
Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын замаар машинтайгаа явахад замын цагдаатай тааралдах нь ховор.
Торгууль ногдуулах ажлыг ч цагдаа хийдэггүй. Харин уулзвар, замын хажууд байрласан хиймэл оюун ухаанд суурилсан камерууд л тэр бүх ажлыг нугална. Осол гарсан ч, гэрлэн дохио эвдэрсэн ч бүх зохицуулалт алсын хяналтаар, системийн дагуу явагдана.
Тэгвэл энэ оны эхнээс Монгол Улс ч дэлхийн жишигт шилжиж, хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системээр замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлж, торгууль ногдуулж эхлэв. Гэвч дэд бүтэц нь дэлхийн жишгээс дэндүү хол, хот төлөвлөлт муутай манай нийслэлд ийм шийдвэр хэрэгжүүлэх нь үнэхээр оновчтой, голч алхам мөн үү.
2024, 2025 онд нийслэлийн төсвөөс Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт нийт 1606 ширхэг хиймэл оюун ухаанд суурилсан AI камер суурилуулж, туршилтын ажиллагааг эхлүүлсэн. Эдгээр камер нь замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох боломжтой. Тухайлбал, тээврийн хэрэгслийн улсын дугаар, хуурамч бүртгэлийн дугаар ашиглах, агшин зуурын хурд, үргэлжилсэн цагаан шугам давж эргэх, хамгаалах бүс, гэрэл дохио зөрчсөн, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогссон зэрэгт зөрчил илрүүлэх аж. Мөн тээврийн хэрэгслийн татвар, даатгал төлөөгүй, явган хүний зам буюу ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг байршуулсан зэрэг зөрчлүүдэд торгууль ногдуулна.
Гэтэл өнөөгийн хотын нөхцөлд дүрэм журмаа ягштал баримтлан зорчих нь жолооч нарт дэндүү төвөгтэй байгааг үгүйсгэх аргагүй. Зөвхөн зогсоолын асуудал дээр л гэхэд хотын төвд зогсоол хайхад нэг жолооч дунджаар 26 минут зарцуулдаг гэх судалгаа бий. Харин нийслэлийн хэмжээнд зогсоолын хүртээмжийг бодитоор сайжруулахын тулд дор хаяж 119 мянга гаруй зогсоол шинээр шаардлагатай аж. Гэтэл автомашины тоо жил ирэх тусам нэмэгдсээр л байна.
2024 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсад нийт 1.3 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 59.5 хувь нь Улаанбаатар хотод зорчиж байгааг тогтоосон. Сүүлийн 10 жилд тээврийн хэрэгсэл хоёр дахин, үүнээс Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 93 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Жилд дунджаар 36 мянган тээврийн хэрэгсэл нийслэлд бүртгэгдэж байгааг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын судалгаа, шинжилгээ хөгжүүлэлтийн албанаас гаргажээ.
Гэтэл энэ хугацаанд замын сүлжээ, зогсоол, дэд бүтэц дорвитой өргөтгөл хийгдээгүй. Үр дүнд нь түгжрэл дээд цэгтээ хүрч, эдийн засаг болон иргэдийн өдөр тутмын амьдралд ноцтой хохирол учруулсаар байна. Эрх баригч нар үүнийг шийдэхийн оронд дэд бүтцээ шийдчихсэн олон улсын туршлагыг Монгол Улсад бүдүүлгээр хуулбарлан хэрэгжүүлэх гэж байгаа нь шудрага бус.
УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд асан Ж.Батсуурь
Бид хотоо төлөвлөхгүйгээр, судлахгүйгээр хаана зайтай байна тэр газар нь очиж барилга бариад яваад байсан. Үр дүнд нь түгжрэлээ дийлэхгүй, хүнд ээлгүй хот болсон. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам байгуулагдаад удаагүй байна. Бид бодлогоо нэгтгэхийн тулд НҮБ, ДЭМБ гээд олон улсын туршлагыг судлах хэрэгтэй.
Хотын буруу төлөвлөлт, стандарт мөрдөөгүй барилгажилт олон жилийн турш үргэлжилсний улмаас өнөөдөр иргэд машинтайгаа тухтай зорчих нь бүү хэл, машинаа хаана тавих вэ гэдэг асуулттай өдөр бүр тулгарч байна.
Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний зохион байгуулалтын инженер асан П.Цэвэгмид
Замын хөдөлгөөний зохион байгуулалтаа боловсронгуй болгоогүй, бэлтгэлээ хангаагүй байж дэлхийн жишиг ярьж болохгүй. Дугаарын хязгаарлалт, нэгдүгээр эгнээ зэрэг олон зохицуулалтаар жолоочийг торгож байна. Энэ бол социализмын үеийн тулган яллахтай адил шударга бусаар торгож буй хэлбэр. Хэрэв иргэдэд үүрэг хариуцлага оногдуулах гэж байгаа бол төр өөрөө эхлээд хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Камер тавьсныгаа шийдэл олсон гэж ойлгож байгаа бол манай хотын хөгжил дэндүү хол байна гэсэн үг.
Гэвч ийм суурь асуудлыг шийдвэрлэхийн оронд хотын захиргаа илүү олон зөрчил илрүүлэх, иргэдэд торгууль ноогдуулах тогтолцоог хөгжүүлэхэд анхаарч байна.
Энэ хүрээнд нэгдүгээр сарын 1-нээс Al буюу хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлсэн зөрчлийн мэдээллийг линк буюу нотлох баримттайгаар иргэдэд илгээж, торгууль ногдуулж буй. Ингэхдээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулиа 14 хоногийн дотор төлбөл 50 хувь хөнгөлнө. Харин торгуулиа төлөхгүй 14 хоногоос хэтэрвэл сар бүр 10 хувиар нэмэгдүүлэх зохицуулалттай гэж албаныхан мэдээлээд буй.
Замын хөдөлгөөний зөрчлийг технологиор илрүүлэх олон улсад хэрэгждэг шийдэл ч үүнийг хотын бодит нөхцөл, иргэдийн өдөр тутмын амьдралтай уялдуулахгүйгээр хэрэгжүүлбэл технологи нь зохицуулалт бус, дарангуйллын хэрэгсэл болон хувирах эрсдэлтэй. Өнөөдөр Улаанбаатар хотын нөхцөлд AI камерууд түгжрэлийг бууруулах бус торгуулийн орлогыг нэмэгдүүлэх механизм болж хувираад буй.
Хотын замын сүлжээ аль хэдийнэ ачааллаа дийлэхээ больсон. Нийтийн тээвэр нь хүртээмжгүй, найдвартай бус хэвээр. Улмаар зогсоолын хүртээмжгүй байдлаас иргэд дүрэм зөрчихөөс өөр сонголтгүй нөхцөлд хүрээд буй. Ийм орчинд жолооч нарыг “дүрэм мөрдөөгүй” хэмээн торгох нь асуудлын шалтгаантай бус, зөвхөн үр дагавартай нь тэмцэж буй хэлбэр юм.
Азийн хөгжлийн банкны хот төлөвлөлтийн багийн ахлах мэргэжилтэн асан Арнауд Хэкманн
Дэд бүтэц байхгүй бол гэр хорооллын тогтвортой хөгжил гэж байхгүй, хүн амын нэгдэл үүсэхгүй, хот болон хотын захын гэр хорооллын ялгаа асар их гарч байгаль орчны болон бохирдлын асуудлуудыг дагуулж нийгмийн бухимдлыг үүсгэнэ. Одоогийн байгаа дүр зураг бол үйлчилгээ болон албан байгууллагууд хотын төвдөө төвлөрч ажлын байруудыг үүсгэсэн байна, захын хорооллуудад үйлчилгээ байхгүй байна. Иймээс хотын төвд төвлөрөл үүсэж захын хорооллоор үйлчилгээ болон боломжууд дутагдаж байна.
Угтаа энэ асуудлыг шийдэх жинхэнэ гарц нь иргэдийг торгох биш, дүрэм мөрдөх боломжийг бодитоор бүрдүүлэх явдал юм. Зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн хүчин чадал, хурдыг сайжруулах, хотын төв рүү чиглэсэн автомашины урсгалыг шат дараатайгаар зохицуулах зэрэг дэд бүтцийн болон төлөвлөлтийн бодлого нэн түрүүнд хэрэгжих ёстой юм.
Олон улсад үүнийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байж технологийн шийдлийг нэвтрүүлсэн байдаг. Жишээ нь, Сингапур автомашины тоог хязгаарлах бодлогоо торгуулиас эхлүүлээгүй. Харин нийтийн тээврээ өндөр давтамжтай, найдвартай болгож, зогсоолын бодлогоо зах зээлийн зарчмаар шийдсэний дараа хотын төвд автомашин нэвтрэх төлбөр (congestion pricing) нэвтрүүлсэн байдаг. Ингэснээр иргэдэд “машин унахгүй байх бодит сонголт” бий болгосон.
Мөн Лондон хотод AI камер, автомат торгуулийн системийг хотын төвийн түгжрэлийг бууруулах зорилгоор ашигладаг ч үүнээс олсон орлогыг хуульд зааснаар нийтийн тээвэр, дугуйн зам, явган хүний дэд бүтцэд буцаан зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, торгууль нь шийтгэл бус, бодлогын нэг хэрэгсэл болж ажилладаг гэсэн үг. Харин Сөүл хот түгжрэлд торгууль нэмэхээс илүүтэй хотын төв дэх авто замыг бууруулж, нийтийн тээврийн эгнээ, явган замын орчныг сайжруулсан. Үүний үр дүнд автомашины хэрэглээ аяндаа буурч, түгжрэл ч мэдэгдэхүйц багассан байдаг. Харин камер, хяналтын системийг энэ бүх суурь өөрчлөлтийн дараа нэвтрүүлсэн байдаг.
Ийнхүү дэлхийн ихэнх хот эхлээд дэд бүтцээ шийдээд, дараа нь торгуулийн системийг хэрэгжүүлсэн байдаг. Харин манайд энэ дараалал эсрэгээрээ хэрэгжиж буй.