Герман улсад болж буй дэлхийн оюутны зуны “Универсиад” XXXII наадмын Монголын багийн медалийн буухиаг жүдо бөхийн тамирчин Т.Түмэнжаргал эхлүүллээ.
“Рейн-Рур 2025” наадмын жүдо бөхийн тэмцээн өчигдөр эхэлсэн. Тэмцээний эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын багийн энэ наадмын эхний медаль юм.
Т.Түмэнжаргал жиндээ шилдэг наймд үлдэж, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Унгарын тамирчин Давид Нажиг ялж, Универсиад наадмын медальтан боллоо. Энэ жинд Японы тамирчин Яамато Фукуда аварга болсон бол Испанийн жүдоч Луис Барросо Лопез мөнгөн медаль, Казахстаны Аман Бакутзан хоёр дахь хүрэл медалийн эзэн болж, медалийн тавцанд зогслоо.
Монголын багийн жүдо бөхийн тэмцээн өнөөдөр үргэлжлэн явагдана. 113 орны баг тамирчид оролцож буй “Универсиад” XXXII наадмыг АНУ баг итгэл төгс тэргүүлсэн хэвээр байгаа бол БНХАУ, БНСУ, Япон, Итали, Германы багууд удаалж байна. Монголын нэг хүрэл медальтайгаар жагсаалтад бичигдэж эхэлсэн ба 45 орны тамирчид медаль хүртээд байна.
Герман улсын Рейн-Рур мужийн хотуудад болж буй дэлхийн оюутан залуусын “Универсиад” XXXII наадам долоодугаар сарын 27-д өндөрлөнө.

