
Томуугийн эсрэг дархлаажуулалт өчигдөр эхэлсэн. Дархлаажуулалтад зорилтот бүлгийн иргэдийг бүрэн хамруулснаар томуугийн халдвараас үүдэх эрсдэлийг 75 хүртэлх хувиар бууруулах боломжтой аж.
Өнгөрсөн жил нийслэлд 146 мянган иргэнийг вакцинд хамруулж, томуугаар өвдөх эрсдэлийг 13 хувиар бууруулжээ. Энэ жил томуугаар өвдөх өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн иргэд буюу 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй 293,619 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөж буй.
Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд томуугийн 106 912 тохиолдол бүртгэгдсэний 50 хүртэлх хувийг 0-6 насны хүүхдүүд эзэлсэн. Нийслэлд энэ насны 230 орчим мянган хүүхэд амьдардаг бөгөөд тэдний 210 мянга буюу 80-аас дээш хувийг томуугийн вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Томуугийн улирлын идэвхжил аравдугаар сарын дунд үеэс нэмэгддэг. Тиймээс өвчлөл эрчимжихээс өмнө иргэдийг вакцинжуулалтад хамруулахыг зорьж байна. Вакцин хийлгэснээс хойш 10-14 хоногийн хугацаанд дархлаа тогтож, томуугийн халдвараас сэргийлэх хамгаалалт үүсдэг. Иргэд өөрт хамгийн ойр өрхийн эмнэлэг болон эрүүл мэндийн төвд хандаж, томуугийн вакцинд хамрагдах боломжтой” гэв.