаасаа хохирогчид болон амьд үлдсэн хүмүүст төвлөрүүлсэн гэжээ. “Бид юу юунаас илүү хохирогчид болон амьд үлдсэн хүмүүсийг төвд нь тавьсан. Хамгийн чухал зүйл бол ил тод байдал болон хариуцлага” гэж Гаррет хэлсэн байна.
Түүний тайлбарласнаар энэхүү үзэсгэлэн нь авлига болон институцийн бүтэлгүйтлийн талаар олон нийтийн дарамт бий болгох зорилготой “бодит амьдрал дээрх pop-up музей”-н санаачилгын нэг хэсэг аж.
“Бидний зорилго бол Конгресс болон Хууль зүйн яаманд бодит, бүрэн ил тод байдлыг шаардах олон нийтийн уур бухимдлыг хэрхэн бий болгох вэ гэдэгт оршиж байна. Ингэснээр эцэстээ хариуцлага тооцох боломж бүрдэнэ гэж найдаж байна” гэж тэр хэлжээ.
Архивыг бүрдүүлэх үйл явц өөрөө ч эмх замбараагүй байсан байна. Гарретын хэлснээр зохион байгуулагчид гуравдугаар сард Хууль зүйн яамнаас файлуудыг татаж авахдаа хохирогчдын мэдээллийг нууцалсан гэж боджээ. Гэвч бүх материалыг хэвлэсний дараа олон хохирогчийн нэр ил харагдаж байгааг олж мэдсэн байна.
“Хууль зүйн яам нэрсийг үнэхээр нууцлахын оронд хайлтын системээ өөрчилсөн бололтой. Хохирогчдын нэрс нээлттэй үлдсэн мөртлөө гэрч болон хамсаатнуудын нэрсийг нуусан байсан. Тэд илтэд хууль зөрчсөн” гэж Гаррет хэлжээ.
Мөн үзэсгэлэн гаргах газар олох ч хүндрэлтэй байсан аж. Эхэндээ зөвшөөрсөн хэд хэдэн газар маргаан, дарамтаас эмээн татгалзсан бөгөөд Трибекагийн энэ галерей нь зохион байгуулагчдын хандсан тав дахь газар болжээ.
Эдгээр хүндрэлтэй тулгарсан ч хохирогчид болон өмгөөлөгчид төслийг хурдан дэмжсэн байна.
Мягмар гарагт галерейд хохирогчид, өмгөөлөгчид болон дэмжигчдийн оролцоотой 24 цагийн шууд уншлага зохион байгуулагджээ.
Галерейн турш зочид цэцэг, гараар бичсэн тэмдэглэл, уй гашуу болон уур бухимдлын зурвасууд үлдээсэн байна.
Гаррет нэгэн эмэгтэй олон цаг чимээгүй алхсаны дараа өөрийгөө бэлгийн хүчирхийллийн хохирогч байсан гэж хэлсэн тухай дурсжээ.
Гэвч тэр зөвхөн баримтжуулалт шударга ёс биш гэдгийг анхааруулсан байна.
“Энэ үзэсгэлэн маш их найдвар төрүүлж байна. Учир нь одоо баримтыг үгүйсгэх аргагүй болсон. Эцэст нь баримтжуулалт, харагдах байдал, нотолгоо бий боллоо. Гэхдээ эдгээр файлууд системийн бүтэлгүйтлийг ч харуулж байна. Хэд хэдэн хаалга хаалттай үлдсэн, хэдэн хүн шалгалтаас мултарсан бэ гэдгийг ч мөн адил” гэж Блүм МакЖи хэлжээ.
“Үр дагаваргүй харагдах байдал нь зөвхөн шархыг уртасгана. Бидэнд ширээн дээрх файлууд болон засгийн газрын үйлдэл болох мөрдөн шалгах, яллах, шинэчлэх үйлдэл хоёулаа хэрэгтэй. Ингэж байж “эцэст нь харагдсан” гэдэг нь “эцэст нь аюулгүй болсон” гэсэн утгатай болно” гэж тэр нэмж хэлсэн байна.