
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээний явцын талаар ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон танилцууллаа. Одоогоор “Энержи Ресурс”, “Хангад Эксплорэйшн”, “Өсөх зоос”, “Ачит Ихт” ХХК-тай зарчмын түвшинд тохиролцоонд хүрч төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн эдгээр ордын 34 хувийг төр эзэмших хэлцэлд хүрчээ.
Мөн Үндэсний баялгийн сан арвижин оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөг болно гэв. Хуримтлалын санд төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгийн орлогоос 2025 онд 507.1 тэрбум, мөн оны хөрөнгө оруулалтын хүүгийн орлогоос 68.5 тэрбумыг төвлөрүүлснийг иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд тэгш хуваарилан бүртгэсэн. Нэрийн дансны хуримтлал одоо 306.1 мянган төгрөг байгаа юм.