Монгол Улсад гарч буй гэмт хэргийн энэ оны эхний хагас жилд 26,7 мянга болж, өмнөх оны мөн үеэс 6,2 /30,2 хувь/ мянгаар өсжээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн өмнөх оны мөн үеэс өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4541 /30,7 хувь/ болтол өссөн үзүүлэлт гарчээ. Мөн тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 954/75,8 хувь/-өөр өссөн болохыг статистикийн хорооны мэдээлэлд дурджээ.
МАНСУУРСАН ҮЕДЭЭ ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРЭГ 113 БОЛЖ БУУРЧЭЭ
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2025 оны эхний хагаст 6278 зөрчил бүртгэгдсэний 3878 /61,8 хувь/ зөрчлийг шалган шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн зөрчил өмнөх оны мөн үеэс 344 /5,2 хувь/, шийдвэрлэсэн гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 1288 /24,9 хувь/-аар тус тус буурсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн маргаанаас болж хосууд салах тохиолдол их боллоо. Тэр дундаа салах явцад олон талын мэдээллээр хангахыг хуулийнхан тайлбарласаар байна. Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2025 оны эхний хагас жилд 3520 болж, өмнөх оны мөн үеэс 281 /8,7 хувь/-ээр өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 834 болж, мансуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэг 113 болж, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 2396, хүүхэд оролцсон гэмт хэрэг 497 болж, 91/15,5 хувь/-ээр тус тус буурсан байна.
2025 ОНЫ ХАГАС ЖИЛД 5680 ХҮН ГЭМТЭЖ, 567 ХҮН НАС БАРЖЭЭ
Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2025 оны эхний хагас жилд 24,6 мянга болж, 1409 /5,7 хувь/ нь 18 хүртэлх насны хүүхэд, 11 341 /46,1 хувь/ нь эмэгтэйчүүд байна. Энэ оны эхний хагас жилд 5680 хүн гэмтэж, 567 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 431 /8,2 хувь/-аар, нас барсан хүн 89/18,6 хувь/-өөр өсжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2025 оны эхний хагас жилд 319 авлигын эсрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 57/15,2 хувь/-гоор буурсан байна. Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 43/14,5 хувь/-аар, хахууль авах гэмт хэрэг 21 /38,9 хувь/-ээр буурсан нь гол нөлөө үзүүлжээ.
Гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчдын тоо 2025 оны эхний хагас жилд 11798 болж, өмнөх оны мөн үеэс 1362-оор өссөн үзүүлэлт гарчээ. Нийт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн 689 нь 18 хүртэлх насны хүүхэд, 1325 нь эмэгтэйчүүд байна.
СОГТУУРАХ ҮЕДЭЭ НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ
Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлт гарсан нь нийгэмд үзүүлж буй хохирол буурахгүй хэвээр байна. Баяр наадмын үеэр олон хоног амрах, мөн согтуурсан үедээ бие биедээ агсаж эцэстээ нэг нэгнийхээ аминд хүрэх харамсалтай хэрэг ойрхон бүртгэгдлээ. Хамгийн сүүлийн жишээгээр, энэ сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт хоёр эрэгтэй архидан согтуурах үедээ маргалдаж, нэгнийхээ хүзүүн тус газар хутгалан амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг бүртгэгдлээ. Тус сумын түүхт 100 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр энэхүү харамсалтай хэрэг гарчээ.