
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан олгодог төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Монгол Улсын Шинжлэх ухааны академид хүртээлээ. Монгол Улсын Шинжлэх ухааны академид Монголчуудын эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж, эрдэмтэн мэргэдээ хүндэтгэн ирсэн түүхэн уламжлалыг орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоотой холбон хөгжүүлж, үндэсний эрдэм судлалын чадавхыг төлөвшүүлэн, эх хэл, түүх, соёлын өвийг судлан шинжилж, олон улсад сурталчлан таниулж, эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь ийнхүү үнэлж уг шагналыг өгсөн юм.
Ийнхүү Монгол Улсын Шинжлэх ухааны академи нь “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэх 20 дахь шагналтан болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулж хэлсэн үгэндээ "Монголчууд бид төр улсаа цогцлоон бадраасан хөлгөн их түүхийнхээ бүхий л цаг үед эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж, зон олныхоо оюуны сор, ухааны жигүүр болсон эрдэмтэн мэргэдээ түшиглэж ирсэн түүхэн уламжлалтай.
Хорьдугаар зууны түүх бол боловсрол, шинжлэх ухаан, технологийг улсын хөгжлийн тэргүүлэх хүчин зүйл болгон орчин цагийн шинжлэх ухааны олон салбарыг үүсгэн хөгжүүлж, хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлэн алхсан хөгжил дэвшлийн он жилүүд байсан юм.
Чухам энэ л зуунд Монгол Улс бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгаж, түүх, хэл, соёл, байгаль, газар зүй, экологийн онцлогийг шинжлэн судалж, эх орныхоо нөөц баялгийн хэр хэмжээ, ашиглалтын арга замыг оношлон тодорхойлж, хүн зоныхоо эрүүл мэндийг хамгаалах, мал сүргийнхээ үүлдэр, угсааг сайжруулах, өвчин эмгэгийг оношлох, байгалийн болон таримал ургамлыг судлан шинжилж, газар тариаланг хөгжүүлэн шинэ сорт бий болгох тэргүүтэй түүхэн дэвшилд хүрч, монгол хүн сансарт нисэн сансар судлалыг хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт өөрийн байр сууриа бодитойгоор эзэлж чадсан билээ.
Өнгөрсөн зуу гаруй жилийн хугацаанд үндэсний эрдэм судлалын залгамж чанарыг хадгалж, орчин цагийн олон салбар бүхий шинжлэх ухааны тогтолцоог бүрдүүлэхэд Монгол Улсын Шинжлэх ухааны академи голлох үүрэг гүйцэтгэж ирснийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Эрдэм судлалын төв байгууллага болох Судар бичгийн хүрээлэн 1921 онд байгуулагдсан нь үндэсний шинжлэх ухааны байгууллагын эх суурь болсон бөгөөд тус байгууллага нь 1931 онд Шинжлэх ухааны хүрээлэн, 1957 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн болон өргөжиж, улмаар 1961 онд БНМАУ-ын Шинжлэх ухааны академи, 1992 оноос Монгол Улсын Шинжлэх ухааны академи нэртэйгээр эх орныхоо эрдэм судлалын үйл хэргийг удирдан зохион байгуулж иржээ.
Шинжлэх ухааны академи байгуулагдсанаар түүх, хэл бичиг, утга зохиол, эдийн засаг, байгалийн ухааны судалгаа өргөжин хөгжиж, хөдөө аж ахуй, анагаах ухааны байгууллагуудын судалгааны чадавх бэхжин, байгаль, техникийн ухааны хүрээлэнгүүд шинээр байгуулагдаж, суурь болон хэрэглээний судалгааг уялдуулан хөгжүүлж, улмаар үндэсний судлаачдыг бэлтгэх, эрдэм шинжилгээний хамтлагийг төлөвшүүлэх, олон улсын хамтарсан судалгаа явуулах ажил тогтмолжсон нь дараа үеийн ололт амжилтын үндэс суурь болсон билээ.
Мөн Шинжлэх ухааны академи нь олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг Улаанбаатар хотноо тогтмол зохион байгуулж, өрнө, дорнын судлаачидтай хамтран ажилласнаар Монгол Улс монгол судлалын олон улсын хамтын ажиллагааны тулгуур төв болон хөгжиж, монгол үндэстний түүх, хэл, соёлын өвийг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлан таниулах, үндэсний ой санамжийг хадгалах, дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм.
Түүнчлэн Монгол нутагт 800 мянган жилийн өмнө эртний хүн амьдарч эхэлснийг тодорхойлон, Монгол угсаатан хүрэл зэвсгийн хожуу үед бүрэлдсэнийг тогтоож, нүүдэлчдийн амьтны загварт урлаг Монголоос үүсэлтэйг баримтаар нотолж, Хүннү, Жужан, Уйгар, Түрэгийн хаант улсын үеийн хот балгад, Чингис хааны анхны нийслэл “Аураг балгас”, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум зэрэг эртний хотуудын судалгааг шинэ шатанд гаргаж, түүх, соёлын 100 гаруй мянган дурсгалт газруудын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн эх орныхоо түүхийн дурсгалт газруудыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн соёлын өвийн жагсаалт”-д бүртгүүлж, эх түүхийн үзэсгэлэнгүүдээ гадаад улс орнуудад тогтмол дэлгэн олон улсад сурталчлан таниулж байгааг онцлон тэмдэглэж байна.
Монголын эрдэмтэн судлаачид олон улсын мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтран судалгаа шинжилгээний олон хээрийн судалгааны ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэж ирсэн бөгөөд олон улсын энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид монголын геологи, палеонтологи, геофизик, биологи, эртний түүхийн талаар эрдэм шинжилгээний ховор үнэт олдворыг сурвалжлан цуглуулж, шинжлэн судалж, онол практикийн үлэмж ач холбогдолтой шинэ дүгнэлт, таамаглал, тодорхойлолтыг дэвшүүлэн гаргаж, олон арван хамтын болон нэг сэдэвт бүтээлийг туурвин газрын зураг, карт зохиож, Дэлхийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан юм.
Мөн Монгол Улс 1970-аад оны эхээр олон улсын Интеркосмос, Интерспутник байгууллагын гишүүн болсноор сансар судлалын эхлэл тавигдан, 1981 онд монгол хүн сансарт ниссэн нь манай улсын бахдам амжилт, шинжлэх ухааны академийн түүхэн гавьяа билээ.
Өдгөө Шинжлэх ухааны академи нь 35 улсын 150 гаруй шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж, үндэсний судалгааг олон улсын эрдэм шинжилгээний орон зайтай холбож, хамтарсан судалгаа, эрдэмтдийн солилцоо, олон улсын хэвлэлд нийтэлсэн бүтээлүүд нь Монгол орны талаарх мэдлэгийг баяжуулахын зэрэгцээ үндэсний судлаачдын чадавхыг бэхжүүлж, Монголын шинжлэх ухааны салбарын нэр хүндийг өргөхөд бодит хувь нэмэр оруулсаар байна.
Тус байгууллагын байгалийн ухааны салбарын эрдэмтэд эх орныхоо ургамал, амьтан, эрдсийн гаралтай түүхий эд, тэдгээрийг боловсруулах технологийн онолын болон хэрэглээний судалгааг гүйцэтгэсний үр дүнд 300 гаруй үндэсний болон олон улсын оюуны өмчийг батлуулж, 500 гаруй технологийн заавар, техник эдийн засгийн үндэслэл боловсруулан, 150 гаруй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.
Мөн Монгол орны биологийн олон янз байдал, амьтан, ургамлын экосистем, бичил биетний биологи, экологи, генетик зүй тогтлыг судлан биологийн нөөц, баялгийг хамгаалах, тогтвортой ашиглах үндэслэлийг боловсруулж, амьтны аймгийн ангилал зүй, экологи, биологи, генетикийн судалгааны мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн 200 гаруй байгалийн шинэ нэгдэл, 70 орчим зүйл ургамлыг анх олж нээн дэлхийн мэдлэгийн санд бүртгүүлэхийн зэрэгцээ ховор, нэн ховор эмийн ургамлын генофондыг хадгалах, нөөцийг нэмэгдүүлэх талаар үр дүнтэй ажиллаж байна.
Түүнчлэн Монгол орны эртний тэнгис, нуур ус, эх газрын хурдас чулуулагт хадгалагдаж үлдсэн амьтан, ургамлыг олж илрүүлэх, удам төрлийн холбоо харьцааг нарийвчлан гаргах, олон улсын түвшинд баталгаажуулах, эртний уур амьсгал, орчныг судлах, биодавхаргазүйн нэгжүүдийг тодорхойлох, эртний амьтан ургамлын судалгааны анхдагч болон харьцуулах жишиг цуглуулгын сан хөмрөгийг бүрдүүлэн баяжуулснаар манай улсын палеонтологийн судалгаа нь дэлхийд дээгүүр байранд үнэлэгдэх боллоо.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Шинжлэх ухааны академийн 16 эрдэм шинжилгээний хүрээлэнд 50 гаруй шинжлэх ухааны доктор, 280 гаруй докторын зэрэгтэй эрдэмтэн судлаачид ажиллан, олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлүүдэд 3800 гаруй өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд тэдгээрээс 90 мянга гаруй эшлэл хийгдээд байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Үндэсний шинжлэх ухааны энэхүү их өвийг академич Б.Ширэндэв, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен тэргүүтэй Монголын суут эрдэмтэд, тэдний халааг залгамжилсан үе үеийн олон мянган судлаачид хамтран бүтээсэн билээ.
“Эрдэмт хүн улсын чимэг, зүтгэлт хүн төрийн чимэг” гэсэн ардын сайхан сургаал үг бий.
Эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдэлж, эрдэмтэн мэргэдийнхээ сэцэн ухааныг өнөд түшиж, монгол түмний минь билиг оюун мохошгүй хурц, мөхөшгүй бат байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье" гэв.